Тус хоол нь амт чанар сайтайн дээр хийхэд хялбар бөгөөд цаг хэмнэх тул таны номер нэг сонголт байх нь гарцаагүй. Үүнийг бэлтгэхэд зөгийн балны соус хэрэг болох бөгөөд энэ нь махыг илүү чихэрлэг болоод амттай болгох юм.
Доорх орц нь 4-5 хүнд зориулагдсан тул та гэр бүлийнхэн болон найз нөхдөө дайлах боломжтой. Тус хоолыг бэлтгэхэд 30-хан минут зарцуулагдана. Ингээд хоолныхоо жортой танилцъя.
Орц:
- Тахиа шарахад
- Тахианы гуя- 500 гр (1.2 см хэмжээтэй жижиглэн хэрчсэн)
- Давс- тал халбага
- Гүнжидийн тос- 2 халбага
- Гүнжидийн үр- 1 халбага
- Шар буурцагны соус- 2 халбага
- Гурил- тал аяга
- Ургамлын тос
- Соус бэлтгэх
- “Shaoshing” Хятад дарс- 1 халбага
- Тахианы тунгалаг шөл- аяганы дөрөвний гурав
- Цагаан будааны дарс- 1 халбага
- Зөгийн бал- 3 халбага
- Шар буурцагны цуу- 1 халбага
- Гүнжидийн тос- 2 халбага
- Эрдэнэшишийн цардуул- 1 халбага
- Ургамлын тос- 2 халбага
- Сармис- 2 хумс
Бэлтгэх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халаагаарай. Ингэхдээ шүүгээний тавцанд ургамлын тосоо түрхэнэ. Гүнжидийн тос, шар буурцагны цуугаа томхон аяганд хийж, сайтар холиорой. Үүндээ тахианы мах, давс, гүнжидийн үрээ хийнэ. Дараа нь гуриландаа махаа өнхрүүлж, тосолж бэлтгэсэн тавиур дээрээ өрөх юм. Үүнийг 15 минут шараад, гаргаж аваарай.
Энэ хооронд нь соусаа бэлтгэе. Хятад дарс, тахианы тунгалаг шөл, цагаан будааны дарс, зөгийн бал, шар буурцагны цуу, гүнжидийн тос зэргээ нийлүүлэн хольж сайтар хутгахад л хангалттай. Харин дараа нь хайруулын тавгаа дунд зэрэг халааж тосоо хийн, жижиглэн хэрчсэн сармисаа шаргал болтол нь хуурна. Үүндээ өмнө бэлтгэсэн соус болон эрдэнэшишийн цардуулаа нэмж, өтгөн болтол нь гал дээр байлгаарай. Бүх зүйлс бэлэн болсны дараа шарсан тахианы махан дээрээ соусаа асгаж, бүх хэсэгт нь жигд тарааж өгнө.
Ингээд л таны оройн хоол бэлэн болох бөгөөд та үүн дээр гүнжидийн үр болон хэрчсэн ногоон сонгино цацаж, чимэглэж болох юм шүү. Мөн будаа агшааж, бусад төрлийн хачир, шинэ ногооны салат нэмэхээ ч бүү мартаарай.