Уулзалтыг нээж, нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ улирлын сайхан, өдрийн сайн цагийн эхлэл дээр уулзаж байгаадаа баяртай байна. Миний бие дөрвөн жил завсарлаад өөрийн болон МАН-ын шийдвэрээр Сүхбаатар дүүрэгтээ дахин нэр дэвшлээ. Анх намайг УИХ-д илгээж, улмаар Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд болох “сүүн зам” тавьсан хүмүүс бол Сүхбаатар дүүргийнхэн та бүхэн юм. Миний бие нь Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа улсынхаа эдийн засгийг 17.5 хувь хүртэл өсгөж цалин тэтгэврийг 2 дахин нэмэгдүүлж иргэн бүрдээ сар болгон 21 мянга, хүүхдийн 20 мянган төгрөг өгч ахмад настан оюутнуудад 500 мянган төгрөг олгох зэргээр эдийн засгийн өдөр өсөлтийг өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулж халаасанд нь мэдрүүлсэн билээ.
Албаны үгэн баримтаас үзвэл 4 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт өнөөдрөөс 23 дахин их, гадаад валютын нөөц 3 тэрбум доллараас илүү байсан нь эдийн засгийн өсөлтийн үр дүн юм. Амьдралын энгийн үнэнээс харахад өнөөдөр 2000 гарчихсан доллар 4 жилийн өмнө 1280 төгрөгтэй тэнцэж та бидний өдөр тутмын хэрэглээ болох атар талх 1260 биш 834 төгрөгийн үнэтэй байсан нь эдийн засгийн өсөлтийн шууд өгөөж билээ. Энэ өсөлт өөрөө бий болоогүй зөв бодлогын үр дүн байлаа. Өнөөдөр харин Монгол улсын нийгмийн амьдрал эдийн засгийн орчин ямар байна вэ. Товчоор хэлэхэд Монгол улс өнөөдөр фракцуудын эрх ашигт хүлэгдсэн төртэй, талхаа таллаж авдаг граммын эдийн засагтай, хүүхдээ цэцэрлэгт, ахмадаа байранд сугалаагаар тодруулж оруулдаг сугалааны төрийн үйлчилгээтэй боллоо. Улсын гадаад өрийн хэмжээ өлгийтэй нялхсаас өтгөс буурлууд хүртлээ нэг хүнд 14 сая төгрөг ногдож байна. Ер нь муу хүнийг зар зарсан хойноо өр гэдэг л боллоо. Ийм цаг үед засаглах нам нь тулхтай улс төрийн хүчин, төр түших улсын их хурлын гишүүд нь туршлагатай улс төрчид байж гэмээнэ эдийн засгийн хямрал энэ их өрийн дарамтаас гарч чадна.
Эдийн засгаа 17.5 хувь өсгөсөн, 2009 оны хямралын амжилттай давсан бидний туршлага дахиад хэрэгтэй боллоо. Бидэнд хийх ажил их байна ” хэмээн онцолсон юм.
Ёслолын ажиллагаанд Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хөгжмийн зохиолч Долгион, Камертон хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, ТV коктейль хамтлагийн жүжигчин Цолмон, Сүхбаатар дүүргийн иргэн ахмад настан Оросоо , сагсан бөмбөгчин Билгүүн нар уригдан ирсэн юм.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг дүгнэн хэлэхдээ “ Монгол урлагийг дэлхийд гаргахад хувь нэмрээ оруулсан цөөхөн Ерөнхий сайд нарын нэг байлаа. Мөн намын нэрийг сольсон гавьяатай хүн. Төлөвшсөн намын тулхтай улс төрчийг сонгож амар амгалан амьдармаар байна, тэвчээр барагдлаа ” гэсэн бол, МХАҮТ-ын дарга Л.Лхагважав “ Эдийн засгийн хасах 1.6 хувь байсан эдийн засгийг 17.5 хувь болгож чадсан макро эдийн засагч. Таван толгойн лицензийг төрдөө буцааж өгсөн, Монгол Японы эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрийг хийсэн алсан хараатай стратегич “ хэмээн дүгнэсэн юм. Харин хөгжмийн зохиолч Долгион “ Түүнийг Ерөнхий сайд байхад эдийн засаг хүчтэй байлаа. Том том төслүүдийг эхлүүлсэн зангарагтай улс төрч” гэсэн бол дуучин Д.Болд “ Сүхбаатарчуудад энэ хүн маш хэрэгтэй болоод та бүхэн ингэж олноороо, хүн багтахын аргагүйгээр цуглажээ” хэмээн онцоллоо. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт эдийн засгийн өсөлтийг сэргээх, өр зээлийн асуудлаас салгах даалгаврыг нэр дэвшигч С.Батболдод өгөхийг уриалж байв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэр бол хөгжлийн стратегич буюу зам заагч бөгөөд эдийн засгийн хямралыг ард түмний нуруунд үүрүүлэлгүйгээр авч гарч чадах хүн гэдгийг дурьдаж байв.