1
Босоо бэлэг эрхтэн
Тутанхамон хаан 10 насандаа Египетийн фароан буюу хаан цолыг хүртсэн байдаг. Цус ойртолтын аймшигтай бодит жишээ болсон тэрээр 19 насандаа нас барсан бөгөөд түүний бэлэг эрхтнийг босоо байдалтайгаар занданшуулсан аж. Мэдээж хааны бэлэг эрхтэн нь хөвчирсөн байдалтайгаар нас бараагүй төдийгүй түүнийг занданшуулсан хүн нь бэлэг эрхтэнг нь 90 градусын өнцөгтэйгээр босгожээ. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ фароаны сүр хүчийг мэдрүүлэхийг зорьсон хэмээсэн байдаг гэнэ. Мөн Тутанхамоны мумми нь, цэвэр алт, оюугаар чимэглэсэн 110 кг чулуун авсан дотор байсан гэх ба мумины нүүр хэсэгт алтан баг зүүлгэсэн байдаг ажээ.
2
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Хорт хавдрын төрөлд хамгийн түгээмэл тархсан байдлаараа бүдүүн гэдэсний хорт хавдар гурав дугаарт бичигддэг. Энэхүү өвчин нь тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх, буруу хооллох гэх мэтчилэн эрүүл бус амьдралын хэвшлээс үүддэг аж. Тус өвчин нь нэлээд хожуу буюу сүүлийн жилүүдэд илүүтэй илрэх болсон билээ. Гэтэл эртний хүмүүст ч мөн илэрч байсан гэдгийг олж тогтоосон юм. Судлаачид XVII болон XVIII зууны Унгарын муммиг шинжилж үзэхэд бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн байна. Судалгааны багийнхан одоогоор чухам юунаас үүдэж тэд энэхүү өвчнөөр өвчилж байсныг судалж байгаа гэнэ.
3
Бохир
3200 жилийн настай Египетийн муммиг судалж, томографын шинжилгээ авч үзэхэд түүний толгойноос бохир олдсон байна. Шинжээчид түүнийг эмэгтэй гэдгийг тодорхойлсон бөгөөд МЭӨ XI зуунд амьдарч байсан буюу Шинэ хаант улсын үед амьдарч байсан гэдгийг олж тогтоосон аж. Тэд хэлэхдээ занданшуулагч магадгүй түүнийг тархийг задлаад, бага зэрэг бохирдлыг үлдээсэн байж мэднэ хэмээсэн байна. Гэхдээ энэ нь ердөө таамаглал төдий бөгөөд бохир нь нууц хэвээр үлдсэн аж.
4
Артерийн судасны бөглөрөл
Артерийн судас нь бөглөрснөөр цаашлаад зүрхний шигдээс болж, үхэлд хүргэх аюултай байдаг. Энэхүү аймшигт өвчин нь дэлхийн бүхий л улс орнуудад хамгийн ихээр хүний амь авч оддог хэмээн бүртгэгдсэн аж. Үүнээс сэргийлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг билээ. Гэхдээ тус өвчний шинж тэмдэг муммигаас ч мөн олдсон нь хачирхалтай. Угтаа бол эртний хүмүүс бидэн шиг гэдсээ илээд хэвтэх биш харин ч улаан гараараа бүтээн байгуулалтанд оролцож, ажил хөдөлмөр ихээр эрхэлж байсан төдийгүй хамгийн ихээр уураг агуулдаг махыг зооглодог байсан билээ. Ингэхээр юу гэсэн үг вэ? Тэд эрүүл амьдралын хэвшилтэй байсан атал артерийн судас нь бөглөрсөн нь шинжээчдийг балмагдуулж орхисон юм. Перу, Египет, Унанган (Эртний Америкчууд), Индианчуудын суурин зэргээс 100 муммиг авч ирэн, судлахад тэдний 37 хувь нь артерийн судасны бөглөрөлтэй байсан аж.
5
Тархи авагч төхөөрөмж
3500 жилийн өмнө Эртний Египетэд нас барсан хүнийг занданшуулахдаа эхлээд тархийг нь авдаг байжээ. Бүр зарим нь муммигийн тархин дотор багажаа ч үлдээсэн байдаг юм. 2008 онд шинжээчид 2400 настай муммиг томографд дурандуулж, нарийвчлан шалгуулахад түүний зулай хэсгийн ясны ойролцоо тархи авагч багажаа үлдээсэн байжээ. Энэ нь 7 см урттай байсан гэх бөгөөд шинжээчид үзэхдээ занданшуулагч түүний тархийг авахдаа багажаа хугалчихаад буцааж авалгүй тэр чигээр нь орхисон байх магадлалтай хэмээн таамаглажээ.
6
Скестосома Манзони (S. Mansoni)
Жил бүр 200 сая хүн скестосома гэх элэг, уушиг, давсаг болон гэдсэнд хор хөнөөл учруулдаг өтийг биедээ тээж, зовж шаналдаг байна. Энэ нь тогтмол болон урсгал усанд амьдрах чадвартай бөгөөд хүний биенд арьсаар дамжин ордог аж. Үүнийг ч мөн шинжээчид орчин үеийн өвчин, халдвар хэмээн итгэл тавьж байсан ч, эртний хүмүүсийн шарилаас илэрсэн нь урмыг нь хугалж орхив. Нубыны мумми тус өтнөөс халдвар авсан гэх дүгнэлт гарсан нь тэдний үед ч бас энэхүү өвчин элбэг байсныг баталж өгчээ.
7
Хүнцэл
Хүнцэл нь өнгө, амт, үнэргүй бөгөөд үүнийг 60 мг ус юмуу дарсанд холиод уулгахад ямар ч амьд биетийг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй хэрнээ бага тунгаар тогтмол хэрэглэхэд хэдэн сарын дараа чимээгүйхэн нүд аньдаг байна. Үүнийг эртний хүмүүс ч нэг нэгнээ хорлох зорилгоор ашигладаг байсан нь судалгаагаар тогтоогдсон аж. 45 мумми авчран судалж, шинжилж үзэхэд тэдний 31 хувьд нь 2,6 микрограмм хүнцэл агуулагдаж байсан нь илэрсэн байна. "Хаан хор" хэмээгддэг хүнцэлийг өнө эртнээс хэрэглэж ирсэн нь ийнхүү батлагдсан байдаг.
8
Түрүү булчирхайн хорт хавдар
Рентген тооцооны дуран авиа гайхалтай түвшинд хөгжсөны ачаар өдгөө бид эртний хүмүүсийн ердөө ясыг нь судлаад л олон төрлийн мэдээлэл олж авч байгаа билээ. Шинжээчид мөн л 2250 настай нэгэн муммиг судалж, түрүү булчирхайн хорт хавдартай байсан гэдгийг олж тогтоожээ. Тус шарилны эзэн 51-52 насандаа хорвоог орхисон бөгөөд түүний үхлийн шалтгааныг түрүү булчирхайн хорт хавдраас болсон хэмээн дүгнэсэн байна.
9
Өнө удаан жил хадгалагдсан тархи
2010 оны 8-р сард Оросын судлаачид 39,000 жилийн настай арслан зааны муммиг олж илрүүлсэн байдаг. Энэхүү занданшуулсан амьтан нь Сибирээс олдсон аж. Гэхдээ энэ нь маш гайхалтайгаар хэлбэрээ хадгалж үлдсэн байсан юм. Үүнээс гадна тархи нь огт гар хүрээгүй буюу уусаж, устаагүй хэвээр байсан нь шинжлэх ухааны түүхэнд тодоор бичигдэхүйц зүйл болсон билээ.
10
Антибиотикт тэсвэртэй ген
Мэдээж зөв зааврын дагуу хэрэглэвэл антибиотик нь бидний биеийг эмчилж, өвчин зовлонгоос салгадаг. Харин тунг нь хэтрүүлж, буруу хэрэглэх аваас өвчин улам даамжруулах, өвчний дархлал тэр чигтээ буурах сөрөг талтай байдаг билээ. Судлаачид 18-23 насандаа амиа алдсан нэгэн эмэгтэй муммиг судалж, үзэхэд биенээс нь антибиотикт тэсвэртэй ген олдсон байна. Хэрэв тэрээр өнөө цагт амьдарч байсан бол бид хамгийн хүчтэй эм тариагаа хэрэглэсэн ч түүнийг аварч чадахааргүй байжээ.