Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголын зарим улстөрч “Ямар ард түмэн байна, тийм төр байна” гэх. Ард түмнээ доромжлоод байгаа тэр эрхэм харин өөрөө ямар аргаар УИХ-д сонгогдсоноо мартдаг. Санаанд нь таараагүй парламент бүрдсэнд ард түмнийг буруутгадаг хэрнээ, өөрөө хулгайгаар, булхайгаар сонгогдсон үйлдлээсээ ичдэггүй ёс зүйтэй улстөрчид олон болов. Сайхан хослол, хуурамч инээмсэглэлийн цаана жинхэнэ төрхөө нуусан тийм улстөрчдөд ахиж амаа асуулгахгүйн тулд 2016 оны УИХ-д хэнийг сонгох вэ?
Би бусдад зөвлөх хэмжээний хүн биш ч, бусдад үг хүргэх сэтгүүлчийнхээ хувьд нэг л шалгуурыг чухалчлахыг хүсье. Тэр нь ёс зүй. УИХ-д хуульч, эдийн засагчид, бизнесийнхэн эсвэл алдартнууд олон байх шалгуур байхгүй. Харин ёс зүйтэй нь олон байх шалгуур чухал. Төрд зөв бодлого, эдийн засагт мөнгө хэрэгтэй бол, бодлогыг баталж, мөнгийг зарцуулдаг парламентад ёс зүйтэй хүн олон байх нь чухал санагдана. Бие даагчид баггүй учраас хэрэггүй гэнэ. Тэд баггүй нь үнэн. Урлаг, спортынхон байх газар УИХ биш гэнэ. Бас үнэн. Гэхдээ УИХ-д том намын нэр дор “том хулгайдын баг” байснаас ёс зүйтэй бие хүмүүс олон байсан нь хамаагүй дээр гэж би хувьдаа бодно.
Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг УИХ-д анхнаасаа нэр дэвших үйлдэл нь буруу бол сонгогдсоныхоо дараа тэр хүнээс дандаа зөв үйлдэл гарахгүй. Яагаад гэвэл эрх мэдлээ дагаад УИХ бол төрийн мөнгөнөөс хулгай хийх таатай орчин болохоос, буруу үйлээ гэмшиж суух бурхны сүм биш шүү дээ. Жишээ нь, нэр дэвшихийн тулд намаа сольж, журмын нөхөд, сонгогчдоосоо урваж шарвасан, тойрог худалдаж авч байгаа хүмүүс цаашдаа засарна гэсэн баталгаа байхгүй. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг. Ер нь сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үеийн хар PR-аас харвал зарим хүн сонгогдохоо амь, амьдралаа болгожээ гэмээр. Тэд юунд, хэний төлөө ингэж улайрна вэ, бидний төлөө юү, мэдэхгүй. Ямарч л гэсэн хэт шунасан хүнийг төрд бүү ойртуул гэж өвгөд сургасан байдаг юм.
Сонгуулийн маргааш л бүх юм сайнаар эргэж, МАН гарвал амьдрал учиргүй сайжирна, эсвэл АН ялбал алдаагаа засна гэдэгт хууртаад хэрэггүй. Хамгийн гол нь худлаа хэлдэггүй, хуйвалддаггүй, сонгогчдын эрх ашгаа худалдаггүй, ёс зүйтэй хүмүүсийг л сонгох хэрэгтэй юм. Ёс зүйтэй хүн л зөв хууль батална. Харин ёс зүйгүй хүн бол хуулийн хамгаалалт дор хулгай л хийнэ.
Манайхан УИХ-д хүчтэй улстөрчид л байх ёстой гэдэг. Бас хэрэлдэж сууснаас, шууд гар зөрүүлчихдэг эр улс шиг зантай нь дээр гэх. Хүнд нударга бол хүчтэй улстөрчийн шинж биш. Нударга бол хүчтэйгээ, хэн нэгэнд үнэнчээ, тал засч буйгаа мэдрүүлдэг шалгуур ч биш юм. Манайхан, ялангуяа улстөрчид хүчтэй, харгис хоёрыг олонтаа андуурах юм. Ямар ч аав гэр бүлдээ хүчтэй. Харин хүүхдэдээ хэзээ ч харгис байдаггүй. Хүчтэй хүн бол зөөлөн, өгөөмөр байж хүндлэл хүлээдэг. Үүнтэй адил төр нь ард түмэндээ, улстөрчид нь соногчдынхоо өмнө харгис үйлдэл хийж болохгүй. Ард түмнийхээ хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэнэ.
Бороохой бариулснаар, мянган цагдаа зогссоноор, өлсгөлөнг албадан тарааснаар, төмөр нүүрээ үзүүлснээр төр хүчтэйгээ илэрхийлэхгүй. Хүчийг хүндлэлээр л илэрхийлнэ. Араасаа аль болох олон хүн дагуулж, тэдний хүндлэлийг хүлээж чадаж байгаагаар нь тухайн улстөрчийн хүчийг илэрхийлдэг. Түүнээс биш, зодолдоход гурван хүнийг шанаадаад унагааж чадаж байвал түүнийг хүчтэй улстөрч гэхгүй .
УИХ өнөөдөр яагаад үнэгүйдэж, хүчгүйдээд байна вэ. Асуудал шийдэх эрх мэдэл, ажил хийх мөнгө төгрөг парламентад дутаагүй. Харин гишүүдийнх нь үйлдэл, энэ их урвалт шарвалт, бондын буруу зарцуулалтаас болоод хүндлэл, итгэл үнэмшлээ алдчихсан нь УИХ өнөөдөр бүхлээрээ нь хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж байгаа юм болов уу. Зарим хүн төрийн төмөр нүүр гэдэг. Олон түмнийг дагуулах хүндлэлгүй төр төмөр нүүр гаргавал харгислал л болно. Энэ бол хар хүч. Хар хүчээр улстөрд хүндлэл хүлээхгүй. Хүч бол улстөрд хүндлэлээр л илэрхийлэгдэнэ.
Улстөрчид бол нийгмийн үүргээ биелүүлж зөв үнэлэмж тогтоож байж л бусдын хүндлэлийг хүлээдэг юм байна. Улс төрийн удирдагч зам барьж, хотыг сэргээн босгож, зам тавьж, бэлэн мөнгө тараах үүрэггүй. Улстөрчид бол ард түмний сэтгэл санааны удирдагч байж нийгэмд зөв үнэлэмж тээх үүрэгтэй. Ойд төөрсөн хүмүүс ахмад настнаасаа юм уу, ахлагчаасаа л асуудаг, хаашаа явах вэ гэж. Ахлагч баруун тийшээ явна аа л гэвэл бусад нь тийшээ явдаг. Түүнээс биш, тэр удирдагч хэн нэгний ачааг чирч, хэн нэгнийг үүрээд явах үүрэггүй. Яагаад гэвэл удирдагч бол зүг чиг л заадаг. Монгол Улс нэг л буруу замаар яваад байна, энэ нь тогтолцооны гажиг гэж улстөрчид хэлдэг. Тогтолцоонд буруу өгөх нь ердийн л заль. Ард түмнийхээ талаас илүү хувийг ядууруулсан тогтолцоог улстөрчид л бий болгосон, улсаа өрөнд оруулсан бондыг ч улстөрчид л авсан.
Ер нь бол нийгмийг хууль удирддаггүй. Хууль бол нийгмийн харилцааг л зохицуулдаг. Харин зарчим, ёс суртахуун нийгмийг удирддаг гэх юм билээ. Ялангуяа улстөрчдөд зарчим, ёс зүй, ёс суртахууны үнэлэмж хуулиас хүчтэй үйлчлэх учиртай. Жишээ нь, хууль зөрчсөн жирийн хүн шоронд ордог. Тэгвэл ёс суртахуун зөрчсөн улстөрчид энгийн иргэн болох нь наад захын жишиг. Улстөрчид хулгай хийснийг, хуйвалдсаныг иргэн хүн, эсвэл сэтгүүлч нотлох албагүй.
Үгүй гэдгээ улстөрч өөрөө л батлах ёстой. Хуулиар шийтгэх боломжгүй ийм “хэрэг”-үүдийг ёс суртахуунаар шийдэж болдог байна. Хэрвээ тэр улстөрч яаж баяжсанаа ард түмэндээ тайлбарлаж чадахгүй, ард түмнийхээ олонхид авлигач, олигархи, ер нь муу нэрээр харагдаж л байгаа бол энэ нь ёс суртахууны алдаа. Ард түмнийг араасаа дагуулах хүндлэл, итгэлээ алдсан хэрэг. Итгэлээ алдана гэдэг ёс суртахууны зөрчил. Ард түмэндээ муу нэрээр харагдаж, хардагдаж байгаа УИХ-ын гишүүн, сайд дарга нар шоронд орох албагүй, харин улстөрчөө удирдагчаа л болих, огцрох нь улстөрд хуулиас хүчтэй үйлчлэх ёстой зарчим, ёс суртахууны жишиг юм.
Жишээ нь, Өмнөд Солонгост иргэдийн жагсаалын үеэр завгүй гэж явсан төрийн сайд гольф тоглож байгаад хэвлэлийнхний хараанд өртсөн. Үүнийхээ төлөө тэр огцорсон. Японд парламентын гишүүн бусдын өмнөөс саналын кноп дарж байгаад камерт өртөж, мөн л сайн дураараа огцорлоо. Хамгийн сүүлд, өнгөрсөн нэгдүгээр сард Японы эдийн засгийн сайд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж, /хардагдсаныхаа төлөө шүү/ огцорлоо. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн орнуудад улстөрчийн ёс зүй хуулиас хүчтэй үйлчилдэгийн жишээ.
Сайд гольф тогловол, парламентын гишүүн бусдын кнопоор санал өгвөл огцорно гэсэн хууль Солонгост ч, Японд ч байхгүй. Тэнд ганцхан улстөрчийн ёс суртахуун л бий. Манайд ёс суртахууны зөрчил битгий хэл, хууль зөрчсөнийг нь нотлоод байхад л огцордоггүй. Уншиж, бусдаас сонсч байхад гадаадын орнуудын улстөрчид нийгэм дэх үнэлэмжээ алдахаас үхтэлээ айдаг, алдвал улстөрийн карьер нь дуусдаг байна. Яагаад гэвэл тэнд нийгмийг ёс суртахуун удирддаг учраас тэр. Манайд бол улстөрчид харин ч үнэлэмжээ алдах тусам улстөрчийн имижээ бүрдүүлэн карьераа өсгөдөг.
Муугаар ч хамаагүй, мэдэх мэдэхгүй юм болгоноо яриад ч болов хэвлэлийн “од” болж, бусдын хараанд өртөж л байвал сайн улстөрч болдог гэсэн ёс суртахууны доод жишиг Монголын улстөрд үйлчилж байна. Хятадын нэг хаан Күнзээс “манай түшмэд хулгай хийгээд байх юм. Одоо яах вэ” гэж асууж. Тэгсэн Күнз “та өөрөө битгий хулгай хий” гэж хариулжээ. Хаан хулгай хийгээгүй л дээ. Гэхдээ л тэр хаан түшмэддээ, бусдад хулгайчийн явдалтай, шударга биш нэгэн мэт харагдаж. Бас “Ёс суртахуунтай хүнээ л сонго, бусдыг нь Библи зохицуулна” гэж үг ч бий. Энэ нь ёс суртахуунтай хүн ёс суртахуунаа зөрдөггүй гэсэн санаа.
“Дарангуйлагч нийгэмд хууль төрийн үргэлжлэл байдаг бол, ардчилсан нийгэмд хууль нь иргэнийхээ үргэлжлэл байдаг. Тухайн нийгэм дарангуйлагч л биш бол хууль, ёс суртахуун хоёрыг хослуулж байж л ардчилал хөгждөг” гэж номонд бичжээ. Ялангуяа монголчууд бид илүү анхаармаар эшлэл шүү. Феодалын нийгэмд ч, боолын нийгэмд ч хууль байсан. Ганцхан ёс суртахуун, нийгмийн үнэлэмж тэнд өөр байсан. Харин XXI зууны Монгол Улс Үндсэн хуульдаа “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж хуульчилсан. Энэ нь ёс суртахуунтай нийгэм байгуулна л гэсэн үг. Ёс суртахуунтай нь нийгэмд ч, УИХ-д ч олонхи байж энэ зорилгодоо хүрнэ.
Тийм ээ, ёс суртахуун бол Харвардын дипломоос ч үнэтэй. Холын Харвард монголчууд бидэнд ойртоод л байгаа. Энэ сайн хэрэг. Харамсалтай, ёс зүй, ёс суртахуунаас монголчууд бид холдоод л байна. Энэ муу хэрэг. Үлгэрлэл дээрээсээ, дээрээ суудлаа олохоос эхэлнэ. Иймд энэ сонгуульд МАН, АН-ынхнаас илүүтэй ёс суртахуунтай нь олонхи болоосой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.