ЗИКА ВИРУС ОЙРТСООР Л...

2016-06-03, 10:00
35,262

Урагт бүрэлдэж буй хүүхдийн тархины өсөлтийг зогсоохоос1 эхлүүлээд зарим тохиолдолд насанд хүрэгчдэд ч үхлийн аюултай саажилт үүсгэх чадвартай2 болох нь тогтоогдоод буй Зика вирусын халдварын удаах тохиолдол манай урд хөрш Хятадад дахин гарлаа.

ЗИКА ВИРУС ОЙРТСООР Л...

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт буюу 2016 оны 5 дугаар сарын 25-нд Сонг хэмээх 35 настай эрэгтэй Зикагийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрээр бие дээр нь тууралт үүсч, халуурч эхэлмэгц эмнэлэгт хандан шинжилгээ өгснөөр Зика вирусын халдвар авсан нь илэрчээ. Хятад улсын Халдварт өвчний удирдлага, урьдчилан сэргийлэх төвөөс" Хятадын иргэд гадаад руу ихээхэн аялж байгаагаас үүдэн Бээжинд Зика вирус халдвар тархах магадлал өндөр байна" гэж мэдээлжээ3.  

Одоогийн байдлаар энэхүү вирус нь Өмнөд Америк, Хойд Америк, Ази, Африкийн 46 улсад тархаад байгаа4 ба Зика вирусаас болж урагт гажиг үүссэн тохиолдол зөвхөн Бразилд л гэхэд 3,670 удаа гарсан байна5.

Энэ нь манай улсад ч гэсэн Зика вирус тархах боломж өндөр байгааг харуулж байна. Нэн ялангуяа Олимпийн наадам болон бусад аялал жуулчлалын зорилгоор гадаад улсуудыг зорих иргэдийн тоо энэ зун нилээд өсөх магадлалтай байгаа нь Зика вирус манай улсад тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс иргэдийнхээ сонор сэрэмжийг нэмэгдүүлж, уг вирусаас урьдчилан сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Зика вирусын талаар мэдээлэл ба зөвлөмжүүдийг хүргэж байна.

Зика вирус ямар эрсдэл дагуулдаг вэ?

1. Урагт үзүүлэх хор уршиг (Microcephaly)

Зика вирусын хамгийн түгшүүртэй хор уршиг нь түүний урагт үзүүлэх нөлөө юм. Тодруулбал, "Зика вирус нь халдвар авсан жирэмсэн эхийн хэвлийд бүрэлдэж буй ургийн тархины өсөлтийг зогсоож, хараа, сонсгол, хэл муутай, оюун ухааны хомсдолтой, жижиг толгойтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг microcephaly гэх өвчнийг үүсгэж байна" гэж судлаачид үзэж байна6.

2. Саажилт үүсгэгч Guillain-Barré хам шинж

Зика вирус нь зөвхөн ургийг гэмтээгээд зогсохгүй насанд хүрэгчдийн дунд ч өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Жишээ нь, Бразилын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Зика вирусын халдвар авсан хүмүүсийн дунд Guillain-Barré синдромоор өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна7. Энэхүү синдром нь хүний мэдрэлийн системийг гэмтээн, саажилт үүсгэдэг аюултай бөгөөд уг өвчнийг туссан 20 хүн тутмын 1 нь нас барсан статистик үзүүлэлттэй байгаа аж7.

Шинж тэмдэг: Хөл гар сульдах, нүүрний булчингийн хөдөлгөөн сулрах, булчингийн сулралаас хамааран амьсгал тасалдах8.

Зика вирусын халдвар хэрхэн дамждаг вэ?

Зика вирус нь ихэнх тохиолдолд шумуулаар дамжин хүнээс хүнд халддаг. Мөн энэхүү вирус нь бэлгийн замаар болон цусаар дамжин тархах боломжтой9.

Зика вирусын халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Зика вирусын халдвар авсан хүнд 7 хоногийн дотор доорх шинж тэмдгүүд илэрнэ10. Үүнд:

Жич: Хэрвээ таныг Зика вирусын халдвар тархсан бүсэд аяласнаас хойш 14 хоногийн дотор доорх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандан, мэргэжлийн тусламж аваарай.

  1. Халууралт
  2. Тууралт
  3. Үе мөчний өвчин
  4. Нүд улайлт
  5. Булчин өвдөлт
  6. Толгой өвдөлт
  7. Нүдний ухархайн овдолт
  8. Дотор муухайрч, бөөлжис цутгах.

Зика вирусаас хэрхэн сэргийлэх вэ?

Зика вирусын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд та доорх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Үүнд:

Жич: Одоогоор Зика вирусын эсрэг вакцин гараагүй байна.

  1. Халдвар тархсан бүс нутгаар аялахгүй байх
  2. Аль болох биеийн хэсгүүд ил гаргахгүй битүү хувцас цамц болон өмд өмсөх
  3. Орон сууцандаа шумуул орохоос сэргийлэх (Тор татах)
  4. Лабораторийн шинжилгээгээр баталгаажсан шумуулны эсрэг буюу шумуулнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх.
  5. Бэлгэвч хэрэглэх (Зика вирус нь бэлгийн замаар халдах боломжтой)
  6. Нэг удаагийн зүү тариур хэрэглэх (Зика вирус нь цусаар халдах боломжтой)

Эх сурвалж:

1.    http://www.cdc.gov/media/releases/2016/s0413-zika-microcephaly.html

2.    http://www.webmd.com/brain/tc/guillain-barre-syndrome-topic-overview

3.    http://citizentv.co.ke/news/beijing-reports-second-zika-case-127796/

4.    http://www.paho.org/hq/index.php?option=com_content&view=article&id=11669&Itemid=41716&lang=en

5.    http://www.bbc.com/news/health-35370848

6.    http://www.cdc.gov/ncbddd/birthdefects/microcephaly.html

7.    http://www.webmd.com/brain/tc/guillain-barre-syndrome-topic-overview

8.    http://www.webmd.com/brain/tc/guillain-barre-syndrome-topic-overview

9.    http://www.who.int/mediacentre/factsheets/zika/en/

10. http://www.medicalnewstoday.com/articles/305163.php

11. http://www.who.int/mediacentre/factsheets/zika/en/

 

Нийтлэлч:  Д. Пагмаа

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()