1
Патпон - Тайланд
Тайландын нийслэл Бангок хотын улаан дэнлүүний гудамж бол бүхий л зүйлс нь хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байдгаараа дэлхийд алдартай. Тиймдээ ч хүн хүний амнаас ам дамжин сонсож ирсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн, сонин содон зүйлс үзэж харж, гайхалтай таашаал мэдэрье гэсэн хүмүүс энд ирээд шээс үнэртсэн бохир заваан гудамж, царай муутай эмэгтэйчүүдээс өөр харах зүйлгүй, урмаа хугалан буцдаг гэнэ.
2
"Plymouth Rock" - Америк
"Mayflower" хэмээх завь нь Английн анхны салан тусгаарлагчдыг Америкт авчирсан хөлөг онгоц бөгөөд энэхүү хөлөг онгоцны домогт өгүүлэхдээ тэд эх газарт анх хөл тавихдаа энэхүү чулуун дээр гишгэж үүнийгээ "Plymouth"-ийн чулуу хэмээн нэрлэсэн гэдэг. Хүмүүс энэхүү гайхалтай түүхтэй хад чулууг үзэхээр цуглардаг ч ердөө л "1620 он" гэсэн тоотой энгийн л нэг чулууг хараад мөн л урамгүйхэн буцдаг ажээ.
3
"Сансрын зүү" - Вашингтон, АНУ
"Space Needle" хэмээх энэ барилгыг АНУ-ын баруун зүгийн "Empire Statе Building" гэлцдэг. Дээвэр дээр нь гараад харахад дэлхий ертөнц бараг л тэр чигтээ харагддаг хэмээн хэн нэгэн нь дамжуулж л дээ. Гэтэл үүнд хөөрч догдолсон жуулчид ийшээ очиж, уртаас урт дараалалд өдөржин хүлээж 20 доллар төлж ороод, элэгдсэн цахилгаан шатаар дээшээ гарч, бужигнасан олон хүнтэй хамт ганц нэг зураг даруулчихаад л буцдаг гэнэ.
4
"Blarney Stone"
Ирландад уг нь жуулчдыг татах гайхалтай газрууд бишгүй л байдаг. Гэвч хэзээ үүссэн нь мэдэгдэхгүй нэг домгоос үүдэн хүмүүс энэхүү "Blarney Stone" хэмээх чулууг үнсэх гэж бөөн бөөнөөрөө ирэх болжээ. Домог сөхвөл Ирландын нэгэн хаан энэхүү чулууг нуруугаараа хотойн үнсээд уран цэцэн үгтэй болж, төд удалгүй төр улсаа төвхнүүлсэн гэдэг. Гэвч үнэн худал нь хэзээ ч үл батлагдах нэг домогт итгэн дэлхийн өнцөг булан бүрээс ирж, хэдэн сая хүний уруул, шүлс хүрсэн чулууг төмөрнөөс зүүгдэж үнсэх хүмүүс одоо ч маш олон байдаг нь хачирхалтай юм шүү.
5
"Empire State Building"
443 метрийн өндөртэй, 80-аад жилийн түүхтэй энэхүү барилга нь мэдээж архитектурын өндөр ур ухаан шингэсэн өвөрмөц гайхалтай чанараараа дэлхийд алдартай. Гэвч үүнийг мэдэх асар олон хүн өдөр шөнийн аль ч цагт ядрахаа эс мэдэн үүгээр холхицгооно. Тэр олон хүн дундаас ийшээ орох, бүтэн тойрох, ядахнаа оройг нь харна гэдэг ч амаргүй ажил байдаг гэнэ. Ерөнхийдөө хэзээ ч сул байдаггүй, олны хөл холхисон газраас бушуухан холдохын хүслэн болж, "Empire State Building"-ээ ч мартаад явдаг ажээ.
6
Ниагарын хүрхээ
Америк, Канадын хил дээр орших, диваажин мэтээр л төсөөлөгддөг энэ газарт очихыг хүсдэггүй хүн гэж хаа байх билээ. Гэвч ховдог шунахай этгээдүүд энэхүү үзэсгэлэнт газрыг мөнгө олох таатай боломж гэж үзээд, тансаг буудал, казино, үзвэр үйлчилгээний байгууллагууд олныг барьж, энгийн л нэг цэцэрлэгт хүрээлэн шиг болгож орхижээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Ниагарын хүрхрээг зорих жуулчдын тоо мэдэгдэхүйц багасаад байгаа гэнэ.
7
Салем
АНУ-ын Массачусетс мужид байрлах энэхүү байшин нь эрт цагаас чөтгөр шулмыг илрүүлдэг байсан гэгддэг бөгөөд үүнийг нотлох гэрэл зургууд, нууц ноцтой баримтууд ч байдаг. Гэвч хүмүүс өдгөөг хүртэл иймэрхүү аймшигтай үйл ажиллагаа явагддаг хэмээн итгэж, ийшээ очдог нь харамсалтай. Тэднийг, төсөөлж байсан шиг нь хүйтэн жихүүдэс хүргэм орчин биш, яг л жүжигчний ангийн оюутнууд жүжгийн бэлтгэлээ давтаж байгаа мэт орчин угтаж авдаг байна. "Үүний оронд Диснейланд орсон нь хамаагүй дээр юм" хэмээн үгээ хэлж буцсан тохилдол ч байдаг гэнэ шүү.
8
Гизагийн пирамид
Эрт цаг үеийн гайхамшигт өв болсон Гизагийн пирамид үзэх нь аялах дуртай хүн бүхний чин зүрхний хүсэл мөрөөдөл байдаг гэхэд хилсдэхгүй. Гэвч түр хүлээгээрэй... Үнэхээр ийшээ очих хэрэгтэй юу? Ийшээ очсон хүний ярианы багахан хэсгээс танд дуулгахад: "5000 хүнтэй хамт нохой гаслам халуунд овоо тойрч байгаа юм шиг баахан алхаад л, хажууд нялх хүүхдүүд уйлаад л... Тэгээд ч үзэж харах зүйлгүй, бас дээр нь ямар ч сэтгэл хөдлөл байхгүй. Жаахан тиймхэн л байсан" гэсэн юм даа.
9
"Times Square"
Залуусын мөрөөдлийн хот гэгддэг Нью-Йоркт очсон л бол хэд хэдэн газраар заавал очих хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг. Тэдгээрийн нэг бол "Times Square" юм. Тиймдээ ч энд зүсэн зүйлийн олон хүн өдөр шөнөгүй холхилдох бөгөөд хулгай дээрэм ч ихтэй байдаг аж.
10
Пизагийн налуу цамхаг
Очсон хүн бүхэн хууль мэт хөл гараа налуу цамхагийн өнцөгт тааруулж зургаа авахуулдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэвч зураг дээрээс л тэгж харагдаж байгаа болохоос яг үнэндээ хаана юу байгаа нь мэдэгдэхгүй замбараагүй газар байдаг ажээ.
11
Хориотой хот
Нэрнээсээ эхлээд л хүн бүхний сонирхлыг татдаг Бээжин хотын энэхүү түүхэн дурсгалт газар Мин гүрнээс хойш хэдэн зуун жилийн турш хаалттай байсаар, саяхан л хаалгаа нээж, иргэд болон жуулчдыг оруулж эхэлсэн гэдэг. Гэвч ийшээ очоод хүний урманд нүд баясгах ганц ч үзүүштэй зүйл үгүй. Яахав, хажууханд нь байдаг "Starbucks"-ийн кафег эс тооцвол шүү дээ.
12
"Graceland"
АНУ-ын Теннеси мужид байрлах "Graceland" хэмээх энэ хаус бол домогт дуучин Элвис Преслигийн амьд ахуйдаа оршин сууж байсан байшин юм. Ийшээ орохын тулд 30 доллар төлөх ёстой. Гэвч ороод хананд өлгөөстэй улиг болсон хэдэн хуучин зургууд л таныг угтана. Уйтгартай биш гэж үү?
13
Канкун
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арал Канкун гэж та сонсож байсан уу? Хэрвээ тийм бол хамгийн "замбараагүй" арал гэдгийг нь ч бас сонссон л байх учиртай. Мексикийн залуусын зуны амралт эхлэнгүүт далайн эргээр дүүрэн согтуу охид хөвгүүд архи үнэртүүлэн найгалдаж, бие биенийгээ өдөж хоргоох нь энүүхэнд. Гэлээ ч жуулчдын тоо улам бүр өссөөр байдаг нь хачирхалтай.
14
"Hollywood Walk of Fame"
Холливуудын алдартнуудын нэр бүхий одтой гудамжаар яг л Жексоны клип дээр гардаг шиг итгэл дүүрэн алхана гээд бод доо? Гэвч нэг юм байна! Энэ сайхан зүйлсийн хажуугаар бас таны мөнгийг байж болох бүхий л аргаар салгахыг бодож буй шуналтай этгээдүүд ч бий гэдгийг бодолцоорой.