1
Тахианы мах, зайдастай шпагетти
Орц:
- Тахианы гуя- 350 гр
- Зайдас- 200 гр
- Гоймон- 350 гр
- Сонгино- 2 ширхэг
- Сармис- 3 хумс
- Улаан лоолийн соус- жижиг лаазтай
- Бяслаг- чимх
- Лаврын навч- 2 ширхэг
- Давс, перец, орегано- амталгаагаар
Хийх арга:
Тахианы мах болон зайдсаа хэрчиж, давс, перецээр амтална. Хайруулын тавгаа сайн халааж, оливын тосоо хийж, мах, зайдсаа 5 минут хуураад саванд хийж аваарай. Хэрчсэн сонгино, сармис болон лаврын навчаа халаасан хайруулын тавгандаа хийж, 6 минут хуурна. Гоймонгоо зааврын дагуу чанах хэрэгтэй. Харин хуурч байгаа сонгино дээрээ улаан лоолийн соусаа нэмж дахин 6 минут хуурна. Дараа нь соуснаас 1 см илүү гарахуйц ус хийгээрэй. Ингээд соусаа өтгөртөл нь зөөлөн гал дээр буцалгаж, авах юм. Үүндээ мах, зайдас, гоймонгоо нэмж, хутгана. Мөн таваглахаасаа өмнө бага зэрэг бяслаг үйрүүлээрэй.
2
Тахианы мах, ногоотой салат
Орц:
- Тахиан цээж- 4 ширхэг
- Ягаан байцаа- тал
- Амтат чинжүү- 1 ширхэг
- Үрлэн помидор- 10 ширхэг
- Нимбэг- тал
- Яншуй- нэг салаа
- Оливын тос- 4 халбага
- Бор сахар- тал халбага
- Давс, перец- амталгаагаар
- Тараг
Хийх арга:
Тахианы махаа хэрчээд давс, перец, сахартайгаа хольж, оливын тосоор хутгаарай. Үүнийгээ хөргөгчинд 30 минут байлгаж амраах аж. Дараа нь махаа дунд зэрэг халаасан хайруулын тавганд хийж хуурах бөгөөд тал нимбэгээ шахаж, шүүсийг нь хийнэ. Байцаа, чинжүү зэргээ адил дөрвөлжин хэмжээтэй хэрчих бөгөөд үрлэн помидороо голоор нь хуваана. Эдгээр ногоогоо хуурч буй махандаа нэмж, болтол нь хуурах юм. Ингээд та амтат салатаа таваглан, дээрээс нь бага зэрэг тараг дусааж, яншуй цацаж өгөөрэй.
3
Тахианы махан хуймаг
Орц:
- Тахианы цээж мах - 2 ширхэг
- Сонгино - тал
- Хөвсгөр боов - 350 гр
- Яншуй - чимх
- Өндөг - 1 ширхэг
- Давс, перец - амталгаагаар
Хийх арга:
Шарах шүүгээгээ 200 градуст халааж, тавиарай. Яншуйгаа жижиглэн хэрчинэ. Махаа давс, перец, хэрчсэн сонгино, яншуйгаа холигчинд хийж, миксердээрэй. Харин хөвсгөр боовоо хоёр хувааж голд нь бэлтгэсэн махан таташаа хийж өгнө. Ийн боовондоо махаа боож, эргүүлээд өндөгний цагаанаа түрхэж өгөх юм шүү. Харин бэлтгэсэн хуймагуудаа халаасан шарах шүүгээндээ хийж, 20 минут шарахад л хангалттай.
4
Шаржигнуур тахиа
Орц:
- Тахианы гол мах - 500 гр (хальсыг нь авсан)
- Өндөг- 1 ширхэг
- Сүүнд дэвтээдэг өглөөний цай (corn flakes) - 1,5 аяга
- Бяслаг - 50 гр
- Перец, давс, халуун чинжүү - амталгаагаар
Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халаагаарай. Өндөгнөөс цагааныг нь ялгаж аваад, адил хэмжээний багахан ус хийж өгнө. Өөр нэг аяганд дэвтээдэг өглөөний цай, бяслаг, амтлагчуудаа хийж, сайтар нухаж, хутгах юм. Тахианы махаа хэрчиж бэлтгээд эхлээд өндөгний цагаанд, дараа нь дэвтээдэг өглөөний цайндаа хийж, эргүүлээд шарах шүүгээндээ хийнэ. 15-20 минут шарахад хангалттай.
5
Тахианы мах, авакода жимсний салат
Орц:
- Тахианы гол мах- 500 гр
- Байцаа- тал
- Авакода- 2 ширхэг
- Шарсан талх- 250 гр
- Ягаан сонгино- тал
- Ургамлын тос- 1 халбага
- Гоньдны үр- тал халбага
- Нимбэгний шүүс- тал халбага
Хийх арга:
Дунд зэргийн гал дээр тосоо хийж халаана. Үүндээ хэрчсэн тахианы махаа, гоньдны үр зэргээ хийж шаргал болтол нь хуураарай. Сонгино, байцаа болон авакодагаа дөрвөлжин болгон хэрчинэ. Харин шарсан талхаа хугалж томхон саванд хийх бөгөөд үүн дээрээ өмнө бэлтгэсэн бүх орцнуудаа хольж, нимбэгний шүүсээр хутгаарай.
6
Тахианы мах, эрдэнэ шиш, ханборгоцойн салат
Орц:
- Тахианы гол мах- 300 гр
- Өндөг – 2 ширхэг
- Эрдэнэшиш- 1 лааз
- Ханборгоцой- 380 гр
- Өргөст хэмх- 2 ширхэг
- Майонез
Хийх арга:
Чанасан тахианы махаа дөрвөлжин хэлбэртэй хэрчээрэй. Харин өргөст хэмхээ нарийн урт, ханборгоцойгоо шоо хэлбэртэй хэрчинэ. Өндөгөө чанаж, хальслаад дөрвөлжин томовтор хэрчих хэрэгтэй. Эдгээр орцнуудаа нийлүүлж саванд хийгээд майонезаар хутгах аж. Үүнийгээ таваглаад дээрээс нь эрдэнэшишээ тавьж өгөөрэй. Мөн яншуй цацаж болно.
7
Зөгийн бал, цагаан гаатай шарсан тахиа
Орц:
- Тахианы хөл- 1 кг
- Сармис- 3 хумс
- Шар буурцагны соус- 60 мл
- Нунтаг цагаан гаа- 1 халбага
- Зөгийн бал- 2 халбага
- Сонгино- 1 ширхэг
- Таана- 1 ширхэг
- Гүнжидийн үр- бага зэрэг
Хийх арга:
Гялгар уутанд тахианы мөч, шар буурцагны соус, хэрчсэн сармис, цагаан гаа, зөгийн бал зэргээ хийж, сайтар холино. Уутаа зангидаж, махаа 4 цаг хөргөгчинд амраах аж. Гялгар уутанд хийх нь амтлагч сайн шингэх, махыг зөөллөх үүрэгтэй юм. Махаа амарч болмогц нь гриллээ халааж нэг талыг нь 3 минут шарна. Харин сонгиноо 1 минут гриллдэж шараарай. Ингээд л та мах болон сонгиноо нийлүүлж таваглаад дээрээс нь бага зэрэг гүнжидийн үр цацахад хангалттай.
8
Тахианы мах, пүнтүүзтэй салат
Орц:
- Тахианы мах- 500 гр
- Салатны пүнтүүз - 200 гр
- Сонгино- 2 ширхэг
- Лууван- 1 ширхэг
- Амтат чинжүү- 1 ширхэг
- Сармис- 1 хумс
- Шар буурцагны соус- 50 мл
- Давс, перец- амталгаагаар
Хийх арга:
Мах болон сонгиноо нарийхан урт хэрчээд хуурах бөгөөд үүндээ давс, перецээ хийж өгнө. Салатны пүнтүүзээ зааврын дагуу чанаж, хүйтэн усанд сойж орхиорой. Амтат чинжүү, луувангаа урт нарийн хэрчиж бэлтгэнэ. Ногоонуудаа нийлүүлж, хуурах бөгөөд сармисаа мөн нэмж өгөөрэй. Хамгийн сүүлд мах, гоймон, ногоогоо нийлүүлж, шар буурцагны соусаар амтлаарай.
9
Рисотто будаатай, тахианы мах
Орц:
- Тал тахиа
- Хольж савласан хөлдүү ногоо- 500 гр
- Рисотто будаа- 400 гр
- Бяслаг- 150 гр
- Оливын тос- 2 халбага
- Цөцгий- 125 мл
Хийх арга:
Тахианы махаа чанаж, яснаас нь салгана. Тавгандаа тосоо хийж халаагаад хэрчсэн сонгино хийж хуураарай. Будаагаа сонгино дээрээ нэмж, сайтар хутгах бөгөөд савласан ногооны талыг хийж өгнө. Үүнийгээ таглаж тавиад галаа багасгах хэрэгтэй. Ямар нэгэн ус хийх шаардлагагүй. Ийн будаагаа болмогц, тахианы мах, цөцгий, бяслагаа хийж, 10 минут чанана. Хоолоо халуунаар нь идвэл илүү амттай шүү. Танд амжилт хүсье. Сайхан хооллоорой.