1
Крис Женнер (Kris Jenner)
“Keeping Up With Kardashian” гэх реалити шоугаар олноо нэрд гарч байсан Крис Женнерийг охидоо буруу хүмүүжүүлж, ёс зүйгүй үлгэр дууриалал үзүүлсэн хэмээн хүмүүс ихэд шүүмжлэлтэй ханддаг билээ. Тэрээр анх Роберт Кардашиан (Robert Kardashian)-тай гэр бүл болж 3 охин, 1 хүүгийн эцэг эх болсон боловч бүсгүй эхний нөхрөөсөө удалгүй салж орхисон юм. Харин дараа нь нэрт тамирчин Брюс Женнер (Bruce Jenner)-тэй амьдралаа холбож 2 охин төрүүлсэн боловч түүний нөхөр хүйсээ солиулж эмэгтэй хүн болж өөрчлөгдөн, бүсгүйг мөн л орхисон билээ. Ийн хоёр нөхрийн нүүр үзсэн тэрээр өдгөө мөн л өөрөөсөө олон насаар дүү залуутай болзож байгаа сурагтай. Харин тэдний охидын тухайд үргэлж л этгээд жигтэй үйлдэл, зүй бус авираар олны анхаарлыг татдаг бөгөөд “тонтгор том” өгзөгтэй гэдгээрээ гайхагддаг. Түүний охин Ким секс бичлэгээ алдаж, охид нь ээлж дарааллан олон нийтийн сүлжээгээр шалдан зургаа цацах нь зөв хүмүүжилтэйн шинж гэж үү? Мөн түүний бага охин Кайли өөрөөсөө олон насаар ах бөгөөд хүүхэдтэй эртэй болздог бол түүний болзоот эрийн хуучин эхнэр Кайлигийн ахтай сүй тавьсан юм шүү дээ. Утга учир нь үл ойлгогдох адармаатай гэр бүлийнхэнд сайн үнэлгээ өгөх хүмүүс ер нь цөөхөн шүү...
2
Вилл Смит (Will Smith) Жада Пинкейт Смит (Jada Pinkett Smith)
Холливуудын нэрт жүжигчин Вилл Смит болон түүний гэргий Жада нарыг сайхан хосууд хэмээн хүмүүс үнэлдэг боловч тийм ч сайн эцэг эх биш бололтой. Тэдний хүү Жейдэн Смит (Jaden Smith) олон кинонд тоглож, хүмүүст өөрийгөө таниулсан боловч элдэв охидуудтай нэр холбогдон, энд тэнд хэрэг тарьж явах нь ихсээд байгаа билээ. Харин охин Виллов Смит (Willow Smith) нь дуучин бөгөөд мөн л уран бүтээлээ нийтэд хүргэсэн. Гэвч тэрээр ердөө 13 настай байхдаа өөрөөсөө 7 насаар ах найз залуутайгаа орон дээр нүцгэн шахуу хэвтэх зургаа өөрийн инстаграм хуудаснаа байршуулж байсан юм. Энэ бүгдээс харахад тэд хүүхдүүддээ огт анхаарал хандуулдаггүй мэт.
3
Кит Калкин (Kit Culkin)
Америкийн тайзны жүжигчин байсан түүнийг жүжигчин Маколей Калкин (Macaulay Culkin)-ны аав гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. “Home Alone” киноны од бяцхан хүүг аав нь үргэлж шахаж, шаарддаг байсан бөгөөд хүүгээ жүжиглэхгүй гэхэд хүчээр жүжигчин болгосон байдаг юм. Маколейгийн олсон мөнгийг бүгдийг нь аав нь авч, хүүгээ байнга л сүүдэр мэт даган, дарамталж байсан аж. Гэвч Маколей энэ бүгдээс залхаж, зөвхөн түүний мөнгөнд шунах эцгийгээ шүүхэд өгч байсан удаатай. Ийн дарамтанд өсөж хүмүүжсэн залуу өдгөө хар тамхинд донтож хэцүүхэн яваа билээ.
4
Лорин Хэлл (Lauryn Hill)
Нэрт дуучин, хөгжимчин тэрээр бүтээсэн дуу, хөгжмөөрөө олноо хүндлэгддэг боловч түүний хүүхдүүд ээжийгээ тийм ч сайн ээж биш хэмээн тодорхойлсон юм. Тэрээр 6 хүүхдийн эх боловч ганц ч хүүхдээ өөрийн гараар өсгөөгүй гэдэг. Уран бүтээлч хүний хувиар байнга л завгүй гүйдэг байсан бөгөөд бяцхан үрсийнхээ өсч торниж байгааг ч анзааралгүй өнгөрч, тэднийхээ сэтгэлд дүүргэж боломгүй хоосон зайг үлдээсэн гэдэг билээ.
5
Майкл Жейксон (Michael Jackson)
“Попын хаан” гэх цолыг хүртэж, өдгөө ч уран бүтээлүүдийг нь үзэгч олон биширч явдаг юм. Гэхдээ түүний сайн эцэг байж чадаагүй хэмээн хүмүүс үздэг байна. Тэрээр 2 хүү, 1 охины эцэг бөгөөд бага хүү Блэйнкет (Blanket)-ээ цонхны тавцангаас доош нь унжуулж, олныг гайхшруулж байсан удаатай. Мөн олон удаа насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт учруулсан хэмээн шүүхэд дуудагдаж байсан бөгөөд энэ бүгд нь хүүхдүүдэд нь ямар санагдаж байсан нь ойлгомжтой. Майклыг нас барснаас хойш тэдний хүүхдүүд чимээ анир багатай амьдрах болсон хэдий ч үе үе дуулдах таагүй мэдээ нь Жейксон тэднийг сайн хүмүүжүүлж чадаагүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлдэг юм. Түүний охин нь амиа хорлох гэж оролдсон, том хүү нь энд тэнд шуугиан тарьж явдаг харин бага хүү нь дорой нэгнийг дээрэлхдэг гэхчлэн таагүй зүйлс бишгүй л сонсдох аж.
6
Мама Жүйн (Mama June)
Телевизийн шоуны алдартан болох Жүйн Шэйнон (June Shannon) нь “Honey Boo Boo” гэх гэр бүлийн шоундаа бяцхан охиныхоо хамт тоглодог билээ. Гэвч 10 жилийн өмнө түүний болздог байсан эр нь том охинд нь бэлгийн дарамт үзүүлж байсан бөгөөд шоронд орж, 10 жилийн ял авсан байдаг. Ийн охиныхоо амьдралд тодоос тод хар толбо үлдээсэн түүнийг хэн л сайн ээж гэж дүгнэх билээ дээ.
7
Лил Вэйн (Lil Wayne)
Алдарт реппер маань 4 хүүхэдтэй бөгөөд тэдний ээжүүд бүгд өөр. Түүнийг аав гэж хэлэхэд ч хэцүү юм. Хүүхдүүдтэйгээ жилд хэдхэн удаа уулздаг бөгөөд нэрийг нь хүртэл мартах тохиолдол байдаг гэнэ. Харин хүмүүс түүнийг шоудаж, цэнгэхдээ цаг заваа зохицуулж чаддаг атлаа яагаад төрсөн үрсдээ хэдхэн хором гаргаж чаддаггүй байнаа гэж ихэд зэвүүцдэг байна.
8
Дина Лохан (Dina Lohan)
Дуучин, жүжигчин гэх цолоосоо илүүтэй Линдсей Лохан (Lindsay Lohan)-ы ээж гэдгээр нь хүмүүс түүнийг таньж магад. Тэрээр охиноо Холливуудад хөл тавиулж, хар багаас нь л кинонд тоглуулж эхэлсэн юм. Гэвч Линдсей нэр алдарт гарахын хэрээр шоу цэнгэлд хэт автан, хар тамхинд донтож эхлэв. Түүний ээж охиноо энэ асуудлаас гарахад нь туслах бус харин ч үүгээр нь мөнгө олж байсан аж. Охиныхоо энэ хүнд байдлын талаар ном бичиж, худалдаанд гарган чамгүй ашиг олсон байдаг шүү.
9
Линн Спирс (Lynne Spears)
Попын гүнж Бритни Спирс (Britney Spears)-ийн ээж Линн Спирс охиноо дуучин болоход нь томоохон нөлөө үзүүлж байсан гэдэг. Гэтэл Бритни ээждээ тэгтлээ их талархаж явдаггүй гэх юм. Учир нь түүний ээж охиноо бага байхаас нь л таргалчихна хэмээн хоолны дэглэм бариулж, хүсээгүй байхад нь элдэв янзын хувцас хүчээр өмсгөж, олны анхаарлыг татахын тулд тэнэг үйлдлүүд ч ихээр хийлгэж байжээ. Энэ мэтчилэн үргэлж л ээжийнхээ үгээр байж, хэлснээр нь хийж ирсэн тэрээр залхаж, хар тамхи, согтууруулах ундаанд орж, карьерээ өндөрлүүлсэн билээ. Хамгийн хачирхалтай нь түүнийг ийн унаж явахад ээж нь тоолгүй орхисон юм.
10
Кортни Лав (Courtney Love) болон Курт Кобайн (Kurt Cobain)
Алдарт “Нирвана” хамтлагийн дуучин Курт Кобайн болон түүний гэргий Кортни Лав нар хоёул замбараагүй, хэнээс ч хамааралгүйн дээр хар тамхи ихээр хэрэглэдэг байсан юм. Курт Кобайн эхнэрээ өөрийг нь хуурсан тул амиа хорлосон гэдэг бөгөөд тухайн үед тэдний охин жаахан байсан тул юуг ч ойлголгүй өнгөрчээ. Ингээд эцэггүй болж, дээрээс нь "сахилгагүй" ээжтэйгээ өссөн охин сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт мөн л холбогдоод байгаа билээ. Тийм эцэг эхийн хүүхэд арга ч үгүй биздээ хэмээн ярилцах хүмүүс ч бишгүй байна шүү.