Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хөшигний цаадах амьдрал

2016-04-29, 18:10
36,081

Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зов хэмээх үг байдаг. Энэ нь ч үнэн. Халамжгүй ханийн нөмөрт гарын шүүс болж, "Ална шүү" гэсэн аймшигт заналхийллийн дор амаа таглуулж амьдарснаас бор гэртээ ч, бодох санах, айл зүйлгүй эрх дураараа амьдрах сайхан шүү дээ. Юу дутлаа гэж бусдын гарын шүүс, хараалын бай болох ёстой юм бэ? Тэр ч утгаараа бид та бүхэндээ нэгэн Америк бүсгүйн нийтэлсэн, хүчирхийлэлд өртөж байгаа бүсгүйчүүдийн хар бараан гунигт амьдралын тухай өгүүлэх өр өвдөм нийтлэлийг орчуулан хүргэе.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хөшигний цаадах амьдрал

"Би спортод дуртай. Яг үнэндээ зүгээр л сэтгэлийн хөдлөлдөө дээд зэргээр автсан залуусыг хараад “Урагшаа залуусаа” хэмээн, байдаг чангаараа орилж, сэтгэлийн дэм өгөх дуртай гэхүү дээ. Тиймдээ ч спортын гэх тодотголтой залуусын нэрийг нь ч сайн мэдэхгүй. Энэ нь дуртай гэхээсээ илүү “хоббитой” гэхэд тохирох ч юм шиг... Гэхдээ би Америк хөл бөмбөг тоглодог залуусыг үнэхээр ойлгодоггүй юм. Тэд тоглоомын талбар дээр цусанд улангасах адгууснууд адил маш харгис болчихдог. Би интернэт ухаж байгаад Америкийн нэг хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Рэй Райс (Ray Rice) хэмээх залуу, өөрийн сүйт бүсгүй (хэрэг гарснаас сарын дараа хуримаа хийсэн) Жанай Палмер (Janay Palmer)-ийг цахилгаан шатанд нүүр, нүдгүй цохиж, улмаар ухаан алдуулсныг харлаа.

Эхэндээ би нүдэндээ ч итгээгүй. “Ээ бурхан минь! Арай ч үгүй байлгүй дээ гэж бодоод дахин нэг харлаа...”. Бичлэгэн дээр залуус цахилгаан шатанд орохоосоо өмнө муудалцсан, ихэд түнжин муутай байгаа харагдана. Гэтэл залуу бусдын нүднээс хол битүү газар орлоо гэсэн шиг, шууд л бүсгүйн нүүр рүү дэлсэж орхив. Тэр жаахан бүсгүй том залуугийн гарын аяыг яаж даах вэ дээ. Шууд л ухаан нь балартаж, цахилгаан шатны бариулыг мөргөөд унаад өглөө. Залуу хийсэн үйлдэлдээ огтхон ч гэмшихгүйгээр бүсгүйгээ хээв нэг чирж, дээр нь гараад шатны үүдэнд тээглэсэн хөлийг нь зайлуулах гээд өшигчиж байгаа харагдана. Уг нь бол тэд чинь хайртай хосууд шүү дээ. Яаж ийм муухай балмад, харгис үйлдэл түүнээс гарч байна аа...

Түүнээс хойш, цахим ертөнцөөр нэг тэдний талаар шуугисан юм. Залуу ч өөрийн үйлдэлдээ гэмшиж байна хэмээсэн утгатай хэвлэлийн бага хурал хийсэн болов. Хууль хяналтын байгууллагаар орсон ч, бүсгүй гомдолгүй гээд гарын үсэг зуржээ. Яагаад тэр вэ? Хайр уу? эсвэл сүйт залуугаа үнэхээр гэмшсэн гэж ойлгоод уучилсан уу, ямартай ч тэгс хийгээд л өнгөрсөн юм. Тэд ч үүнээс удалгүй хуримаа хийжээ. Би тэр хөөрхийлөлтэй бүсгүйд үнэхээр их санаа зовж байна. Түүнтэй ижил мянга, мянган бүсгүйчүүд өнөөдөр балмад этгээдийн гарт, гэр бүл хэмээх нэрийдлийн дор боолчлогдож байна. Тэдний эрх хаана байна вэ? Хуулийн байгууллагууд юу хийгээд байгаа юм бэ?

Би та бүхэнд өөртөө тохиолдсон нэг түүхийг ярьж өгье.

Коллежид байхдаа би нэгэн сэтгэл татам, нүдэнд дулаахан залуутай үерхдэг байлаа. Тэр эхэндээ үнэхээр найрсаг, хүмүүс ч түүнд ам сайтай байв. Гэтэл бид нэг өдөр маргаж, тэр намайг нүүр рүү минь хүчтэй цохисон юм. Тухайн үед ухаан минь балартаж, орон гаран байлаа. Харин маргааш нь гэрийнхээ хүйтэн шалан дээр, хөхөрч, хавдсан нүдтэй сэрсэн юм даа. Би эцэг эх, багш нартаа болсон бүх үнэнээ хэлэв. Гэтэл тэд надад итгээгүй юм. Төлөв даруу томоотой залуугаас тийм балмад зан гарна гэж би ч мэдээгүй. Удалгүй түүнээс хэд хоног өнгөрч, нүдний минь хаван ч буулаа. Тэр надаас уучлал гуйж, надад маш их хайртай, бүхнийг дахин эхлэе гэж хэлсэн. Би түүнийг уучилсан. Гэхдээ л түүнд итгэх итгэл минь барагдаж, битүүхэндээ айх болсон юм.

Би та бүхэнд өөртөө тохиолдсон нэг түүхийг ярьж өгье.

Тиймээс ч би бүр мөсөн салсан. Түүнээс хойш, би залууст итгэхээ больсон юм. Мөнхийн айдас сэтгэлд минь сууж, үнэхээр ийм аймшигтай зүйл болвол хэн ч надад итгэхгүй юм байна гэх ойлголт үлдсэн. Түүнээс 17 жилийн дараа би ажлынхаа нэг залуутай гэрлэлээ. Тэр үнэхээр хошин, ухаалаг, найрсаг залуу байлаа. Гэвч тэр ч гэсэн мөнөөх л балмад этгээдүүдийн нэг нь байсан. Бид хоёр нэг гэрт орсноос хойш би нэг ч өдөр нулимсгүй нүдтэй байхаа болив. 

Нартай, наргүй хамаагүй хар шилнээс салахаа байж, хүмүүсээс дөлөх боллоо. Гэвч хүмүүс намайг үнэхээр сайн залуутай гэрлэсэн азтай бүсгүй гэх мэтээр ярьж байсныг санаж байна. Зодуулах шалтгаан бүр хардалтаас үүсдэг байсан. Цайны газарт орсон ч тэр намайг үйлчлэгч залуу руу сээтэн хаясан гэж хий хардаад зодно. Коллежийн явдлаас хойш, би өөрийн энэ зовлонт амьдралыг нэг ч хүнд хэлээгүй. Учир нь хүмүүс үнэнийг олж харах нүдгүй учраас тэр шүү дээ. Яг л над шиг хэн нэгний хуурамч дүр төрхөнд хууртаж алддаг. Гэвч энэ бүх туулж өнгөрүүлсэн амьдрал минь миний л буруу байсан. Би өөрийн нөхрийн балмад үйлдлийг баримтжуулан, хөхөрсөн нүд, зүсүүлсэн гуя, томоос том хурууны хээтэй бэлхүүс зэргээ зурагжуулан, шүүхийн байгууллагад хандсан... Одоо би нохой, бяцхан охиныхоо хамтаар аз жаргалтай амьдарч байна.

Түүнээс хойш өөртэйгөө ижил шалтгаанаар шаналж, хэн нэгэнд зодуулан түүнийгээ хэлж чадахгүй байгаа бүсгүйчүүдэд санаа зовж байна. Тэдний төлөө хөдлөх, эрхийг нь хамгаалах хүмүүс олон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэх юм. Хүчирхийлэлт өртсөн хүнийг харсан хэрнээ хажуугаар нь дуугүй өнгөрвөл тэр ч гэсэн гэмт хэрэгт тооцогддог. Хэрвээ танд, болон таны эргэн тойрон дахь хүнд энэ мэт зүйлс тохиолдвол, санаа зоволгүй хуулийн байгууллагад хандаарай гэж хэлмээр байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()