1
Хувцасны бөөс арилгах
Хувцас “бөөстөх” буюу элдэв хог наалдах нь бидний толгойн өвчин байсаар ирсэн билээ. Харин тус асуудлыг хялбархан шийдвэрлэж болох аргыг танд зөвлөе. Танд ердөө нэг удаагийн сахлын татуурга байхад л хангалттай. Хувцас дээрх бөөсөө сахлын татуургаар зөөлөн татаж аваарай.
2
Цайруулагчны толбыг арилгах
Цайруулагчны толботой хувцсыг дахин өмсөх аргагүй болж, хааяа нэг гэр зуур өмсдөг гэрийн хувцас болж хувирдаг. Тиймээс үүнийг гадуур гарахдаа ч гангарч болдог хувцас болгоход танд өнгийн паламастер хэрэг болно. Хувцасныхаа өнгөөс хамаараад ижил өнгийн палмастер сонгон, толботой хэсгийг хөнгөхөн будаж өгнө. Үүний дараа таны хувцас яг л урьдынх шигээ харагдах аж.
3
Хувцасны цахилгаан янзлах
Өмд, цамц, цүнх гэлтгүй бүхий л цахилгаантай хувцас хэрэгслийн цахилгаан нь гацаж, наашаа ч үгүй цаашаа ч үгүй болоход танд балын харандаа, лаа, уруулын бальзам зэргийн аль нэг нь байхад л болоод явчихна. Гацсан цахилгааны хэсгүүдийг харандаа, лаагаар үрж, уруулын бальзамийг түрхэж өгөөрэй.
4
Нүүр будагны толбо арилгах
Бүсгүйчүүд нүүрээ будах явцдаа будгаа хувцсандаа санамсаргүй хүргэж, асгах гэхчлэн өглөөг эвгүйхэн эхлүүлэх нь бий. Гэвч энэ бол санаа зовох асуудал огтхон ч биш. Толбо тогтсон хэсэгт сахлын хөөсийг жигд түрхэн, хэдэн минут байлгаарай. Үүний дараа усаар угааж цэвэрлэнэ. Ямар ч толбо үлдэхгүй гэдэгт найдаж болно шүү бүсгүйчүүдээ.
5
Гутлаа томсгох
Таалагдсан гутлаа сэтгэл хөдлөөд авчихсан хойно бага зэрэг багадаад, холгоод байвал яах вэ? Зүгээр л үзмэр болгоод шүүгээндээ байлгаад байна гэж үү? Үүний оронд уутанд ус дүүргэж гутландаа хийгээд, хөлдөөгчинд хонуулж хөлдөөгөөрэй. Өглөө босоод та санаанд оромгүй үр дүнг олж харна. Гуталнаасаа хөлдүү мөсийг гаргаад, хөлдөө углаад үз. Яалтчгүй л томорсон байгаа биз?
6
Юүдэнгийн уяаг буцааж хийх
Малгайтай цамцны уяа нэгэнт л гараад ирсэн бол буцааж оруулах гэдэг маш хэцүү. Багагүй хугацаа, басхүү уур уцаар ч хүрэх үе бий. Харин гуурсанд уяаны үзүүрийг хийж, үдээсний машинаар тогтоон нүхээр гүйлгээд л асуудал шийдэгдэх юм.
7
Арьсан материалтай эдлэлээс толбо арилгах
Хамгийн төвөгтэй ажлуудын нэг гэдэгтэй санал нийлж байна уу? Угаах гэхээр болохгүй, арчаад ч арилдаггүй л биз дээ? Харин цагаан цууг, устай холин толботой хэсэгт шүршиж, зөөлөн алчуураар арчихад л хангалттай ажээ.
8
Гуталны эвгүй үнэр арилгах
Энэ тэнд гутлаа тайлахаас хүртэл санаа зовон эвгүйцэж, ичиж явдаг хүмүүс олон байдаг. Яаж энэ асуудлаас салах аргыг танд дуулгая. Хүнсний содыг гутал дотроо цацаж, өгөөрэй. Энэ нь хөлрөлтийг багасгаж, эвгүй үнэрийг дарах тустай.
9
Цамцны товч тогтоох
Зүү утас ашиглахгүйгээр цамцны унасан товчыг хэрхэн тогтоох аргыг та мэдэх үү? Гадуур явж байтал таны товч унавал түргэн арга хэмжээ авах шаардлага гардаг. Ийм үед хумсны будгийг цамцан дээрээ түрхэн, товчоо наагаарай. Энэ нь удаан үйлчлэхгүй ч тулгамдсан үед хамгийн хэрэгтэй арга юм.
10
Улаан дарсны толбо арилгах
Улаан дарсны толбо үүсэхдээ амархан ч арилгахад хэцүү гэдгийг бид бүгд сайн мэднэ. Харин үүнийг цагаан дарсыг ашиглан арилгаж болдог байна. Толбо үүссэн хэсэгт цагаан дарсыг шингээж, дараа нь хүнсний сод цацаж өгнө. Ийн байдалтай хэдэн цаг байлгасны дараа цэвэр усанд сайтар угаагаарай.
11
Тосны толбо арилгах
Хайртай даашинз, цамцан дээрээ тос асгаж, толбо үүсгэлээ хэмээн бүү бухимдаарай. Толбон дээрээ тальк буюу хүүхдийн цацлага цацан, хэсэг хугацаанд үрж бэлдээд, хөөстэй усанд сайн гэгч нь угаахад л хангалттай.
12
Уруулын будаг арилгах
Охид бүсгүйчүүдэд тулгамддаг нэг том асуудал бол хувцсан дээр уруулын будгийн толбо үлдэх юм. Хэчнээн угаагаад ч бүрэн арилахгүй, толбо болж тогтсон бол наашаа түр анхаарлаа хандуулаарай. Үүний тулд танд ердөө үсний лак хэрэг болно. Толботой хэсэгт үсний лакийг цацан, хэдэн минут байлгаад хөөстэй усанд хийж угаана.
13
Арьсан хувцсыг цэвэрлэх
Арьсан хувцас эдлэлийг цэвэр цэмцгэр байлгах нь үнэхээр асуудалтай. Угааж болохгүйгээс хойш чийгтэй алчуураар арчдаг ч олигтой үр дүн үзүүлдэггүй. Харин шил толь цэвэрлэгч шингэнийг арьсан эдлэл рүү шүршиж, зөөлөн алчуураар арчихад хөнгөн толбо, сэв нь ор мөргүй алга болдог байна.
14
Суганы үнэр арилгах
Суга хөлрөн, эвгүй үнэр гарахад хүмүүс таниас зайгаа барьж эхлэх нь энүүхэнд. Иймд энэ нь тухайн хүнд ихээхэн дарамт болж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. Харин үүнээс хялбархан салах энгийн арга нь лимон юм. Шүршүүрт орсны дараа зүсэм лимон сугандаа хавчуулах эсвэл шүүсээр нь үрж өгөөрэй.
15
Хөлсний толбо арилгах
Дээр дурдсанчлан суга хөлрөн, цамцыг тань бохирдуулсан бол цамцаа давстай усанд хийж хэсэг байлган, савандаж угаагаарай.