1
"Фитнест явах зав алга!"
Гэр орны ажил, нөхөр, хүүхэд, гэрийн тэжээмэл амьтан, цэцэг ургамал гээд л гэрийн эзэгтэй нарын ажил мундахгүй... Тэд эдгээр ундарсан их ажлын хажуугаар фитнесст амжиж явна гэдэг "үлгэр" хэмээн бодож, энэ бодлоосоо болж учиргүй их ядарна. Учир нь өглөөнөөс орой хүртэл цаг наргүй, хийсэн нэргүй хөдөлмөрлөсөөр үдэш болоход эртхэн л унтаж амрахын хүслэн болдог гэхэд болно. Тэд хийхгүй бол өөр хэн хийнэ гэж? Ийм шалтгаанаар маш олон бүсгүйчүүд өөрийн хүслийг хаяж, биеэ гаргуунд гаргадаг билээ.
2
"Төлбөрийг нь дийлэхгүй юм"
Ялангуяа агааржуулалт, тоног төхөөрөмж сайтай, шүршүүрт орох боломжтой, цэлгэр уужим талбайтай овоо сэтгэлд нийцсэн фитнессүүд дундаж орлоготой бүсгүйчүүдийн хувьд дийлдэшгүй их мэт санагддаг. Дээр нь бэлтгэлийн хувцас, солих пүүз гээд л багагүй мөнгө зарлагадах хэрэг гарна шүү дээ. Хүүхдийн сургуулийн төлбөр, байрны мөнгө, хэрэглээний бүтээгдэхүүн зэргийг авсаар, халаасласан хэдэн төгрөг нь фитнес заалынхаа хаанаа ч хүрдэггүй нь харамсалтай. Турж, галбиржан эрүүлжээд үеийн хүүхнүүд шиг сайхан гунхаад алхъя гэхнээ амьдрал гэдэгт нухлуулсаар эрхгүй өдөр хоногийг өнгөрүүлдэг байна.
3
"Дасгал хийж байх тэнхэл алга. Тэрэнд орвол киногоо үзээд эртхэн хэвтэж амарсан нь дээр"
Дарга цэрэг нь мэдэгдэхгүй олон хүмүүстэй, ажил хэмээх нэрийн дор өглөөнөөс үдэш болтол ажиллачихаад, арай ядан гэртээ ирээд дасгал хийнэ гэж үү? Хөл өвдөж, хүзүү чилээд биеийн хамаг эрч хүчгүй болсон хойно телевиз хараад, хэвтэх шиг жаргал үгүй мэт санагдана. Гэхдээ үгүй дээ бүсгүй минь, хүн бодлоороо л ядарна уу гэхээс, биеэрээ ядарна гэж байдаггүй юм. Яг одоо эрч хүчтэй дуу сонсоод, төгс галбиртай болохын төлөө урагшаа!!!
4
"Тэгж байгаад явна даа..."
Нэг сайхан нартай өдөр л фитнесcт яваад, хүссэн жиндээ хүрч, дуртай хувцсаа өмсөөд л... Хотын гудамжаар салхи татуулан явахдаа болзоот залуутайгаа учирна гэх мэт зүйлсийн талаар бодож байна уу? Маш олон бүсгүйчүүд “Тэгж байгаад явна даа. Яг энэ цалингаараа яаж ийж байгаад явна” гэсээр жилийн нүүрийг үздэг байна. Харин та тэдний нэг байж яасан ч болохгүй шүү.
5
"Надад дасгалжуулагч биш, эмч л хэрэгтэй"
“Жаахан дасгал хийж, тамир шаардсан хөдөлгөөн хийхээр хамаг хөлс асгаран, зүрх дэлсээд бахардаж унахын наагуур л юм болдог. Зүрх муутай хүн хэзээ ч дасгал хийнэ гэж байхгүй юм байна. Үүнд орвол зүгээр эмчилгээ хийлгээд, мөнгөө хурааж байгаад өөхөө соруулсан нь дээр”... Та арай ийм шалтгаанаар фитнесст явдаггүй юм биш биз? Мэдээж эрүүл саруул байхад эмч зайлшгүй шаардлагатай. Гэвч өөрийн өвчлөлийг илүүдэл жинтэйгээ нэг холбоод үзээрэй. Хөдөлгөөн бол эрүүл амьдралын эх үндэс шүү дээ.
6
"Миний насанд дасгал хийнэ гэдэг ичгэвтэр зүйл"
“Би ямар цэл залуухан хорин наст биш... Тэнд очоод дасгал хийвэл хавь ойрын доог тохуу болох биз. Хөгширсөн хойно тэгж нүдний булай болоод яахав.” Маш олон ээжүүд, бүсгүйчүүд иймэрхүү шалтгаанаар өөрийн хүслийг нухчин дарж, зорилго тэмүүллээ үгүй хийдэг. Харин ч таныг дасгал хийж байгааг харсан залуучууд бахархаж, зарим нэг нь өөрөөсөө ичих болно шүү дээ.
7
"Дасгал хийхээ зогсоовол бүр их таргална"
“Над шиг туйлбаргүй хүн хийж чадахгүй ээ. Тэглээ ч хийж байгаад дундаас орхивол анх байснаасаа бүр их таргалчихдаг юм билээ...” Олон ээжүүд, бүсгүйчүүд, эрчүүд иймэрхүү шалтгаанаас болж фитнессээс татгалздаг. Гэтэл үнэхээр л тийм бол танаас бусад хүмүүс яагаад эрүүлжээд, хүссэн жиндээ хүртэл турж чадаад байна вэ? Анхнаасаа ийм бүрхэг бодолтой бол амжилтанд хүрэх хувийнхаа талыг нь гээсэнтэй тэнцүү. Тиймээс хүчирхэг байж, өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй шүү. Бодлын хүч бүхнээс илүү байдаг юм, бүсгүй минь!
8
"Би бараг бүтэн сар хичээллэлээ. Ямар ч үр дүн алга"
“Би фитнессээр бараг сар хичээллээ. Энэ хугацаанд ингэж их хөдөлмөрлөж байхад дөнгөж 1 кг жин л хассан байна. Арай дэндүү юм. Шантарч гүйцлээ” хэмээн хэлэхээсээ өмнө та өөрийн хооллолтод анхаарлаа хандуулаарай. Тогтсон цагт дасгалаа хийж, заагдсан хугацаанаас хойш хүнд хоолыг идсэн үү? Хангалттай хэмжээгээр хөлс гаргаж, дасгалжуулагчийн хэлснээр бэлтгэл хийсэн байхад бага гэлтгүй үр дүн нь хожимдоо гарах л болно. Та итгээрэй.
9
"Бэлтгэл таслахгүй байна гэдэг миний хувьд маш том асуудал"
“Бэлтгэлдээ явахаас залхуу хүрээд байх юм. Өнөөдөр яршиг тасалчихъя. Маргааш нөгөөдөр л нөхөөд явчихъя” гэдэг зуршилтай бол таны үр дүн санаанд чинь хүртэл сайн гарахгүй шүү дээ. Маш олон хүмүүс өөрийн туйлбаргүй, тэвчээргүй зангаас болж бэлтгэл сургуулилтынхаа үр дүнгээс хумсалж, түүнээсээ амархан шантардаг юм.
10
"Би бусдад ад үзэгдмээргүй байна. Тэд намайг яг л циркийн амьтан шиг харж, шоолох болно"
“Фитнесст явдаг охид бүгд л сайхан биетэй, туранхай охид байдаг. Тэдний хөл нь улам бүр нарийсаад л, бэлхүүс нь тасам нарийхан болоод л... Гэтэл намайг хар л даа. Өөрөөсөө ичиж байна...” Зарим хүмүүс өөрийнхөө гадаад байдлаас болж фитнесст явахаас ичиж цааргалдаг. Гэвч анхны удаад амархан зүйл гэж байдаггүй. Фитнесс моделиуд хүртэл эхэндээ гэдэс нь унжсан, сул махтай бүсгүйчүүд байсан юм шүү. Тэдний өнөөдөр байгаа байдал бол шантаршгүй хүч хөдөлмөр, би чадна гэсэн итгэлийнх нь үр дүн юм. Хүн бүр зорьсон зүйлдээ тууштай байж чадвал биелүүлж чаддаг. Та тэднээс юугаараа дутна гэж?