1
Фэйсбүүкт хэт их зураг оруулах
Сүүлийн үед хүмүүс, ялангуяа өсвөр, идэр насныхан цахим ертөнцөд ихээр донтох болж, бүхий л зүйлээ тайлагнан, ил далд маш их зургийг хийх болжээ. Тэдгээр хүмүүсийн цахим хуудаснаас нохой, найзын төгсөлт, нэг өдрийн амьдрал, ижил хувцастай олон зургууд, кофены аяганы зураг гээд л юу ч олдож мэднэ. Сэтгэл судлаач Бен Мардер хэлэхдээ, “Та өөрийн оруулах гэж буй зургаа, бусад хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх бол хэмээн бодох хэрэгтэй. Юун түрүүнд өөрийн зургийг гаднын нүдээр харах нь чухал шүү дээ” хэмээжээ. Ийнхүү хэтэрхий их үр ашиггүй зураг нийтлэх нь бусад хүмүүсийг маш ихээр залхаадаг байна.
2
Фэйсбүүкт хэт их, эсвэл хэт бага найзтай байх
2008 онд коллежийн оюутнуудын дунд авсан судалгаагаар тэд Фэйсбүүктээ тус бүр 300-аас илүүгүй найзтай байжээ. Энэ нь тэд зөвхөн таньдаг хүмүүсээ л найзаар нэмдэг байсантай холбоотой. Харин сүүлийн үед Фэйсбүүктээ 300 найзтай гэвэл, сонссон хүний хөх инээд нь хүрэх биз. Учир нь хүмүүс таньдаг таньдаггүй хамаагүй маш олон гишүүдтэй найзалдагтай холбоотой. Энэ нь бусдад нэг их хамаагүй ч гэлээ, таныг цахим гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй.
3
Хэт хувийн зүйлс нийтлэх
Мэдээж өөрийнхөө цахим хуудаст юу нийтлэх нь таны дур ч гэлээ, нүцгэн шалдан зураг тэрчлэн хэтэрхий хувийн зүйлсийг нийтлэх нь эргээд таны нэр хүндэд муугаар нөлөөлөх, бусдын халдлагад өртөх том шалтгаан болдог. Тиймээс ч өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд тодорхой хэм хэмжээг мөрдөх нь зүйтэй. Таны хэтэрхий илэн далангүй нийтлэл, мэдээллүүд ихэнх хүмүүст буруу сэтгэгдлийг үлдээн, таны тухай сөрөг мэдээллийг олгох өндөр магадлалтай.
4
Өөрийнхөө тухай хэтэрхий ихийг нийтлэх
Өөрийн тухай хэтэрхий их зүйлийг нийтлэх нь мэдээж зохисгүй. Ямарваа зүйл өөрийн гэсэн хэм хэмжээнээс хэтрэхээрээ л бусдын шүүмжлэлийн бай болдог. Мэдээж хүн бүрд таалагдах албагүй ч гэлээ, зарим үед цахим хуудастаа "агаар оруулж", өөртөө чөлөө зав өгч байгаарай.
5
Хэт ойроос авсан зургаа нүүр зураг болгох
Зарим хүмүүс үнэхээр мэдрэмжгүй гэх үү, эсвэл зүгээр л авсан зураг нь тэгээд таарчихсан уу, хэтэрхий ойроос авсан зургаа фэйсбүүкийнхээ нүүр зураг болгодог. Ийм зургийг анхалж харсан хүн цочиж, зог тусна шүү дээ. Магадгүй уран сайхан талаасаа байж болох ч, иймэрхүү зураг нь ихэнх хүнд үнэхээр таагүй санагддаг ажээ.
6
Сэтгэл хөдлөлөө нуух
Та зарим үед өөрийн багийг тайлж, юу бодож байгаа яахыг хүсэж буйгаа чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь сүүлийн үед дэгдээд байгаа улаан бурхан өвчин гэх мэт олон түмний хэлэлцэж байгаа асуудалд өөрийн байр суурийг тодорхой хэмжээгээр илэрхийлэх нь зүйтэй. Магадгүй таны саналыг хэн нэг нь дэмжээд, үр дүнтэй арга хэмжээг авах ч юм билүү. Тиймээс хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг ялгаж салган, өөрийн дүгээс дүн шинжилгээг өгч, түүнийгээ цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлж сураарай.
7
Хэтэрхий сайн хүн шиг аяглах
Хүн бүрд тусалж, яг л сахиусан тэнгэр шиг ямар ч өөгүй мэт аягладаг хүмүүс заримдаа шүүмжлэлийн гол бай болох нь бий. Мэдээж чин сэтгэлээсээ хүнд тусалж, түүнийгээ хавийн хүмүүст гайхуулаад, зарлаад байдаггүй ч, үйл нь хэзээд хүмүүст хүрч, амьдралд нь дөмөгхөн тус болсон тохиолууд цөөнгүй олон. Харин бусдын анхаарлыг өөртөө татах гэж хичээн, худлаа сайн хүний дүр эсгэх нь мэдээж онцгүй шүү дээ...
8
Хүмүүсийн анхаарлыг татах гэж хэт хичээх
Дээр дурдсантай адилаар бусдын анхаарлыг өөртөө татаж, нэрд гарахын тулд хэрэгтэй хэрэггүй бичлэг, зураг, тэнэг постууд нийтлэх хандлага газар авсаар... Олны танил болж л байвал юу ч хийсэн хамаагүй гэсэн шиг хүнд үзэн ядагдах хандлагууд цахим ертөнцөд ихэссээр байгаа нь нууц биш.
9
Бухимдлаа илэрхийлэх
Магадгүй та үнэхээр хэн нэгэнд бухимдаж уурласан байж болно. Тэглээ гээд өөрийн бухимдал, эрээ цээргүй олон хараал ерөөл, хар энергиэ сэтгэл санаа нь сайхан яваа бусдадаа халдааж, тавгүйтүүлэх шаардлагагүй шүү дээ. Зөвхөн танд хамаатай зарим зүйлсийг өөртөө л үлдээсэн нь дээр.
10
Хувиа хичээх
Хэрвээ та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, сайхан хамт олноор өөрийгөө хүрээлүүлье гэвэл хувиа хичээх хандлагыг төрүүлэхгүй байх нь чухал... Жишээ нь фэйсбүүкт хэн нэгэн найз тань таны муухайн гарсан, өөрийн сайхан гарсан зургийг нийтэлж, “tag” хийчихвэл яаж ч бодсон үнэхээр таагүй санагдана шүү дээ.
11
Хошин шогийн мэдрэмжгүй байх
Хошин шогийн мэдрэмж гэдэг зүйл таны бодсоноос ч чухал юм шүү. Хэн нэгний нийтэлсэн постны доор шууд утгаар нь ойлгож, бухимдлаа илэрхийлэх, аливаа зүйлийг гүн гүнзгий утгаар нь бодож, "Философилог" нэгэн болж харагдах гэх мэт зүйлс нь ганцхан таныг ч биш фэйсбүүк дэх бүх хүмүүсийг бухимдуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Амьдрал өөрөө хөгжилтэй шүү дээ. Бүх зүйлийг битгий хүндээр, эмзгээр тусгаж ав, заримыг нь зүгээр л наргиан гээд ойлгочих. Энэ нь танд хамаагүй тустай.
12
Хэн нэгэнд дургүй мэт жүжиглэх
Заримдаа та өөрөө харьцаж үзээгүй байж, хэн нэгний муулж байгаа хүнийг хэзээ хэзээний таньдаг мэтээр муулах, шүүмжлэх нь зохимжгүй. Ялангуяа хүнийг гадна, өнгөн талаас нь хөнгөн хийсвэр дүгнэж, түүнийгээ хүмүүст тараах нь үнэхээр хүн чанаргүй хэрэг билээ. Тиймээс зарим үед олон нийтийн хандлагыг дагалгүй, тухайн хүнтэй ярилцаж, мөн чанарыг нь таних гээд үзээрэй.
Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзээрэй.
~ Фэйсбүүкт хэзээ ч оруулж болохгүй зүйлс ~