Сүүлийн үед “ISIS” буюу “Исламын Улс Бүлэглэл” болон Курд үндэстэн нарын хооронд аймшигт мөргөлдөөн үүсээд буй билээ. Эх орныхоо аюулгүй байдалд анхааран, үр хүүхэд, эцэг эхдээ санаа тавихын хажуугаар, эрчүүдтэй мөн зэрэгцэн буу шийдэм барин, дайн байлдаанд гар бие оролцож яваа асар олон эмэгтэй байлдагчид байдаг.
36 настай Ахэд Мохумэд (Ahd Mohemed) дайнд оролцох бүрийдээ хөмсгөө будан, уруулаа өнгөлөн эрч хүч авдаг байжээ. Тэрээр хэлэхдээ “Би одоогоор хүний амь хороож үзээгүй ч цаашдаа зайлшгүй тохиолдол тулгарвал юу ч хийхээс буцахгүй. Мэдээж “ISIS”-тай тулалдана гэдэг үхлийн үүд рүү өөрөө алхаад очиж байгаа мэт маш аймшигтай. Тэд биднийг алахыг хүсч байгаа учраас бид ч өөрсдийгөө болон эх орноо хамгаалж тэднийг хүйс тэмтрэх болно” гэжээ.
“Mosul” цэргийн хуаранд одоогийн байдлаар 18-40 насны нийт 20 эмэгтэй байгаа аж. Тус хэсэгт байгаа 2 эрэгтэйн нэг болох дэслэгч Жамил Зэрү (Jamil Zerv): “ISIS бол эр эм гэлтгүй бүхий хүмүүст хамгийн том, аймшигт дайсан нь юм. Манай бүсгүйчүүд тэднээс айхын оронд илүү их сургуулилт хийж, бие сэтгэлээ бэлдэж байгаа. Тэд асар их тэвчээр, зүтгэл гаргаж байгаа учраас бидэнд ялагдах, бууж өгөх эрх байхгүй” талаар дурджээ.
Тус цэргийн ангид залуу охид элсэн орох хүсэлтэй байгаа гэнэ. Курдиштаны нийслэл болох Эрбил хотыг дүрвэгсэдийн байранд амьдардаг 16 настай нэгэн охин 18 нас хүрээд заавал цэргийн армид элсэн орж, өөрийн хувь нэмрээ оруулна хэмээн ярьсан байна.
Учир нь түүний ах нь өнгөрсөн жилийн 4-р сард Исламын улстай дайтаж яваад амь эрсэдсэн юм.
Тус улсын генерал Сардар Карим (Sardar Karem) хэлэхдээ: “Бид Англичуудын өмнөөс тулалдан цусаа урсгаж байна. Учир нь бидэнд тэдний зэр зэвсэг, тоног төхөөрөмж хэрэг болно. Хүмүүс энд яг юу болоод байгааг ойлгох хэрэгтэй, ямар нөхцөл байдалд байгаагаа ойлгон үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой. Бидэнд бууж өгөх эрх байхгүй, улс орноо хамгаалсаар эцсийн мөчийг үзэх болно” хэмээн эрэлхэгээр хэлсэн байна.
Улс орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, эр хүнээс дутахааргүй эр зориг гарган яваа гайхалтай бүсгүйчүүдээр бахархахгүй байхын аргагүй аж.