Бясалгал гэдэг нь аливаа зүйлд хандах сэтгэлийн аятай таатай хандлага, төлөв байдалд өөрийгөө сургах арга. Ингэхийн тулд тухайн сэтгэлийн төлөв байдлыг өөрийн зуршил болтол дахин дахин нөхцөлдүүлж байх хэрэгтэй. Мэдээж бидний амьдралд тустай олон янзын хандлага, сэтгэлийн төлөв байдлууд бий. Илүү их догдлолтой нэгэн байхад, байнгын тогтуун тайван нэгэн ч байна. Энэ мэт өөр олон сэтгэлийн чухал төлвүүд байдаг ба тэдгээрийг хүн бясалгалаар хөгжүүлж болдог юм.
1
Хүмүүс яагаад бясалгал хийдэг вэ?
Бясалгана гэдэг нь нэг талаар бие сэтгэлийн тайтгаралд хүрэх явдал юм. Мэдээж хүн бүр өдөр тутмын стресс, уур уцаараас ангижирч, тайван амгалан байхыг хүсдэг. Сэтгэл санаа тайван бус байх нь, биднийг бэрхшээлд хүргэж, нийгмийн идэвхийг бууруулан, гадаад ертөнцөөс тусгаарлаж байдаг. Тиймээс ч иймэрхүү байдлаар удаан явбал, эрүүл мэндэд муугаар нөлөөлж, гэр бүл, найз нөхдийн дунд асуудлууд үүсгэж харилцааг хурцдуулж байдаг. Бясалгах ур чадварт суралцсанаар эдгээр зовлонгоос бага ч болов ангижирдаг. Гэвч бясалгал дангаараа бидний бүх асуудлуудыг шийдвэрлэнэ гэсэн үг биш юм. Ямарваа нэг тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байвал зөвхөн ганц аргаар хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бясалгал нь өөрт болон бусдад тустай сэтгэлийн төлөв байдлуудыг хөгжүүлэхэд хэрэглэгддэг арга юм.
2
Бясалгах нь бидний амьдралд ямар хэрэгтэй вэ?
Бясалгах нь сэтгэлийг амирлуулж, биеийг төлөв байдалд аваачдаг. Үүний гол зорилго бол сэтгэл зовнисон бүх асуудлуудыг намжаах явдал юм. Айх, түгших, сэтгэл зовох зэрэг зовнилуудыг мартаж, сэтгэлээсээ чөлөөлөх нь сэтгэлийг тайван тогтуун болгоно. Ингэснээр амьдралд эерэг хандлагууд ирж, илүү сайхан таатай уур амьсгалыг бүрдүүлэх болно.
3
Хэрхэн бясалгах вэ?
Сэтгэлийг амар амгалан байлгахын тулд, бусдыг ойлгож, хайрлан, хүн бүгдэд дулаан, шударга сэтгэлээр хандах явдал юм. Ингэхийн тулд сэтгэл маш амгалан тайван байх хэрэгтэй. Үүнд бие махбодийн зайлшгүй шаардлагатай булчингийн уян хатан байдал төдийгүй сэтгэлийн халуун дулаан чанар, эрүүл саруул байдлыг бууруулж байдаг сэтгэл санааны түгшүүртэй байдал, сэтгэл хөдлөлүүдийг багасгахыг шаарддаг. Энэ нь зүгээр нэг унтраагаад асаадаг ямар ч бодол сэтгэлгүй техник ажиллагаатай адил үйл явц биш юм. Харин асар их тэвчээр, төвлөрөл шаардах, оюуны дасгал билээ.
4
Хэрхэн бие сэтгэлээ бэлдэх вэ?
Бүх бясалгалд хэрэгтэй байдаг өрөөсгөл ойлголтоос татгалзах нэг хэлбэр нь бодлуудаас чөлөөлөгдөх явдал юм. Энгийнээр бол ямарч хүлээлт, сэтгэлийн зовнилгүй байхыг хэлнэ. Бясалгалын үеэр гардаг бодлууд нь, зөв бясалгал хийх ёстой гэсэн хүлээлт эсвэл удаан сууснаас хөл өвдөнө гэсэн зовнил байж болно. Бидний сэтгэлдээ хураадаг эдгээр хүлээлт, зовнисон бодлууд нь урьдчилсан бодлууд юм. Ийм бодлууд нь биднийг бясалгахад саад учруулж, дэмий зовоодог. Тиймээс амжилттай бясалгалыг дуусгахын тулд, юу ч болж байсан нөхцөл байдлыг шууд хүлээж аваад, бясалгалын зааврын дагуу бие сэтгэлээ бэлдэх явдал юм.
5
Бясалгахын тулд яах хэрэгтэй вэ?
Бясалгах олон төрөл бий. Мацаг барих, дуугаа хураах, сэтгэлийн амирланд хүрэх гэх мэт... Эртний лам нарын хувьд, насан эцэслэх дөхөхөөрөө 1000 өдрийн турш бясалгал хийж, үр тариа, арвай будаа идэж биеэ цэвэрлэдэг байсан аж. Мэдээж үүний дараа тухайн хүний биеийн өөх тос, илүүдэл жин бүрэн арилна. Улмаар биед хэрэгтэй шим тэжээл, ус чийгээр дутаж удалгүй насан эцэслэдэг байна.
6
Бясалгалаар өөрийгөө занданшуулах нь
Маш олон лам нар ийнхүү өөрийгөө бясалгалын аргаар занданшуулсан байдаг. Энэ нь ямар нэгэн гадны биетээр бус, дотоод сэтгэлийн гэгээрэлд хүрснээр нэг ёсондоо үхэл, амьдралын заагт шилжинэ гэсэн үг юм. Нэг жишээг дурдахад, 1927 онд Итгэлт хамба ертөнцийн мөнх бусыг үзэх гэж буйгаа өөрийн шавь нартаа дуулгаж, 7 хоногийн турш мацаг барьж, бясалгал хийсэн байна.
Бясалгалын 7 дахь өдөр нь хамбын толгой цээж рүүгээ буусан тул, шавь нар нь хамбын захиснаар түүнийг очир завилуулж, хуш модон хайрцагт хийж оршуулсан аж. 2002 онд хамба ламын гэрээслэлийн дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан хайрцагийг нээж, хамбын бие ямарч өөрчлөлтгүй, очир завилж суусан хэвээр байхыг харжээ.
Анагаах ухааны шүүх эмнэлгийн шинжээчдийн ярьж буйгаар, түүний биеийн байдал яг л нас бараад 2 хонож байгаа юм шиг байсан, ингэхдээ түүнийг занданшуулах юм уу, ямар нэгэн өөр аргыг хэрэглээгүй гэдгийг тогтоосон байна. Тэр ч битгий хэл Хамбын биеийн халуун болон чийг нь өөрчлөгддөг, бүр хөлөрдөг, үүнийг түүн дээр ирсэн олон сүсэгтнүүд харж болох бөгөөд тэр яг л эргэн тойронд болж байгаа бүх юмыг мэдэрч байгаа мэт, Итгэлт хамба гадаад орчинтой ямар нэгэн энергийн болон мэдээллийн солилцоонд байгаа юм шиг байдаг хэмээжээ.
7
Бясалгалын дараах 1000 өдөр ямар байдаг вэ?
Ийнхүү бясалгасны 1000 өдөр бүр ч ярвигтай. Биеийн бүхий л арьс хорчийж, хатууран булчингуудаа алдаж эхэлнэ. Гэвч гайхамшигтай нь, ийнхүү бясалгасны дараа тухайн лам нарын үс, хумс, шүд нь бүрэн бүтэн, дотоод эрхтэн нь муудаж ялзраагүй хэвээр, занданшдаг байна. Хятадын лам нар насан эцэслэхээс хэд хоногийн өмнө үр тариа идэж, мацаг барин улмаар өөрсдийгөө амьдаараа давстай даавуунд ороолгож байжээ.
8
Өөрийгөө занданшуулсан Япон лам
Хойд Японы Ямагата мужид өөрийгөө ийнхүү занданшуулсан Сокушинбүтсү хэмээх 24 занданшуулсан лам нар байдаг ажээ. Энэхүү насан эцэслэх жамыг 1000 гаруй жилийн өмнө Күүкай хэмээх нэртэй лам анх үүсгэсэн гэдэг. Ингэж занданшуулахын тулд дээр дурдсанчлан 1000 өдөр шаардлагатай ажээ. Тэрээр 1000 өдрийн турш самар, арвай, буудай идэж өөрийн бие, дотор эрхтнийг цэвэршүүлж, ургамлын цай уудаг байсан ажээ. Ингэснээр хүний бие организм түүнийг нь эсэргүүцэж, биеийн шингэнийг бөөлжүүлэн эрчимтэйгээр гаргадаг байсан аж. Энэ бүхний дараа тухайн ламыг завилсан чигээр жижиг чулуун авсанд хийж, агаар амьсгалах багахан зайг гарган тэнд нь мөнхөд занданшуулдаг байна. Гэвч энэ мэт дарааллаар хийгээд ч амжилтыг эс олж, бусдын адил өмхийрч ялзарсан цогцоснууд олон таардаг гэнэ. Энэ бүгд бие сэтгэл, оюуны хүчирхэг чанараас шалтгаалдаг юм.
9
Тайланд ламын занданшуулсан шарил
Луанг По Дaeнг (Luang Pho Daeng) хэмээх нэгэн хийдийн ламтан 1973 онд 79 насандаа өөд болж, түүнийг ийнхүү бясалгаж буй байрлалаар нь занданшуулсан ажээ. Тэрээр өөрийн үхлийг мөн л урьдаас зөгнөн хэлсэн бөгөөд түүнийг насан өөд болсны дараа хийдэд байршуулж, хүмүүст үзмэр болгохыг хүссэн байна. Тэрээр бясалгалынхаа туршид мацаг барьж, дуугаа хураасан байна. Тус ламтны шарил өдгөөг хүртэл муудалгүй, хэвээр хадгалагдаж байгаа юм. Түүний биеийг рентген зургаас харахад бие нь хатаж хорчийсон хэдий ч, дотор эрхтэн нь муудаагүй байсан гэжээ.Тэрээр мөн л бясалгалын хүчээр өөрийн биеийг занданшуулсан лам нарын нэг юм.
10
Монголын нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан лам
2015 оны 1-р сард Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 200 жилийн настай, занданшуулсан ламын цогцсыг олсон билээ. Тэрхүү шарилыг нэгэн иргэн зарж борлуулах гэж байхад нь ийнхүү олж, албаны хүмүүст шилжүүлэн, тэрхүү шарилыг хэн болохыг илрүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн түүнийг бүр мөсөн амьсгал хураагаагүй хэмээн дүгнэлтүүдийг гаргасан юм. Тус шарилыг таних ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогоор таамаг төдий байгаа аж.