1990 онд тэрээр Италийн телевизийн цувралд анхныхаа дүрийг бүтээж, 2 жилийн дараа "Bram Stoker's Dracula" кинонд туслах дүр бүтээснээр олонд танигдаж эхэлжээ.
Түүний тоглосон хамгийн алдартай бүтээлүүдээс дурьдвал: "Malena", "Remember me my love", "Irreversible", "Secret Agents", "Matrix Reloaded" зэрэг кинонууд юм.
Беллуччигийн бүтээсэн дүр бүхэн ихэнхдээ хүчирхийлэлд өртсөн, зодуулж нүдүүлсэн, нийгмийн хар бараан сэдвийг өөр дээрээ тусгасан байдаг нь түүний дотоод мөн чанар, дахин давтагдашгүй, зөрчилдөөнт араншинтай нь холбоотой хэмээн тэр нэгэн ярилцлагандаа дурьдсан удаатай.
Тэрээр анхны нөхөр болох Клаудиа Карлос Бассо (Claudia Carlos Basso)-той 1990-1994 оны хооронд хамт амьдарч байв.
Харин дараа нь 1999 онд жүжигчин, кино найруулагч Винсент Кассел (Vincent Cassel)-тэй гэрлэж, 14 жилийн турш хамт амьдарсан юм. Та бүхэн түүний хоёр дахь нөхрийг "Хар хун" киноны бүжгийн дэглээч багшийн дүрээр нь сайн таних биз ээ...
Зөвхөн гоо үзэсгэлэн, өвөрмөц дүр төрх, төрөлхийн авьяас чадварын хүчээр эмэгтэй хүн нэрд гарчихдаггүйн жишээг тэр олон ухаалаг үгсээрээ баталсан юм.
"Миний гэх бүх зүйл надад хэмжээлж цэгнэшгүй их үнэ цэнтэй. Миний гар, миний хөл, миний нүүр царай, миний бие... Би өөрт байгаа бүх зүйлээ хөдөлгөж, амьдрах болно."
"Жүжигчин байна гэдэг эмэгтэй хүний дур хүслийн илэрхийлэл байхын нэр"
"Хэрвээ чи үзэсгэлэнтэй байгаад тэнэг бол өөртөө улам л их түвэг удна. Харин ухаан, гоо үзэсгэлэн хоёрыг хослуулж чадвал амьдрал чинь цэцэглэнэ шүү дээ"
"Би өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг болохоор амар тайван, жаргалтай амьдарч чаддаг юм. Хөөрхөн хэрнээ өөртөө сэтгэл хангалуун амьдардаггүй их олон хүнийг би мэднэ л дээ. Гэхдээ би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж бардаж байгаа юм биш. Зүгээр л би их азтай хүн. Сайхан хайр гэж юу болохыг мэдэрсэн, мэдрүүлж чадсан. Энэ л хангалттай"
"Нас явахын цагт би тоглосон киногоо биш үр хүүхдүүдээ л харж сууна шүү дээ. Тэгэхээр амьдралд юу хамгийн чухал байна?"
"Яг одоо надад оногдсон энэ их нэр хүнд үнэхээр гайхалтай. Гэхдээ үүнээс урьтаад хайр дурлал надад ирсэн болохоор л би ийм амжилттай яваа юм."