1
Таны хөхөнд зангирал буюу бэрсүү бий болох
Хөхөнд зангирал болон бэрсүү бий болох, тэмтрэгдэх нь хөхний хорт хавдрын хамгийн нийтлэг шинж юм. Энэ тохиолдолд танд ямар нэгэн өвдөлт мэдрэгдэхгүй. Гэхдээ хөхөнд үүссэн бэрсүү болгон нь хавдрын шинж гэсэн үг биш аж. Тиймээс та эхлээд эмчид очиж үзүүлэх хэрэгтэй юм.
2
Зангирал үүсэх, хавдах
Энэ нь дээрхи шинж тэмдэгтэй адил, төстэй юм. Таны хөхний эргэн тойронд, суганы хонхор, өвчүүний дээгүүр бэрсүү үүсвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.
3
Арьс улайх
Хэрвээ таны хөхний арьс ягаарч, улайж байвал та яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. Энэ нь ихэвчлэн хөхний булчирхайн үрэвсэл байдаг. Эмчид үзүүлэн, эм бичүүлэн авч хэрэглэсэн ч үр дүн өгөхгүй бол та дахин нэг шинжилгээ өгөөд үзээрэй. Учир нь хөхний хорт хавдар нь хөхний булчирхайн үрэвсэлтэй адил шинж тэмдгээр илэрдэг аж.
4
Хөх загатнаж, халуу дүүгэх
Энэ нь мөн л хөхний булчирхайн үрэвслийн шинж тэмдэг билээ. Эм уугаад нэмэргүй байвал, эмчид дахин үзүүлж, шинжлүүлээрэй.
5
Хөхний товч өөрчлөгдөх
Хөхний товчны нэг нь гарч ирэхгүй байх, хөхний толгой эргэх, харагдах байдлаасаа 2 өөр байх зэрэг нь хэвийн нөхцөлд түгээмэл тохиолдож болох хэдий ч хөхний хорт хавдарын үүсгэвэр байж болзошгүй юм.
6
Шингэн зүйл ялгарах
Хөхнөөс ямар нэгэн шингэн зүйл ялгарах (хөхний сүүнээс өөр) нь танд байдаг л нэг үзэгдэл мэт санагдах боловч зарим тохиолдолд хорт хавдар байх боломжтой. Харин та анзааралгүй явсаар хүндэрсэн тохиолдолд хөхнөөс тань цустай шүүс гардаг байна.
7
Хөхний хэмжээ өөрчлөгдөх
Тус өвчнөөр өвчилсөн хүмүүсийн хөхний хэмжээ алдагдан, өөр өөр болох буюу том жижиг болох, нэг нь унжих гэхчлэн өөрчлөгддөг аж.
8
Өвдөлт
Ихэнх хөхний хорт хавдарууд хөхний өвчин зовиураас шалтгаалдаггүй. Эмэгтэйчүүдийн хөх зовиурлан хөндүүрлэх нь сарын тэмдэгийн мөчлөгтэй холбоотой байдаг. Энэхүү зовиур нь сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнө мэдэгддэг бөгөөд ирсний дараа зүгээр болдог. Хэрвээ таны хөх сарын тэмдэг ирсний дараа ч зовиурласан хэвээр байвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хөхний хоргүй өвчлөлүүд нь хорт хавдраас илүү элбэг тохиолддог бөгөөд хөхөнд тань ямар нэг өөрчлөлт мэдэгдвэл эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлж байх хэрэгтэй.
Хөхний хорт хавдраас дараах аргуудаар сэргийлэх боломжтой.
1. Жингээ барих
Учир нь тухайн өвчнөөр голдуу илүүдэл жинтэй хүмүүс өвчилдөг байна. Жингээ барьснаар та хөхний хорт хавдар төдийгүй бусад өвчнөөс ч өөрийгөө сэргийлэх юм.
2. Дасгал хөдөлгөөн хийх
Та өдөрт дор хаяж 30 минут дасгал хийж хэвшээрэй. Энэ нь таныг жингээ барихад туслах бөгөөд эрүүл аж, аюулгүй байлгах аж.
3. Согтууруулах ундаанаас зайлсхийх
Хэдийгээр архийг тохируулан хэрэглэвэд зүрхэнд сайн гэдэг ч хорт хавдар үүсгэх магадлалыг 51%-иар ихэсгэх аюултай байдаг. Тиймээс тунг нь тааруулан хэрэглээрэй.
4. Хүүхдээ хөхөөр хооллох
Энэ нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэгэн чухал алхам аж. Учир нь хүүхдээ хөхөөр хооллоход ялгардаг окситоцин гэх даавар нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй байдаг байна.
5. Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах
Энэ нь хамгийн чухал арга юм. Тогтмол шинжилгээнд хамрагдсанаар та өөрийгөө эрүүл эсвэл өвчтэй болохыг эрт, баталгаатай мэдэж болно.