1
Технологиос өөрийгөө чөлөөлж сур
Яг үнэндээ өнөөгийн нийгмийг ийм хиймэл хуурамч болгоход хамгийн том үүрэг “гүйцэтгэсэн” зүйл бол техник технологийн үсрэнгүй хөгжил юм. Өдөр бүр бид өөрсдөө ч мэдэлгүй гар утас, интернэт, компьютерыг өргөн дэлгэр ашиглаж, түүнээсээ хараат болсон байна. Амьдралд эдгээрийг орлох, илүү амьд зүйлс өчнөөн л бий шүү дээ. Гагцхүү та л утаснаасаа харцаа салгаад, түүнийг олж харах хэрэгтэй байгаа юм.
2
Шинэ хүмүүстэй уулзах
Хэдийгээр энд тэндгүй л “Танилын хүрээгээ өргөжүүл”, “Шинэ найзтай бол” гэсэн зөвлөгөө явдаг ч хүмүүст улиг болсон мэт санагддаг тал чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх нь олонтаа. Гэхдээ л энэ үг цаанаа таны төсөөлж ч чадамгүй тийм өндөр ач холбогдол, үр дүнг агуулж байдаг тул битгий үл тоогоорой. Тантай яг ижил биш ч гэлээ, санал бодол нийлсэн, яг л таны төөрсөн ихэр мэт хүн хаа нэгтээ явж л байгаа. Эсвэл бүр танаас тэс өөр бодолтой ч, бие биенээ үгүйсгэх хэмжээний биш харилцаатай ч болж болно шүү дээ. Ингэснээр таны ертөнцийг үзэх бүх л үзэл өөрчлөгдөж, амьдралыг тэс өөр өнцгөөр харж эхлэн, урам зориг орж эхэлнэ.
3
Хааяа ч гэсэн өөрийгөө хамгийн эхэнд тавьж бай
Хайртай хүмүүс, найз нөхөддөө анхаарал халамж тавина гэдэг сайхан чанар мөнөөсөө мөн. Гэхдээ зарим үед бусдыг бодоод өөрөө хохирох хандлага их байдаг тул хүссэн үедээ өөрийн эрх ашгийг нэгт тавьж бай. Ингэснээр та хааяа ч болов санаа амар байж болно.
4
Унтах
Энгийн хэрнээ хүний биед ус агаараас ч илүү хэрэгцээтэй зүйл бол нойр юм. Хүн өдөрт дор хаяж 8 цаг унтах хэрэгтэй. Хэрвээ та гунигтай байвал уянгалаг дуу сонсож, өрөөгөө харанхуй болгож байгаад сайхан унтахыг хичээгээрэй. Сэрэхэд чинь бүх гутранги бодол чинь арилж, бие амарч тайвширан байх болно.
5
Гэр бүл хамгийн чухал нь
Ажил бүтэхгүй, сэтгэл санаа гутруу үед хамгийн түрүүнд чиний хажууд хэн байдаг вэ? Мэдээж гэр бүл чинь л бүгд жинхэнэ сэтгэлээсээ чамд санаа тавьж, тусалж чадна. Тэр үед чи ийм сайхан гэр бүлтэй байдаг би мөн азтай хүн ээ хэмээн боддог байх. Гэр бүлийн нандин чанар, ийм үед л зүрхэнд тултал мэдрэгддэг юм шүү дээ.
6
Аз жаргалаа алдсан газраасаа ахин хайх хэрэггүй
Ихэнх хүмүүс өмнөх алдсан алдаанаасаа суралцах, туршлагажих биш маш ихээр үзэн ядаж, ахин санахыг ч хүсдэггүй. Гэтэл эдгээр алдаанууд л биднийг өдий зэрэгт хүргэсэн гэдгийг давхар санах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн чамайг маш ихээр гомдоож, сэтгэлийг чинь шархлуулсан бол бүх хүнийг битгий тийм гэж бод. Аз жаргал чиний ирээдүйгээс ирдэг болохоос өнгөрснөөс чинь ирэхгүй шүү дээ.
7
“Тэгье” гэж зоригтойгоор хэлж сур
Өөрөөр хэлбэл “Тэгье” хэмээн хэлэхэд чиний амьдралд нэгэн шинэ хаалга нээгдэж байдаг. Найзууд чинь чамайг ямар нэг шинэ зүйл хийж үзье, ийм газар оръё, тийшээ явъя гэх болгонд аманд орсноор нь “Үгүй” гэж хэлж заншсан бол, одооноос эхлээд зоригтойгоор “Тэгье” гэж хэлж байгаарай. Хүний амьдрал богинохон шүү дээ. Хэзээ гэж юм болгоноос хойшоо суух гээв ээ? Бүх зүйлийг үзэж мэдрэхийг хичээ, өөрийгөө зугаацуул. Эргээд танд хэмжээлшгүй их эрх чөлөө, аз жаргал ирнэ.
8
Сөрөг хүмүүсээс бушуу холд
Чамайг цаг ямагт нухчин дарахыг өрөвдөлтэйгээр хичээдэг, уур бухимдлыг чинь бардаг яршигтай хүмүүс байдаг бол тэднийг амьдралаасаа арчин хая. Ингэхийн тулд тэдний хийж байгаа үйлдэл, хэлж буй үгийг үл тоон, зөнд нь орхи. Бат бөх бамбай мэт таны энэ хандлага тэдний сөрөг харьцааг өөрсөдөд нь эргүүлээд цохилт болгон өгдөг юм. Энэ маш чухал асуудал шүү. Та өөрөө өөртөө хийж буй нэгэн том хөрөнгө оруулалт ч гэж ойлгож болно.
9
Бага гомдолло
Заримдаа хэтэрхий их гомдоллоод шүүмжлээд байхаар өөрийгөө хөгширч байна ч гэж бодох юм. Тэгэхээр ийм л хор нөлөөтэй байх нь шүү дээ. Бүх зүйлд гомдоллоод байвал эерэг хандлагыг хүлээж авах “дархлаа” муудаж, бид өөрсдийн мэдэлгүйгээр бүх зүйлийг муу талаас нь харж, шүүмжилсээр байгаад сурчихдаг. Хэрвээ чиний амьдралд болохгүй зүйлс олон байгаа бол хамгийн амархнаас нь эхлэн засч, залруулж эхлээрэй. Харин нэгэнт л засагдахааргүй зүйл байвал гомдолж, уураллаа гээд ямар нэмэртэй гэж?
10
Өөрийгөө бусадтай харьцуулахаа яг одоо зогсоо
Тухайн хүний ажлын ур чадвартай холбоотой асуудлын тал дээр бусадтай харьцуулан чамайг дүгнэж болно. Энэ тохиолдолд байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, түүнээс суралцаж, ахиж дэвжиж байвал сайн. Харин гадаад төрх болон зан чанараа хэнтэй ч бүү харьцуул. Таны хурууны хээ, хэлний хээ, нүдний харц, бие махбод, инээмсэглэл, дуу хоолой гээд л бүх зүйл чинь энэ дэлхий дээр цорын ганц гээд боддоо. Ийм гайхамшигтай гэдгээ одоо мэдсэн юм чинь ахиж өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй шүү.