1. Хүмүүс үнэтэй усыг л жинхэнэ оригинал гэсэн ташаа бодолтой байдаг. "Үнэ дагаж чанар" гэж ярьдаг хэдий ч үнэтэй л гэхээрээ жинхэнэ гэсэн үг биш. Үнэртэй усыг, дууриамал бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, маш ижилхнээр дуурайлган хийж чадна. Тиймээс хамгийн түрүүнд харах ёстой зүйлүүдийн нэг бол цаасан хайрцагны гаднах гялгар уут юм. Оригнал үнэртэй усыг хэзээ ч зузаан гялгар уутаар бүрдэггүй.
Түүнчлэн гаднах уутыг хэрхэн наасан байдлаар нь шинжээрэй. Жинхэнэ усны уутыг хэзээ ч серийн дугаарыг нь халхалж наадаггүй байна.
2. Оригинал усыг, дууриамал уснаас ялгаж мэдэх энгийн аргуудын нэг бол гаднах савлагаан дээрх бичиг, бэхний өнгө, будаг зэргүүд юм.
Тиймээс та юун түрүүнд:
- Задлахаасаа өмнө хайрцган дээрх бичиг, дэвсгэр өнгө, будаг зэргийг нарийн нягталж хараарай. (Дууриамал усны хайрцган дээрх бичгүүд, үсэг зөрөх, үг гээх гэхчлэн алдаатай бичигддэг)
- Үйлдвэрлэсэн улс байгаа эсэхийг нягтлах. Жишээ нь: Made in France гэх мэт...
- Үйлдвэрлэсэн он сар өдөр, дуусах өдөр зэргийг бичсэн байх (Оригинал усанд үйлдвэрийн серийн дугаар, үйлдвэрлэсэн огноо дуусах хугацааг нь заавал бичдэг. Хэрвээ байхгүй бол дууриамал гэсэн үг)
3. Дууриамал усны савлагаан дээр үнэртэй усны спиртийн агууламж, бар код, дахин боловсруулах зурган тэмдэг, серийн дугаар байдаггүй байна.
Тиймээс та:
- Үнэртэй усны найрлагыг нягтлах хэрэгтэй. Оригинал усны савлагаанд хэдэн хувийн спиртийн агууламжтай болохыг заавал бичсэн байдаг.
- Дууриамал усны бар код харахад л андашгүй бүдүүн болхи хийгддэг.
- Оригинал үнэртэй усанд дахин боловсруулах тэмдэг, гал руу хийж болохгүй гэсэн сануулга тэмдгүүд багтдаг.
- Гадна хайрцагны дор байрлах серийн дугаар нь үнэртэй усны саван доорх серийн дугаартай таарч байх. (Хэрвээ серийн дугааргүй бол оригинал биш гэсэн үг)
4. Хайрцагны доторх хийцийн хувьд оригинал усыг хайрцагнаас нь салган авахад хялбар байдаг. Учир нь үнэртэй усны хайрцган доторхийг усны хэмжээнд яг цав тааруулан хийдэг байна. Түүнчлэн материалын хувьд, ихэвчлэн картон цаасаар хийдэг ажээ.
5. Оригинал үнэртэй уснууд ихэвчлэн зөөлөн бүдэг өнгөтэй байдаг. Сурталчилгаа, зурган дээрх гэрэлтүүлгийн нөлөөгөөр үнэртэй усны өнгө тод гүн харагдах талтай.
6. Дууриамал үнэртэй уснуудын хувьд таглаа, материал нь харахад л хуурамч чанар муутай харагддаг. Түүнчлэн оригинал усны таг, савлагаа зэргүүд нь тэгш хэмтэй хийгддэг юм.