Бүгд 3 хүний орцоор бичигдсэн болно.
1. Тахиан махтай “нийслэл” салат
Орц:
-Төмс 4ш
-Лууван 3ш
-Сонгино 1ш
-Даршилсан өргөст хэмх 3ш
-Алим 1ш
-Амтлах төдий ногоон вандуй
-Тахианы цээж мах 200 гр
-Үхрийн цул мах 100 гр
-Чанасан өндөг 4ш
-Лимон 1ш
-Майонез 250 гр
-Бусад амтлагч
Хийх арга:
Тахиа болон үхрийн мах, төмс луувангаа зөөлөртөл нь чанаж болгоод, бүгдийг нь куб хэлбэртэй хэрчинэ. Өндөгөө ч мөн жижиг хэрчинэ. Бусад бүх орцын хамт холиод, давс болон бусад амтлагчаа өөрийн хүссэнээр тааруулж, майонезаар хутгаарай.
2. Гэрийн майонезоор амталсан сам хорхойтой “нийслэл” салат
Салатны орц:
-Сам хорхой 200 гр
-Авокадо 1ш
-Лууван 2ш
-Ногоон өргөст хэмх 2ш
-Ногоон вандуй
-Чанасан өндөг 2ш
Майонезны орц:
-Самар 1 аяга
-Авокадо 1ш
-Хуурай гич 1 цайны халбага
-Цагаан дарс 2 хоолны халбага
-Лимоны шүүс 1 цайны халбага
-Оливийн тос 3 цайны халбага
-Давс
-Хар перец
-Сармис
Хийх арга:
Салатанд хийх луувангаа чанаж болгоод, мөн л жижиг куб хэлбэртэй хэрчинэ. Мөн авокадо, өргөст хэмхээ ч гэсэн хальслаад жижиг дөрвөлжин хэрчээрэй. Харин энэ хооронд майонезаа бэлдье. Самраа (газрын самар, хушны самар) хальсалж угаагаад, хүйтэн усанд 2-3 цаг сойно. Дараа нь самраа миксердээд, үүнийгээ бусад лимоны шүүс, дарс, тос, хуурай гичтэйгээ сайтар холиорой.
3. Орос маягийн салат
Орц:
-Төмс 7ш
-Лууван 5ш
-Дарсан өргөст хэмх 6ш
-Ногоон вандуй – хагас лааз
-Хиам 300 гр
-Цөцгий 100 гр
-Маойнез 200 гр
-Давс
Хийх арга:
Төмс, луувангаа хэт зөөлөн биш, хатуу ч биш чанаж болгоод жижигхэн куб хэлбэртэй хэрчинэ. Хиам, өргөст хэмхээ ч гэсэн жижиг дөрвөлжин хэрчээд, давс болно сонгиноор амтлаад, майонез, цөцгийгөөр хутгана.
4. Мөөгтэй “нийслэл” салат
Энэхүү салат нь цагаан хоолтнуудад зориулсан буюу ямар ч мах, махан төрлийн бүтээгдэхүүн ордгүйгээрээ онцлог юм.
Орц:
Төмс 4ш
Өндөг 4ш
Даршилсан өргөст хэмх 4ш
Ногоон вандуй
Сонгино
Майонез 150 гр
Шинэхэн цагаан мөөг 200 гр
Хийх арга:
Төмс, лууван, өндөгөө чанаад жижиг дөрвөлжин хэрчинэ. Бусад орцоо ч мөн адил. Харин мөөгөө 3 юмуу 4 хуваагаад хийгээрэй. Хамгийн сүүлд амтлагчуудаа хийгээд, майонезаараа хутгах бөгөөд даршилсан өргөст хэмхний шүүсээр үл ялиг амт оруулж болно.
5. Загастай “нийслэл” салат
Орц:
Төмс 4ш
Өндөг 5ш
Давсалсан яргай загас 200-300 гр
Даршилсан өргөст хэмх 3-4ш
Майонез
Загасны түрс 10 гр
Хийх арга:
Төмс, өндөгөө болтол нь чанаад жижиг дөрвөлжин хэрчинэ. Яргай загас, болон өргөст хэмхээ өөрийн хүссэнээр хоёуланг нь ижилхэн хэрчээд түрс болон майонезаараа амтлаарай.