Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Говьд ийм амьтан амьдардаг тухай мэдээлэл 19-р зууны эцсээр эхлэж гарч байсан аж. Их говийн эзэн гэгдэх энэхүү баавгай нь дэлхийн хэмжээнд зөвхөн монгол улсад маш цөөхөн тооны байдаг ба удахгүй устаж үгүй болох аюулд хүрээд байгаа юм.
Манай улс 1953 онд Мазаалай баавгайг улсын тусгай хамгаалалтанд авч улаан номонд оруулж байжээ. “Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй толгой байсан бол өнөөдрийн байдлаар судлаачдын үсний дээжийн судалгаагаар 27 баавгай байгааг тогтоосон. Тэдгээрийн 22 нь эр баавгай аж. Энэ 27 баавгайн 18-д нь байршил тогтоогч хүзүүвч зүүсэн байна.
Хөгжиж буй улс орнууд устаж үгүй болж байгаа нэн ховор ан амьтан, ургамалаа авран хамгаалахын тулд олон нийтийг хамарсан ямархуу том дорвитой ажил хийдгийг та бид мэднэ. Жишээ нь манай урд хөрш дэлхий дээр нийтдээ 1600-гаас илүүгүй байгаа панда буюу хулсны баавгайг дэлхий нийтийн анхааралд оруулан хэрхэн өсгөн үржүүлж байгаа нь бидний нүдэнд бэлэхнээ харагдаж байна.
Өнөөдөр мазаалайд мөхөх аюул учирсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. 1998 онд хийсэн судалгаагаар энэ зүйлийн баавгайг ойрын 15-20 жилд устаж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан нь цаг хугацааны хувьд улам бүр ойртсоор байна.
Мазаалайн тоо тэг рүү дөхөх нэг шалтгаан нь хоол, хүнсний хомсдол. Сүүлийн жилүүдэд ган, зуд дараалан болж үндсэн тэжээл нь болох бажууна, хармаг ургахгүй байна. Мазаалай уг нь махчин амьтан. Амьдралын эрхээр гэдэг шиг амьд явахын тулд хагас өвсөн тэжээлтэн болсон гэдэг. Харин малчид таван хошуу малаа өвсний аль тэжээлтэй, бэлчээр сайтай газрыг сонгон нүүдэллэх болж. Энэ нь мазаалайн нутагладаг дархан цаазат газарууд уруу малаа оруулж өвс тэжээлийн хомсдол үүсгэдэг нь говийн баавгай нь өсч үржихгүй байгаа нэг шалтгаан болжээ.
Мазаалай устаж үгүй болж буй хамгийн том шалтгаан бол хууль бус ан агнуур. Хуулиндаа нэн ховор мазаалайг хууль бусаар эрийг нь 19 сая төгрөгөөр, эмийг нь агнавал 22 сая төгрөгөөр торгохоор заажээ. Мөхлийн ирмэгт ирсэн мазаалайн амийг хэт хямдхан үнэлсэн мэт. Монголоос өөр газар байхгүй нэн ховор амьтан гэдгийг байнга саная.
Мазаалайн үржих орооны үе жилийн наймдугаар сард тохиодог байна. Нэгхэн сарын дотор бие биеэсээ хэдэн зуун километр алслагдсан энэ амьтан хоорондоо эвцэлдэнэ гэдэг бараг үгүйтэй ижил. Иймд аль болох амьдрах орчныг нь сайжруулж, бэлчир сайтай газрыг сонгон нутаглуулах нь зөв. Үүнийхээ хажуугаар хамгаалалтаа чангатгах шаардлагатай.
Мазаалайг хамгаалах их үйлсэд улсаас жилд 100 гаруй сая төгрөг төсөвлөдөг аж. Гэтэл энэ нь бүтэн жилийн хугацаанд судалгаа, шинжилгээний ажилдаа ч хүрдэггүй байна. “Ердөө ирж буцахын зардал гэхэд бинзен нь 3-4 сая төгрөг зарцуулдаг хэмээн” “мазаалай хамгаалах сан”-ийн ажилтан Э.Зоригт ярьж байсан юм. Иймд мазаалайг хамгаалах олон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгж байгууллагаас хандив, тусламж нэрийдлээр мөнгөн босгон өдийг хүртэл ажилсаар иржээ.
Бид мазаалайг ховор гэж зарлан тунхаглаж байснаас бус сурталчлан таниулах, амьдарч буй орчныг нь тэтгэх талаар зохистой менежмент явуулаагүй билээ. Ховор амьтдыг хамгаалах хамгийн оновчтой, үр дүнтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай арга бол амьдрах орчныг нь найдвартай хамгаалах.
Тэгэхээр Хятадын туршлагаар гаршуулан тэжээх аргыг хэрэглэхээс өөр замгүй. Түүнд хулсны баавгайд эдлүүлсэн амьд явах, өсч үржих эрхийг бэлэглэе. Дэлхийн хэмжээнд 30 хүрэхгүй үлдсэн энэ өв баялгаа бид хайрлаж хамгаалж чадахгүй бол түүх болон үлдэх нь.
Энэ бүхнээс дүгнэхэд мазаалай хэмээх устах аюулд тулсан нэн ховор эрдэнийг хувь заяанд нь найдаад зэрлэг байгальд нь орхих, эсвэл гаршуулан тэжээж, удам судрыг нь хамгаалж үлдэх хоёр шийдлийн аль нэгийг яаралтай сонгох цаг болжээ. Мазаалай баавгайг олон болгоход хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.
Нийтлэл бичсэн: М.Уугантамир
Видео