Дорнод аймгийн 3 болон 4-н ихрүүд шинэ орон сууцтай боллоо

2015-11-04, 17:25
8,701
Саяхан буюу 11-р сарын 1-нд “Үндэсний өгөх өдөр”-ийг Монгол улсад зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нэгдсэн олон мянган хүмүүс нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч,халуун сэтгэлийн гараа сунгадаг. Мөн энэ өдрийг Хишиг өдөр гэж нэрлэх нь ч бий.
Дорнод аймгийн 3 болон 4-н ихрүүд шинэ орон сууцтай боллоо


Тэгвэл энэхүү сайн үйлсийн аянд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэгдсэн байна. Түүний мөрийн хөтөлбөрт Дорнод аймагтаа 0,07 га газар өмчлөл бүхий дэд бүтцэд холбогдсон амины орон сууцны жишиг хороолол байгуулж, залуу гэр бүлийг орон сууцжуулахаар тусгасан нь бодит ажил болж, “Залуус” хорооллын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм. Уг хорооллын 2 ширхэг 2 өрөө байрыг Дорнод аймагт энх тунх өсөн бойжиж буй 3 болон 4 ихэр хүүхдүүддээ бэлэглэжээ. Байрны түлхүүр гардуулах ёслол өчигдөр “Залуус” хороололд ёслол төгөлдөр болсон юм.



Хэрлэн сумын 10-р багийн иргэн Баттулга, Оюунномин нарыг Дорнодчууд андахгүй. Өнгөрсөн оны 3-р сарын 13-ны өдөр гурван ихэр нуган үрээ өлгийдөн авсан тэднийх хүүхдүүддээ Б.Бат-Орших, Б.Баттүшиг, Б.Батхишиг хэмээх нэр хайрлажээ. Манай аймагт 1993 онд гурван ихэр хүүхэд мэндэлж байсан бөгөөд Баттулга, Оюунномин нарын хөвгүүд Дорнод аймагт 21 жилийн дараа төрж буй олон ихрүүд юм.

Залуу хосууд маань улсын нийслэлд очиж ихрүүдээ төрүүлсэн ч нутагтаа амьдарч, үр хүүхдээ өсгөхийг илүүд үзсэн. Нутгийн олон түмэн маань ч 3 ихэртээ чадах чинээгээрээ тусалж дэмжиж ирсэн билээ. Гэвч гурван ихрийнх маань орон байрны асуудлаа шийдэж чадалгүй өнөөг хүрсэн байна.



Дорнодчууд бид харин Э.Ганзориг, Б.Хонгорзул нарыг төдийлөн сайн танихгүй болов уу. Э.Ганзоригийнх дөрвөн ихэр хүүхэдтэй бөгөөд эхнэр Б.Хонгорзул нь жил дараалан ихэр хүүхэд төрүүлсэн байна. Дөрвөн ихэр хөвгүүдийг Г.Амарбаясгалан, Г.Амгалан, Г.Амар, Г.Ананд гэдэг. Эцэг эхчүүд нь залуу хүмүүс учир ойр ойрхон мэндэлсэн дөрвөн ихэр үрсээ өсгөн бойжуулахад багагүй хүндрэл гардаг нь тодорхой. Иймээс орон байрны асуудлыг минь шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг аймаг орон нутгийн удирдлага хийгээд УИХ-ын гишүүдэд тавьж байжээ.

“Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” гэсэн ардын сайхан үг бий. Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ч өөрөө арван нэгэн хүүхэдтэй өнөр өтгөн айлын ууган хүү. Тэрээр олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн жаргал зовлонг өөрийн биеэр мэдэх хүний хувьд олон ихэр хүүхэдтэй залуу эцэг эхчүүддээ туслах нь зүйтэй гэж үзжээ.

Ихрийн эцэг эхчүүд шинэ байртай болох гэж байгаа талаараа огт мэдээгүй бөгөөд өчигдөр өглөө л тэдэнд энэ тухай дуулгаж гэнэтийн бэлэг барьсан байна.  Тийм ч учраас байрны түлхүүрээ гардаж авахдаа багагүй сандарч тулгамдаж байлаа. “Залуус” хороолын Хүндэт залуу иргэдээр өргөмжлөгдсөн шинэхэн оршин суугч гэр бүлүүд маань хөршлөн амьдрахаар болсон. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад хоёр гэр бүлийн долоон ихэр хүүхдүүд цөмөөрөө хөвгүүд ажээ.

Ийнхүү Монголчууд бие биедээ халуун сэтгэлийн гараа сунган тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой “Үндэсний өгөх өдөр” арга хэмжээ Дорнод аймагт хоёр залуу гэр бүлийг шинэ орон сууцтай болголоо. Эдгээр залуу гэр бүлийг орон байртай болгоод зогсохгүй нийт Дорнодчууд,  Монгол түмэндээ урам зориг, сайхан сэтгэлийн илчээ түгээсэн УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч Х.Болорчулуун болон “Залуус” хорооллын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч “Дорнод гурил” ХХК, Үндэсний өгөх өдөрт гар бие, хувь нэмрээ оруулсан бүхий л албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст талархал илэрхийлье! Түүнчлэн шинэхэн байранд гал голомтоо бадрааж буй Баттулга, Ганзориг нарын гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()