Сургалтын төлбөртөө нэмэр болгох тэтгэлгүүд...

2015-10-06, 18:00
3,383
Энэ хичээлийн жил улсын хэмжээнд 99 их дээд сургуульд 169 мянган оюутан элсэн суралцаж байна. Өмнөх жилүүдэд энэ тоо 200 мянга хол давдаг байсан ч  манай улс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэний дараах анхны төгсөлт энэ онд тохиосноор төгсөгчдийн тоо эрс буурчээ.
Сургалтын төлбөртөө нэмэр болгох тэтгэлгүүд...


Ингэснээр өнгөрсөн жилүүдэд 35-40 мянган сурагч ЕБС төгсөж, ердөө тал хувь нь л улсын сургуульд элсдэг байсан бол энэ жил бараг бүх төгсөгчид улсын их дээд сургуульд суралцах боломж бүрдсэн юм.

Энэ нь сургалтын төлбөрөөрөө санхүүждэг хувийн их дээд сургуулиудад хүндээр тусаж эхэлсэн тул энэхүү шуургыг сөрж, хөнгөлөлт урамшуулал зарлан, төлбөрөө тодорхой хэмжээгээр буулгахад хүрсэн.

Харин улсын их дээд сургуулиуд эсрэгээрээ инфляцитай уялдан төлбөрөө 5-20 хувиар  нэмээд байна.

Оюутан, түүний гэр бүлийнхний хувьд хамгийн чухал асуудал бол сургалтын төлбөр байдаг. Төлбөрөө төлөхийн тулд хичээл давтах цагаасаа хумсалж, ажил хийж, ээж аав нь өр зээл тавих бол наад захын жишээ.

Хэдийгээр энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд 3000 оюутан 70-100 хувийн тэтгэлэг авахаар болсон ч нийт 169,00 мянган оюутны дөнгөж 1,7 хувийг эзэлж байгаа юм.

Харин үлдсэн хэд нь мөнчгөрөөрөө төлбөрөө төлөөд сурахаас өөр аргагүй гэсэн үг.  Гэхдээ өндөр төлбөр төлөөд, түүндээ түүртэж явах уу? Эсвэл...? гэсэн сонголт өнөөдөр оюутан бүрт нээлттэй болжээ. Тодруулбал оюутанд зориулсан боломжит бүхий л тэтгэлэгт хөтөлбөрийг судалж үзэхэд гэмгүй гэж зөвлөх байна.

Хамгийн наад захын жишээ. Хэрвээ 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж чадвал сар бүр  үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгөө авч чадна. Зөв зарцуулж чадвал энэ мөнгөөр  сурах бичгээ авах, автобус унаандаа суух гээд оюутанд хүнд хөөрхөн нэмэр болно.

Өнөөдөр МУИС байгалийн болон шинжлэх ухааны чиглэлээр суралцах, 650–иас дээш оноотой оюутнуудад 30 хувийн тэтгэлэг олгож эхэлсэн байна. Манай улсад хомсдолтой байгаа инженерийн мэргэжил эзэмшихийг хүсэж байгаа залууст энэ нь  том боломж юм. Ер нь манай улсад хувийн хэвшлийн байгууллагууд, энэ дундаа уул уурхай, банкны салбараас олгодог 20 гаруй тэтгэлэг байна. 

Энэ дундаас манай бизнесийн байгууллагууд дундаас хамгийн анхны тэтгэлгийг Голомт банк олгож эхэлжээ. Тус банкны хувьд өнгөрсөн хугацаанд 1200 оюутанд 1 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгож, энэ жил 13 дахь жилдээ зарлаж байгаа юм байна.

Тус банк өмнөх жилүүдэд сурлагын голч дүн нь 3,5 байх шаардлага тавьдаг байсан бол, энэ жил Монгол Улсын засгийн газраас зарласан хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын голч дүн, хэддүгээр курст суралцаж байгааг үл харгалзан тэтгэлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.  Энэ бол өөрийгөө сориод үзэх бас л нэг боломж.

Ер нь ихэнх нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөрүүд шаардлагатай хэрэгцээний мөнгийг сар бүр олгодог. Тиймээс өөрсдийн оюуны хөдөлмөрөө үнэлүүлж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь оюутан хүн бүрийн зайлшгүй тэмцэх ёстой амжилтын үүд юм.  Учир нь санхүүгийн хэрэгцээгээ ч тодорхой хувиар хангачихна.

Нөгөө талаар тэтгэлэгт хөтөлбөрт хэн дуртай нь бас хамрагдаад байдаггүй болохоор тухайн оюутныхаа сурлага хөдөлмөр, нэр хүндийн илэрхийлэл, төгсөөд ажлын байранд орох суурь нь болж өгдөг байна. Басхүү тэтгэлэгт хамрагдсанаар өөрийгөө дайчилж суралцах нэг хөшүүрэг болж өгдөгөөрөө онцлогтой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн гол шалгуур нь тухайн оюутны сурлагын амжилт буюу голч дүнгээс гадна өөрийгөө нээж хөгжүүлсэн байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, нийгмийн идэвхи, дотоод зорилго, хүсэл тэмүүлэл зэрэг байдаг.

Харин гадаад орнуудын их дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох IELTS болон TOEFL-ийн оноо хамгийн чухал байдаг.

Манай улсын хувьд ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна. Энэ жил ч дээрх улсуудад тэтгэлэг үргэлжлэх нь ээ.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад нэн хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байгаа юм.   Энэ мэтээр эрж хайж чадвал тэтгэлэгт хөтөлбөрүүд багагүй байна. Эцэст нь оюутнууддаа хандаж хэлэхэд хичээл зүтгэл, эрдэм мэдлэгээ үргэлж хурцалж чадвал сургалтын төлбөрт дарлагдах биш, харин ч өөртөө мянга мянган үүдийг  нээж чадах боломжууд олон бий шүү.
“Эх сурвалж: www.news.mn

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.