Улс орнуудын нэрийн хуудас болсон амтат зоогууд

2015-09-17, 20:29
23,877
Гадаадын аль нэг оронд ажлын болон амин хувийн шугамаар явж байгаа хэн боловч тухайн орныхоо үндэсний хоол зуушийг амсч үзэх нь лавтай. Дэлхийн улс орнуудын үндэсний хоол нь аялал жуулчлалын чухал хэсгийн нэг юм. Тиймээс бид та бүхэндээ орон орны нэрийн хуудас болсон шилдэг хоолнуудыг танилцуулж байна.
Улс орнуудын нэрийн хуудас болсон амтат зоогууд


1. Австрали: Уур савссан пирог (Pie floater)
Энэ хоолыг шар тайлахад  зориулсан хамгийн төгс эм хэмээн нэрлэдэг. Австрали маягийн энэхүү махан пирогийг уур савссан шошны шөлтэй хамт иддэг ажээ. Заримдаа дээр нь улаан лоолийн соус, уксус дусааж, давс, перец цацдаг байна.



2. Аргентин : Асадо
Энэ бол грилл дээр шарсан мах юм. Нэг үгээр хэлбэл аргентин маягийн стейк гэж болно. 



3. Австри: Вен шницель
Вен шницель гэдэг нь маш нимгэн зүсч хатсан талханд өнхөрүүлээд сайтар шарсан тугалын мах юм. Ингэж бэлтгэсэн махыг нимбэг, яншуйтай хамт иддэг бөгөөд хачир болгон будаа эсвэл төмс нэмдэг байна.



4. Бельги: Муль-фри
Хясаа болон шарсан төмсийг дэлхийн бусад оронд ч идэж болно. Гэхдээ ийм амт болон халуун ногооны хослолыг Бельгид л мэдэрч болох ажээ. Хясааг олон янзаар бэлдэж (дарстай, цөцгийн тостой, халуун ногоотой, улаан лоолийн шөлтэй гэх мэт) давсалсан шаржигнуур төмс дагалдуулдаг байна. 



5. Бразил: Фейжоада
Бразил бол төрөл бүрийн хоолноос сонголт хийж болох асар том орон билээ. Тиймээс зөвхөн нэг хоолыг онцгойлно гэдэг нь хэцүү асуудал. Гэхдээ "фейжоада" хэмээх өвөрмөц нэртэй хоолыг эндэхийн нэрийн хуудас хэмээн үзэж болох гэнэ. Энэ бол шош, утсан үхэр эсвэл гахайн махтай хоол юм. Ихэвчлэн будаа, навчит байцаа, маниокигийн шарсан гурил, халуун ногоотой соус, бэрсүүт жүржтэй хамт идэх бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг юм байна.



6. Канад: Путин (өргөлт нь И дээр дуудагдана)
Квебекээс гаралтай путин нь илчлэг өндөртэй, маш амттай хоол юм. Илчлэг өндөр тул сэрүүний улиралд идэхэд тохиромжтой бөгөөд шарсан төмс, үйрүүлсэн бяслаг, халуун сүмсний хослол юм.



7. Хятад: Шанхайн банш
Хятад шиг дэлхийд хүн амаараа тэгүүлдэг улсаас хүмүүсийн ихэд таашаан хүртдэг ганц хоолыг олно гэдэг бараг боломжгүй. Гэхдээ шанхай банш буюу "сяо лонг бао" бол энэ хүндэтгэлийг хүртэх эрхтэй хоолнуудын нэг ажээ. Хятадын бусад газраас ялгагдах онцлог нь махан шанзтай шанхай баншийг хулсан жигнүүр дээр ууранд жигнэж иддэг юм байна.



8. Колумб: Арепа
Арепа нь эрдэнэ шиш эсвэл гурилан хайрмал юм. Арепаг гадна тал нь түлэгдэж,шаргалттал нь грилл, шарах шүүгээ эсвэл хайруулын тавган дээр шарж бэлддэг байна. Үүнийг ихэвчлэн өглөөний цайн дээр болон хоолны хооронд өл дарах маягаар цөцгий, бяслаг, өндөг, сүү, сонгино болон сармисны соустай хамт хэрэглэнэ.



9. Коста-Рика: Тамале
Хэрэв та Коста Рика улсад 12 дугаар сард аялж байгаа бол гудамжны өнцөг булан бүрт тамалег олж харах болно. Учир нь энэ хайрмалыг "Зул сарын баяр"-аар хийдэг ажээ. Тамалег гахайн мах, будаа, өндөг, үзэм, олив жимс, лууван, чинжүү гэх мэт төрөл бүрийн шанзтайгаар хийдэг байна. Тамалег гадилын навчинд ороон, модоор галладаг зууханд болгодог ажээ.



10. Хорват: Паж бяслаг
Паж нь ямааны сүүгээр хийсэн хорват хатуу бяслаг юм. Паг арал дээр үйлдвэрлэдэг энэ бяслагийг дэлхийн бүхий л оронд экспортлодог байна.



11. Дани: Ёлеброд
Данийн уламжлалт хөх тарианы талхыг шар айрганд дэвтээн каш шиг болтол нь чанасныг ёлеброд хэмээн нэрлэдэг. Дээр нь цохисон бяслаг тавьж иддэг тул яг л десерт шиг харагддаг байна. Тэжээллэг, амтлаг боловч хөх тарианы талх амтагддаг ажээ.



12. Египет: Молохея
Хойд Африкт харж болох ч, Египетэд анх үүсэж алдартай болжээ. Энэ хоолны Египет хувилбарт "молохеи" хэмээн нэгэн төрлийн гашуун ногооны навчийг ашигладаг байна. Молохейн ишийг авч, жижиглэн хэрчээд кориандр, сармистай шөл бэлддэг. Ихэвчлэн тахиа эсвэл туулайн мах, зарим тохиолдолд хонь, загасны махаар хийдэг байна.



13. Англи: Ростбиф болон йоркшир пудинг
Энэ нь Английн үндэсний хоол юм. Сүмстэй үхрийн мах болон халуун талхтай идвэл зохимжтой.



14. Франц: Потофё
Франц үндэсний хоол болох потофёг хөдөө орон нутгийнхан ихэвчлэн иддэг байна. Энэ нь мах, булцуут ногоо, халуун ногоотой шөл юм. Ер нь бол шөлийг шүүгээд, зөвхөн махтай хамт иддэг уламжлалтай ажээ.



15. Гүрж: Хачапури
Гүрж үндэстний нэрийн хуудас болсон бяслаг, өндөгтэй хайрмал.



16. Герман: Карривурст
Энэхүү алдартай түргэн хоол нь карри, кепчуп дусаасан "братвурст" шарсан зайдас юм. Хачирт нь шарсан төмс дагалдана. Хэрэв та хамгийн амттай карривурстыг амтлахыг хүсвэл Нюрнбергийг зориорой.
 

 
17. Грек: Гирос
Гиросыг үхэр, тугал, гахай эсвэл тахиан махаар хийдэг. Эргэлддэг шоронд хатган шарж, улаан лооль, сонгино, төрөл бүрийн сүмстэй олгоно. Хамгийн амттай бас том гиросыг тус улсын хойд нутгийнхан хийдэг гэнэ.



18. Голланд: Даршилсан май загас
Алимны дарс, улаан дарс, элсэн чихэр, халуун ногоонд дарсан май загасны түүхий мах юм. Үүнийг сонгинотой шарсан шинэхэн талхтай идвэл тохиромжтой байдаг ажээ.



19. Унгар: Гуляш
Гуляш бол дэлхийд алдартай унгар хоол юм. Гуляшийг олон янзаар хийж болох ч, уламжлалт жороор бол үхрийн мах, сонгино, амтат улаан чинжүү, улаан лооль, ногоон чинжүү, төмс, орох бөгөөд заирм тохиолдолд хэрчсэн гурил хийдэг байна.



20. Энэтхэг: тандури дэгдээхэй
Энэтхэгт муж бүрээсээ хамаараад хоолны нэр төрөл эрс ялгардаг гэнэ. Тиймээс онцгойлон нэг хоол сонгож, бүхэл бүтэн нэг улсыг тодорхойлох боломжгүй. Нутгийн хойд зүгт карритэй, амтат талхтай, “махан” хоолыг таашаадаг бол өмнөд хэсгийнхэн халуун ногоотой, голчлон “цагаан хоол” иддэг байна. Хэрэв заавал нэг хоол сонго гэвэл магадгүй "тандур"-ийг энэтхэгийн хамгийн шилдэг хоолоор нэрлэж болох юм. Энэ нь тандури масалад даршилж, тусгай зууханд шарсан дэгдээхэй юм. Энэ хоолыг төрөл бүрийн ногоо, йогуртан сүмс, будаатай иддэг байна.
 

 
21. Индонез: Мартабак
Мартабак бол чихэрлэг бялуу юм. Хөвсгөр пирог дунд үйрмэг шоколадаас авахуулаад үрсэн бяслаг, самар, гадил жимс зэрэг хүссэн амттанаа хавчуулаад л бэлэн болно. Энэ амттанг индонезийн гудамжнууд дахь явуулын хоолны газраас худалдан авах боломжтой.



22. Итали: Пицца
Италийн нэрийг дэлхийд гаргасан хоол "пицца" гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Пицца нь Италид, тэр дундаа Неапольд анх бий болжээ. Неаполийн пицца их зузаан, шаржигнасан гадаргатай, шинэхэн улаан лооль, моцарелла бяслаг, базилик, мах зэрэг өндөр чанартай орц найрлагатай. Энд пицца бол урлаг, пиццаны тогооч нар уран зураачид байдаг.



23. Япон: Кацудон
Мэдээж Японы нэрийн хуудас болж нэр дэвших хамгийн боломжтой хоол гэвэл "суши" билээ. Гэхдээ япончууд кацудоныг сушигээс дутахааргүй алдартай хэмээн үздэг байна. Шаржигнасан амттай, өндөгтэй амталж шаргалттал нь шарсан гахайн махан энэ котлетыг будаатай хольж иддэг ажээ.



24. Казахстан: бешбармак
Бешбармакыг хөрвүүлбэл “таван хуруу” гэсэн утгатай. Учир нь энэ хоолыг анх гараараа авч иддэг байснаас үүдэлтэй юм байна. Үхэр болон хонины чанасан махыг шоо дөрвөлжин хэрчээд, чанаж болгосон нарийн гурилтай холин сонгины соусаар амтална. 



25. Малайз: Наси лемак
Наси лемакыг Малайзын албан бус үндэсний хоол хэмээн үздэг. Энэ хоол нь наргил модны сүүнд болгосон будаа, пандан навчнаас бүрдэнэ. Уламжлал ёсоор бананы навчинд ороон идэх бөгөөд хачирт чинжүү, анчоус, самар, чанасан өндөг дагалдана. Мөн шар тайлах чадалтай хэмээн олон хүн баталдаг байна.



26. Мексик: Моле
Моле соус нь дэлхий дээрх хамгийн амттай бөгөөд хийхэд хэцүү хоол юм. Учир нь үүнийг хийхэд 100 гаруй бүтээгдэхүүн, орц найрлагыг ашигладаг байна. Анх Пуэбло, Оахака мужуудад үүссэн ч одоо тус улсын хаанаас ч олох боломжтой болжээ.



27. Индонез: Рийстафель
Энэ голланд үг бөгөөд хөрвүүлбэл “цагаан будааны ширээ” гэсэн утгатай ажээ. Энэ багц хоол нь өндөгний ороомог, сате, самбал, жимс, ногоо гэх мэт олон арван хачираас бүрддэг байна. хэдийгээр эдгээр хоол нь индонези гаралтай ч тус улсад Голландын колони байх үед бий болсон ажээ.



28. Нигер: Эгуси шөл ба нухаш
Төмсний гурилыг халуун усаар зуурч эсвэл крахмалд чанасан цагаан ямс холин зөөлөртөл нь нухаснаар нухаш бэлэн болно. Эгуси шөлийг уургаар баялаг хулууны үрээр хийх бөгөөд навчит ногоо, ямааны мах, халуун чинжүү зэрэг амтлагчуудыг нэмнэ. Гэхдээ бүс нутаг бүрт уг шөлийг өөр өөрсдийн жороор хийдэг байна.



29. Норвеги: Ракфиск
Энэ бол хэдэн сар даршилсан шорвог тулбага загас юм. Үүнийг бяслаг, сонгино, цөцгийн тостой иддэг. Норвеги улс олон жилийн турш ядуу буурай орон байсан бөгөөд энэ үедээ хөдөө аж ахуй дээр түшиглэдэг байлаа. Норвегид өвөл удаан үргэлжилдэг тул ургацаа эрт хураан, зоорилж дадсан байв. Тиймээс норвегичуудын уламжлалт хоол нь ихэвчлэн дарж даршилсан, утсан, лаазалсан бүтээгдэхүүн байв. Ракфиск ч эдгээрийн нэг юм.



30. Филиппин: Адобо
Адобо нь филипинчүүдийн идэх дуртай уксус, шар буурцагны соус, сармис, ургамлын тосонд дарж бэлтгэсэн (гахай эсвэл тахиан мах) махтай хоол ажээ. Махыг шарахын өмнө уг соусанд дардаг ажээ. Филипинчүүдийн дунд ихээхэн түгээмэл энэ хоол албан бус үндэсний хоолд тооцогддог байна.



31. Польш: Жур
Жур бол тав хүртэл хоног усанд исгэсэн хөх тарианы гурилаар хийсэн шөл юм. Шөлөнд лууван, пастернак, ногоон майлз, ногоон сонгино, сармис, төмс зэрэг хэрчсэн ногоо мөн өндөг, зайдас хийдэг байна.



32. Португали: Франсезинья
Энэ бол талх, гахайн утсан мах, гахайн махан бүрэн утлагат хиам, стейкээс бүрдсэн португал сэндвич юм. Дээрх бүх орцыг хайлсан бяслаг болон улаан лоолийн соусаар амталдаг байна. Энэ хоолыг шарсан төмс, хүйтэн шар айрагтай идвэл тохиромжтой.



33. Румын: Сармале
Байцааны навчинд ороосон цагаан будаа, махан шанзтай энэ хоолыг Румынд ихэвчлэн өвөл иддэг байна.



34. Украин: Борщ
Украинд очсон гадаад хүн бүрийн заавал идэх ёстой хоол бол борщ буюу хүрэн манжингийн шөл юм. Борщыг ихэвчлэн цөцгий дусаан иддэг.



35. Саудын Араб: Кабса
Хумсан цэцэг, кардамон, гүргэм, шанцай, чинжүү, зад болон лаврын навч зэрэг олон төрлийн халуун ногоотой сайхан амт үнэр бүхий будаатай хоол юм. Дээрх бүх халуун ногоонуудаар мах болон ногоогоо амталж, хуураад будаагаар хачирлаж иддэг байна. Ойрхи Дорнодын улс орнуудад түгээмэл боловч Саудын Арабад илүү алдартай ажээ.



36. Шотланд: Хар талхтай утсан яргай загас
Утсан яргай загас бол шотланд гал тогооны салшгүй хэсэг. Шотландчууд яргай загасны махыг шинэхэн нимбэг жимсний шүүсэнд дүрэн хар талхан дээр тавиад бага зэргийн цөцгийн тос эсвэл зүсэм бяслагаар хачирлан шууд иддэг байна.



37. Словакия: Бяслагтай бууз
Ямааны сүүний зөөлөн бяслаг, гахайн махан шанзтай төмсөнд боож чанасан хоол юм.



38. Словени: Краньскийн хиам
Гахайн махан словени хиам. Хиамны 20 хувь нь гахайн утсан мах байдаг бөгөөд давс, ус, перец, сармис зэрэг цөөхөн орц найрлагатай аж.



39. Өмнөд Африк: Билтонг
Өмнөд Африкийн билтонг нь үхрийн хатаасан мах буюу борцоор хийгддэг бөгөөд илүү амттай болдог байна. Давс, халуун ногоогоор амталж хатаасан нарийн борцнууд нь үнэхээр сайхан амттай байдаг ажээ.



40. Өмнөд Солонгос: Панчан
Өмнөд Солонгосын уламжлалт хоолнууд маш олон жижиг хачирнуудаас бүрддэг. Үүнийг панчан гэх бөгөөд бөөнөөрөө суун будаатай холин иддэг жижиг хоолнуудын цуглуулга гэхэд болно. Үүнд: кимчи, шөл, гүчүжан, кальби зэрэг багтана.



41. Испани: Хамон
Халуун ногоотой, даршилсан гахайн утсан махыг гахайн гуяны махаар бэлддэг байна. Испанийн брэнд болсон энэ хоол шарсан талх, хундага дарс, олив жимстэй төгс хосолдог гэнэ.



42. Швейцарь: Рёшти
Нарийн үрүүлээр үрж, хайруулын тавган дээр шаргалттал нь хайрсан төмс. Эхэндээ энэ нь Берн кантоны фермерүүдийн өглөөний хоол байсан бөгөөд сайхан амт нь орон даяар таран түгэхэд хүргэсэн гэдэг.



43. Тайвань: Талх
Энэ бол тахиан мах эсвэл халуун ногоогоор амталсан үхрийн махан шанзтай зузаан зүссэн цагаан талх юм.



44. Таиланд: Пхат тхай
1930-аад оны үед гарсан цагаасаа эхлэн улс орон даяар хүмүүсийн идэх дуртай хоолны нэг болжээ. Цагаан будааны нимгэн хэрчсэн гурилыг дүфү, сам хорхойтой шарж, элсэн чихэр, тамаринд, уксус, халуун чинжүү, загасны соусаар амтална.
 

 
45. Арабын Нэгдсэн Эмират улс: Шаурма
Энэ хоолыг та АНЭ улсын хаанаас ч олох боломжтой. Магадгүй, ийм учраас л хамгийн алдартай хоолны нэг болсон байх. Энэ бол халуун ногоо эсвэл тахинигийн сүмсээр амталж, пита хайрмалд хавчуулсан шарсан мах (ихэвчлэн хонь, тахиа, цацагт хяруул эсвэл үхрийн махны холимог) болон ногооны сэндвич юм.



46. ОХУ: Гурвалжин будаа болон бефстроган
Строганов маягаар бэлтгэж цөцгийтэй халуун сүмс дусаасан энэхүү нарийн хэрчсэн үхрийн махыг оросын уламжлалт хачир болох гурвалжин будаатай иддэг байна.



47. АНУ: Гамбургер
Олон үндэстэн суурьшсан АНУ-д мэдээж маш олон төрлийн хоолны сонголт бий. Гэхдээ Америкийн хамгийн алдартай хоол бол гамбургер гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Мөн шарсан төмс, сүүн коктейль бол гамбургертэй зайлшгүй идэх хачир билээ.



48. Венесуэл: Пабеллон криолло
Жигнэсэн хар шош, махтай цагаан будаа энэ хоолыг өндөг эсвэл шарсан гадил жимстэй хамт иддэг.



49. Вьетнам: Фо
Вьетнам даяар хамгийн алдартай хоол нь гурилтай шөл. Тэд махыг маш олон янзаар бэлтгэж иддэг ч загасны сүмс, цагаан гаа, халуун ногоо, давсаар амталсан цагаан будааны гурилтай шөл заавал дагалддаг байна. Зарим тохиолдолд сонгино, хар перецээр амталсан байх нь ч бий.



50. Уэльс: Кларкын пирошки
Халуун ногоотой махан пирошки нь Уэльсийн Кардиффигээс гаралтай. Пирошкиг нууц жороор хийх боловч заавал мах, ногоо, сүмстэйгээр хийдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()