Гэрийн нөхцөлд загасаар амттай хоол хийх хялбар аргууд

2015-09-18, 19:42
54,170

Дэлхийн гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг бөгөөд биднийг хүрээлэн буй далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрмүүд төрөл бүрийн загасаар баялаг. Тиймээс ч хүн төрөлхтөн загасыг хоол хүнсэндээ болон эмчилгээний журмаар өргөнөөр ашигласаар ирсэн. Загас бүр төрлөөсөө хамаараад өөр өөрийн гэсэн онцлог амт, чанартай. Зарим загасыг шарж идэхэд тохиромжтой байхад нөгөө хэсэг нь давсалж, шөл хийж, утаж хэрэглэх гэх мэт. Ингээд ямар загасыг яаж хэрэглэвэл зохистой талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Гэрийн нөхцөлд загасаар амттай хоол хийх хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хальпин загас
Хальпин загасыг ихэвчлэн шарж, жигнэж, чанаж хэрэглэдэг. Хальпин загасыг цэвэрлэхдээ хэвлий хэсгээс нь эхэлж хайрсыг нь хусдаг байна. Дараа нь толгойг нь тасалж, гэдэс дотрыг нь гаргасны эцэст нүд хэсгээс нь эхэлж хар хайрсыг нь хуулж авдаг. Загасыг угааж, хэвлийн хэсгээр нь сүүлээс толгой хүртэл нь хэрчинэ. Дараа нь нурууны сэлүүрийг авч хаяна. Хуваасан хоёр хэсэг тус бүрийг дахин угааж, нурууны цусыг хусан авч, хөндлөн жижиглэн хуваана. Хоолонд хэрэглэхийн  өмнө нимбэгний шүүс дусааж, давс цацаж өгөөрэй.



Алим, сонгинотой халпинь
Ёроолыг нь тосолсон гүнзгий биш тогоонд алимнууд /хальс, үрнээс нь салгасан, цагариг хэлбэрээр хэрчсэн сонгино, жижиглэн бэлтгэсэн загасны махаа хийгээд нэг аяга бэлэн шөл эсвэл ус нэмнэ. Дээр нь бага зэрэг хуурай цагаан дарс дусааж өгнө. Болсон загасыг шүүж аваад, харин шөлөн дээр нь цөцгийн тос эсвэл масло, давс  нэмнэ. Энэ шөлөө соус болгон ашиглаж, алим, сонгины хамтаар загасыг таваглаад дээр нь асгаж өгөөрэй.
 
Орц:
Халпинь загасны нурууны ясгүй мах - 600 грамм
Алим- 4 ширхэг
Бөөрөнхий сонгино – 2 ширхэг
Хуурай цагаан дарс – 2 хоолны халбага
Цөцгийн тос  - тал аяга
Давс



2. Хэлтэг загас
Хэлтэг загасыг чанаж бас шарж идэхэд тохиромжтой. Энэ загасны гол дутагдал бол маш олон жижиг ястай явдал юм. Хэлтэг загасыг цэвэрлэхдээ хайрсыг нь хусч, гэдэс дотрыг нь гаргаад, угаана. Жижиг хэлтэг загасыг бүтнээр нь үлдээж, харин томуудыг нь бэлтгэх хэмжээндээ тохируулан жижиглээд салфетканд ороогоод цаг байлгана. Хэлтэг загасыг шарахын өмнө нимбэгний шүүсэнд дэвтээж, давслах бөгөөд хоёр талаар нь перц цацаж, сухарт өнхөрүүлнэ. Хэлтэгийг цөцгийн тосонд шарах буюу цөцгий дусаасан усанд чанах хэрэгтэй.



Цөцгийн тосонд шарсан хэлтэг
Хэлтэг загаснуудаа цэвэрлэж, угаана. Том хэлтэгүүдийг жижиглэн, харин жижгүүдийг тэр чигээр нь халаасан шар тосонд шарна. Үүнээс өмнө давс, перцээр амталж, гуриланд өнхөрүүлсэн байх хэрэгтэй. Нэг тал нь шарагдмагц эргүүлээд цөцгий дусаан болтол нь шарна. Ингэж шарсан хэлтэг загасыг гурвалжин будааны зутантай олгоно.
 
Орц:
Хэлтэг загас – 600 грамм
Гурил – 30 грамм
Гурвалжин будаа – 600 грамм
Цөцгий, шар тос – 400 грамм,



3. Мөрөг загас
Мөрөг загасыг чанаж, шарж, жигнэж хэрэглэнэ. Гол мөрний мөрөг загас нь цөөрмийн мөрөг загаснаас амт чанарын хувьд илүүд тооцогддог. Цөөрмөөс барьсан мөрөг загасны өвөрмөц амтыг дарахын тулд шинэ дээр нь уксус биед нь шингээх хэрэгтэй. Мөрөг загасыг нимбэгтэй цагаан эсвэл хушга самарны сүмстэй идэхэд тохиромжтой.



Польш маягаар бэлтгэсэн мөрөг загас
Мөрөг загасыг жижиглэн хувааж, уксус шүршиж, жижиглэн хэрчсэн сонгино, давс, перцээр амтлаад 30 минут байлгана. Ногоонуудыг жижиглэн хэрчиж, амтлагч цацаад, 0.5 литр давстай усанд хийж зөөлөн гал дээр 40 минут хандална.  Шар айраг, коврижка, үзэм, жижиглэсэн миндаль самар зэргийг чанаж бэлдсэн хүнсний ногоотой цуг нэг саванд хийж, холиод бага зэрэг буцалгана. Дээр нь амталсан мөрөг загасаа хийж зөөлөн гал дээр 15-20 минут чанана. Гаргахын өмнө дарсаар амталж, чанасан төмстэй таваглана.
 
Орц:
Дунд зэргийн хэмжээтэй мөрөг загас – 1 ширхэг
Улаан дарс - аяганы тал
Хар пиво - 0.5 литр
Уксус – 2 хоолны халбага
Бөөрөнхий сонгино – 1 ширхэг
Лууван 
Лаврын навч – 1 ширхэг 
Яншуйн үндэс – 1 ширхэг
Сельдерийн үндэс– 1 ширхэг
Нимбэгний хальс – 2 ширхэг
Үзэм – 1 хоолны халбага
Миндаль самар – 1 хоолны халбага
Нунтаг коврижка – 2 хоолны халбага
Бөөрөнхий перец – 3 ширхэг
Давс
 


4. Зоодой загас
Зоодойг хатааж, чанаж, жигнэж, шанз хийхэд хэрэглэнэ. Хайрсыг нь хусч цэвэрлэн, сэлүүр, заламгайг нь авч, угаагаад нимбэгний шүүс дусаан, давсална. Зоодойг алим, тунхуу, улаан дарстай чанаж, исгэлэн байцаатай жигнэж, шанз бэлтгэдэг. Мөн таваглахдаа улаан сүмс болон нимбэг, элсэн чихрийн сиропоор зуурсан самрын нухшан гурилтай олгоно.



Шанзтай зоодой загас
Дунд зэргийн хэмжээтэй зоодой загасыг цэвэрлэж, сэрвээ, нүд, сэрүүрийг нь авч хаяна. Мөн гэдэс дотрыг нь заламгайн нүхээр гарган сайтар угааж, давслаад жигнэсэн цагаан болон гурвалжин будаа эсвэл дарсан байцаагаар дүүргэнэ. Ингэхдээ будаагаа чанаж хэрчсэн өндөг, шарсан сонгино, түүхий өндгөөр амталсан байх хэрэгтэй. Шүүсийг нь сайтар шахсан дарсан байцааг шарсан сонгиноор амталж, бага зэрэг тосонд зөөлөртөл нь жигнэнэ. Ийнхүү шанзалж бэлдсэн зоодой загасны “гулууз” дээр цөцгий дусааж, гурилтай, нухсан сухаарь дээр өнхрүүлээд хайруулын таваг эсвэл шарах шүүгээнд шарна. Шарах явцдаа дээр нь үе үе цөцгий дусаана. Таваглахдаа шарах үед гарсан шүүсийг дээр нь асгаж өгөөрэй.
 
Орц: 
Загас - 600 грамм
Цөцгий -  120 грамм
Сухаарь - 20 грамм
Гурвалжин будаа -  400 грамм (эсвэл 600 грамм дарсан байцаа)
Цөцгийн тос - 60 грамм
Өндөг – 2 ширхэг
Бөөрөнхий сонгино - 2 ширхэг



5. Яргай загас
Яргай загасыг цэвэрлэхээсээ өмнө халуун ууранд байлгахад хайрс нь амархан салдаг. Чанасан яргай загасыг халуун болон хүйтэн гэсэн хоёр байдлаар хэрэглэнэ. Мөн утсан яргайг ногоон вандуйгаар хачирлаж , харин шарсаныг нь цаасан уутанд ороон иддэг. Яргайгаар загасны махан котлет, нухаш бэлдэж, их хэмжээний тосонд шарж, бешамель сүмсээр амтална.



Утсан яргай
Өдгөө олон хүн гэрийн нөхцөлд загас утахад зориулсан жижиг үйлдвэрийг сонирхох болжээ. Энэ нь маш хурдан бөгөөд өртөг багатайгаар гэртээ утасан бүтээгдэхүүн хийхэд дөхөм болж байгаа юм. Хэрэв та цахилгаан утлагын аппаратын тусламжтайгаар яргай загас утахаар шийдсэн бол модны үртсээ нөөцлөхөө мартуузай. Ингэхдээ жимсний, тэр дундаа алимны модыг сонгох хэрэгтэй.
 
Орц:
Яргай загас – 1 ширхэг
Элсэн чихэр – 1 хоолны халбага
Жижиг навчтай хар цай – 1.5 хоолны халбага
Давс
 
Бэлтгэх арга:
Загасаа толгой болон гэдэс дотроос нь салгаад давсална. Түүнчлэн нунтаг хар перец эсвэл зөрөг цэцэг зэрэг амтлагчаар амталж болно. Цахилгаан утлагын зуухаа халааж бэлдэнэ. Зуухандаа загасаа хийгээд эхний 10 минутад утаагүй шарна. Тавиур дээр модны үртсээ нимгэн зулж дэвсэх бөгөөд дээр нь цай, элсэн чихрээ цацаж өгнө. Ингээд тавиурыг зууханд хийж, загасаа 25 минутын турш утна. Дараа нь утлагын зуухаа унтраах бөгөөд загасаа гаргалгүйгээр хагас цаг орчим байлгах хэрэгтэй.



6. Минтай (Сагамхай загасны төрөл)
Минтай нь цэвэр усны сагамхай загасны төрөлд багтдаг. Сүргээрээ явдаг агнуурын энэ загас нь Номхон далайн баруун хойд хэсэгт идээшин амьдардаг ажээ. АНУ-д уг загасыг ихэнхдээ давсалж хэрэглэх ба Япон маягийн сурими бэлдэх тохиолдол ч байдаг. Солонгосчууд ч минтайг ихэд таашаан зооглох дуртай. Тэд минтайгаар хулуу, цагаан лууван, чинжүү, сонгино, цагаан гаа, дүфү, гүчүжантай “тиге“ халуун ногоотой шөл хийдэг байна. Мөн Солонгосын дэлгүүрүүдээр “буго” хэмээх хагас боловсруулсан буюу хатаасан минтай загас зардаг ажээ.



Хайруулын тавган дээр шарсан бүрмэл минтай
Бүрмэл минтайг хайруулын тавган дээр шарвал хурдан болдог. Сайтар халаасан тосонд хэрчиж бэлтгэсэн загасаа хийхэд л болно. Бүрмэл минтайг төмсний нухаш эсвэл гоймон, шинэхэн ногоотой хачирлана. Хоолоо амттай сайхан болгохын тулд сайтар сэврээж, хөлдөөсөн загасны мах сонгох хэрэгтэй. Хэрэв зуурмаг хэтэрхий өтгөн санагдвал шингэлнэ. Зуурмагтаа бага зэрэг крахмал, үрсэн бяслаг эсвэл халуун ногоо нэмж болно. Аль ч тохиолдолд амт нь өөр өөр болох болно.
 
Орц:
Минтайн нурууны мах - 700 грамм
Өндөг - 2 ширхэг
Сүү - 100 мл
Гурил - 150 грамм
Ургамлын тос - 6 хоолны халбага
Давс, перец - амталгаагаар



7. Хилэм загас
Эхлээд буцлам халуун усанд дүрээд, дараа нь толгой, гэдэс дотрыг нь салгаж, угаана. Дараа нь нурууны хэсгийн цусыг цэвэрлэнэ. Хүйтэн усаар угааж, дараа нь хоёр минут орчим буцламгай халуун усанд сойно. Үүний дараа хайрсыг нь хусна. Хэрэв сайн хусагдахгүй байвал дахин халуун усанд дүрнэ. Цэвэрлэсэн загасаа дахин хүйтэн усаар угаана. Хилэм загасыг чанаж, шарж болох бөгөөд мөн бялуу болон илчлэг багатай шөл хийхэд ашиглана.

Хэрэв хилэм загасны шөл гаргаж авах бол томхон саванд бүтнээр нь хийн дээр нь урьдчилан сонгино, перец, лаврын навч, чимх тмин, цагаан үндэс хийн чанаж хөргөсөн загасны бульон эсвэл давстай ус хийнэ. Хэрэв жижиг хилэм загас эсвэл хилэм загасны мах чанах гэж байгаа бол шөлөндөө жижиг хадран загасны бэлэн шөл нэмж өгнө. Шөлөө таглаж, их гал дээр буцалгаж, дээр нь хөвсөн нитгэлийг хамж аваад галыг багасгаж зөөлөн гал дээр болгоно. Дараа нь загасаа гаргаж, арьсийг нь нямбай салгана. Таваглахдаа хурц хутгаар жижиглэн хэрчинэ. Хилэм загасыг шарахдаа буцлам халуун усанд хийн хайрснаас нь салгах бөгөөд шарах үедээ ургамлын тос эсвэл загасны махнаас өөрөөс нь гарч буй тосыг нь дээрээс нь асгаж өгнө.



Орос маягаар бэлтгэсэн хилэм загас
Гэсгээсэн эсвэл шинэхэн хилэм загасыг буцалж буй усанд хийнэ. Дараа нь 2-оос 3 минут хүйтэн усанд сойно. Хайрс, мөгөөрс, загалмай, сэлүүрээс нь салгана. Загасны бульон хийсэн шөлөнд жижиглэн хэрчсэн лууван, яншуй, сонгиноо нэмээд буцалгана. Дараа нь шөлөө шүүгээд дээр нь хэрчсэн өргөст хэмх, улаан лоолийн нухаш, нарийн хэрчсэн мөөг, дарс, өргөст хэмхний даршилсан шүүс хийгээд буцалгана. Дээр нь загасаа хийгээд болтол нь чанаад загасаа хөргөөд өргөн хэрчиж таваглаад сүмс дусаагаарай.
 
Орц:
Хилэм загас – 1 кг
Хуурай цагаан дарс - 1 аяга
Цагаан мөөг - 1 аяга
Лууван – 1 ширхэг
Яншуй – 1 үндэс
Ногоон сонгино -  4 ширхэг
Давсалсан өргөст хэмх – 4 ширхэг
Өргөст хэмхийн даршилсан шүүс - ½ аяга
Улаан лоолийн нухаш – 1 хоолны халбага



8. Май загас
Май загасыг хоолонд хэрэглэхийн өмнө хэр давстай усанд сойсноосоо хамаараад хамаараад дэвтээнэ. Ингэхдээ усаа байнга солино. Шорвог бол 10-20 цаг, бага зэрэг давстай бол 3-4 цаг гэх мэт. Усанд дэвтээсний дараа сүү эсвэл тараганд бага зэрэг байлгавад май загас илүү амттай болдог. Даршилсан болон халуун ногоонд дарсан май загасыг дэвтээдэггүй. Май загасаар хоол хийхдээ толгой, яс, хайрснаас нь салгаж хэрэглээрэй.
 
Усанд дэвтээсэн май загасны хайрсыг хусч цэвэрлэнэ. Ингэхдээ арьсыг нь зүсэхгүйн тулд хурц хутгаар маш болгоомжтой хусах нь чухал. Дараа нь угааж дэлгээд, яснаас нь салгаж, уртааш нь хоёр хуваана. Сүүгээ нэг халбага цөцгийн тостой ууранд хийн цохиж, шигшүүрээр шигшээд, гамбанз дээр гарган дөрвөлжин хэлбэрт оруулан хэвлэнэ. Дараа нь нимгэн зүсээд чанамал болон зүссэн төмс, манжингаар хачирлаж, дээр нь хоёр халбага ургамлын тос асгаад, ногоон эсвэл цагаан сонгино цацаж чимэглэнэ.
 
Май загасыг дараах байдлаар хачирлаж болно. Жижиг мөөг, давсалсан өргөст хэмх, жигнэсэн манжинг уксустай ургамлын тосоор багсраад жижиглэн хэрчсэн яншуй цацаж өгнө. Май загасыг мөн дараах байдлаар бэлтгэж болно. Загасаа цэвэрлэж, дээр дурдсантай адил хэрчиж бэлдээд ¼ цайны халбага бэлэн гичээр багсарч, нэг цайны халбага элсэн чихэр, ½ хоолны халбага ургамлын тос, ½ хоолны халбага уксус, нэг өндөгний шарыг бэлдэнэ.
 
Дээрх орцуудыг бүгдийг нь модон хутгуураар хутгаж, май загасан дээрээ асгаж өгнө. Май загасыг өглөөд зууш маягаар, шарсан, сүмсээр амталсан, шанзалсан, давтсан, махан таташ, холимог хэлбэрээр бэлдэж болно. Мөн утаж, даршилж болно. Дөнгөж барьсан шинэхэн май загасыг шарахад амттай болдог. Мөн пирожки, хуушуур хийнэ.



Гэрийн аргаар бэлтгэсэн май загас
Май загасны гэдэс дотрыг нь гаргаж, толгойг нь салган буцалгаж хөргөсөн усанд хийнэ. Хэрэв май загас хэт шорвог бол өтгөн цай болон хүйтэн сүүнд 30 минутаас нэг цаг хүртэл хугацаанд байлгана. Дэвтээсэн май загасны арьсыг хуулж, ангилан хуваагаад нуруу болон хавирганы яснаас салгаж, хоёр см хэртэй хэрчинэ. Дараа нь паалантай саванд хийн уксус, бөөрөнхий хар переф, лаврын навч, жижиглэн хэрчсэн сонгино, ургамлын тос нэмнэ. Орцуудыг хооронд нь сайтар хольсны дараа бэлэн гич нэмж дахин хутгаад хүйтэн газар нэг цаг байлгана. Ингэж бэлдсэн май загасыг чанаж, жигнэсэн эсвэл чанасан төмстэй хамт иднэ.
 
Орц:
Май загасны мах  - 400 грамм
Лаврын навч – 6 ширхэг
Бөөрөнхий сонгино – 2 ширхэг
Ургамлын тос – 4 хоолны халбага
Гич - 100 грамм
Уксус -  1 хоолны халбага
Перец



9. Цулбуурт загас
Цулбуурт загасыг чанаж халуунаар нь эсвэл хөргөсөн байдлаар хэрэглэнэ. Хоол хийхийн өмнө цулбуурт загасаа цэвэрлэж, гэдэс дотрыг нь гаргаж, загалмайнаас нь салгаад, нурууг нь дагуулан уртааш нь хоёр хэсэг хуваана. Гэдэс дотроос нь салгасны дараа загасаа хүйтэн усаар сайтар угаана. Ингэхдээ усаа хэд хэдэн удаа сольж, нурууны яснаас цусыг арилтал угаана.

Угаасан загасны махаа хэрэглэх хэмжээгээрээ хэдэн хэсэг хувааж тавьж болно. Цулбуурт загасаар исгэлэн шөл, бялуу, нухаш хийж болно. Мөн чанаж, давсалж, утаж хэрэглэнэ. Чанасан цулбуурт загасыг гич, тунхууны сүмс, яншуй эсвэл укропоор чимэглэсэн ургамлын тостой чанасан төмстэй хамт иднэ.



Улаан лоольтой шарсан цулбуурт загас
Цулбуурт загасны арьс, яснаас нь цэвэрлэсэн цул махыг жижиглэн хэрчээд давс, перецээр амтлан улаан буудайн гурилд өнхөрүүлээд ургамлын тосонд шарна. Таваглахдаа хуурсан улаан лоолийн хамт олгоно. Улаан лоолийг дундуур нь хэрчээд, голыг нь авч, давсалж, перцээр амтлан шарна.
 
Орц:
Загас - 500 грамм
Улаан буудайн гурил - 25 грамм
Ургамлын тос - 3 хоолны халбага
Шинэхэн улаан лооль – 400 грамм
Давс, перец



10. Цурхай
Цурхай загасыг хуваахаасаа өмнө хайрсыг нь хусч цэвэрлээд, гэдэс дотрыг нь гаргаж, загалмай, сэлүүрээс нь салгана. Дараа нь угааж, арьсыг нь хуулаад давсалж, хүчиллэгжүүлэгч нэмнэ. 1,5 кг-аас дээш жинтэй цурхай загасыг эхлээд хоёр хэсэг хувааж болно. Ингэхдээ дараах байдлаар хийнэ. Толгойноос сүүл хүртэлх нурууны хэсгээр хавиргыг хадрах маягаар хуваах бөгөөд энэ үед загасны нэг тал ястай нөгөө тал нь ясгүй болж хуваагдана.

Хэрэв сүмсээр амтлах эсвэл загасны махан котлет хийх бол заавал ясыг нь түүх шаардлагатай болно. Хэрэв цурхай загасны махаар котлет эсвэл ороомог хийх бол хайрсыг нь хусалгүйгээр гэдэс дотрыг нь гаргах хэрэгтэй. Загасыг цэвэрлэх үед гарсан толгой, сүүл, сэлүүр, ясыг загасны шөл гаргахад ашиглана.

Ингэхдээ эхлээд сайтар угааж, загалмайг нь авах хэрэгтэй. Цурхай загасны түрсийг хортой гэж үздэг тул шууд хаясан нь дээр. Чанасан цурхай загасыг төрөл бүрийн сүмс, соустай, жигнэсэнийг нь тунхуу, цөцгий, гахайн жигнэсэн өөхтэй иднэ. Мөн хайруулын тавган дээр амталж шарах, котлет, зраз, пудинг хийх зэргээр хэрэглэнэ.



Цурхай загасны махаар хийсэн котлет
Цурхай загасны махыг "махны машин"-аар цагаан талхны зөөлөн голтой хамт татна. Талхаа 10 минут орчим сүүнд дэвтээсэн байх хэрэгтэй. Махан таташийг перец, давсаар амтлаад дахин машиндана. Бэлэн болсон таташ дээр цөцгийн тосоо хийгээд сайтар холиод дундаж хэмжээтэй котлет хэвлэж, сухаарт өнхөрүүлнэ. Хайруулын тавгандаа тосоо халаагаад котлетоо хийж, их гал дээр нэг талаас нь шарна. Дараа нь эргүүлээд галаа багасган 10-15 минут шарна.
 
Орц:
Цурхайн мах - 500 грамм
Цагаан талх - 100 грамм
Сухаар - 3 халбага
Цөцгийн тос – 2 халбага


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()