Зөгийн балны ашиг тус

2015-09-13, 01:42
21,976
Зөгийн бал маш олон талын ашиг тустай бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэднэ. Найрлаганд нь зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни зэрэг 60 гаруй төрлийн эрдэс бодис байдаг гэнэ. Мөн дархлаa бэхжүүлэх, элдэв хордлогыг тайлах, олон өвчнийг анагаахад өргөнөөр ашигладаг ажээ. Харин энэ удаад зөгийн балыг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөөг хүргэж байна.
Зөгийн балны ашиг тус


1. Хаг арилгахад ...
Зөгийн бал нь мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тиймээс үсээ угаах үедээ шампуньтай хольж, хуйхандаа иллэг хийх маягаар угаах нь хагтах болон загатнах зовлонгоос ангижрахад тусладаг аж. Үүний тулд нэг хоолны халбага зөгийн бал дээр нэг цайны халбага ус холиод хуйхандаа хоёр минутын турш иллэг хийх хэрэгтэй. Дараа нь алчуураар боон хоёр цаг байлгаад бүлээн усаар угаагаарай. Ийм маягаар өнжөөд нэг угаавал үр дүнтэй.



2. Шар тайлахад ...
Хөл хөөртэй үдэшлэгийн маргааш зуун зараа зулзагатай нь залгичихсан мэт байдаг. Маргааш өглөө нь зөгийн бал, цагаан гаатай эмчилгээний цай өөртөө бэлдээрэй. Зөгийн балны фруктоз архины метаболизмыг түргэсгэхэд тусалж, харин цагаан гаа нь архинд цочирсон хоол боловсруулах эрхтэн тогтолцоог тайвшруулж, дотор муухайрахыг болиулдаг байна. Үүний тулд хэдэн хэрчим цагаан гаа дээр буцалсан халуун ус хийгээд 10-15 минут хандална. Энэ хугацаанд ус бага зэрэг хөрөх бөгөөд дээр нь 1-2 цайны халбага зөгийн бал нэмээд  өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй.



3. Арьс цэвэрлэгээнд ...
Гэрийн нөхцөлд бэлтгэсэн арьс гуужуулагч нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн гоо сайхны хуучрашгүй нууц юм. Найрлага нь өөрчлөгдөж болох ч (кофены үйрмэг, хүнсний сода гэх мэт) гуужуулагчийн ихэнхи жорд өтгөн, тэжээллэг зөгийн бал гол түүхий эд байсаар ирсэн. Ийм скраб нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны өнгийг сэргээж, толигор, булбарай харагдуулна. Үүний тулд, хоёр хоолны халбага зөгийн бал дээр нэг цайны халбага хүнсний сода холино. Нүүрнийхээ арьсыг урьдчилан чийглэх ёстой бөгөөд гуужуулагчаа тойрог хөдөлгөөнөөр түрхэж, массажлана. Эцэст нь бүлээн усаар сайтар угаах хэрэгтэй.



4. Сорви арилгахад ...
Зөгийн бал нь арьсан дээр тогтсон сорвины улаан гуврууг цайруулж, эдгээхэд тусалдаг. Мөн үрэвслийн болон нянгийн эсрэг үйлчилгээгээрээ арьсны нөхөн төлжилтийг түргэтгэж, хурдан эдгээх чадалтай бөгөөд сорвийг бүдгэрүүлдэг. Үүний тулд, нэг цайны халбага зөгийн бал, мөн хэмжээний наргил модны самрын тос эсвэл чидун жимсний тосыг холино. Зуурмагийг арьсныхаа асуудалтай хэсэг дээр тавьж, хурууныхаа өндгөөр тойрог хөдөлгөөн хийж 1-2 минутын турш иллэг хийнэ. Дараа нь бүлээн алчуураар бигнүүр тавьж, хөртөл нь байлгах хэрэгтэй. Үүнийг сорви бүдгэртэл өдөр бүр давтах шаардлагатай.



5. Батга эмчлэхэд ...
Нүүрээр чинь байнга батга гараад хэцүү байна уу? Тэгвэл асуудлаа зөгийн баланд даатга. Учир нь түүнд агуулагдах нянгийн эсрэг болон чийгшүүлэх үйлчилгээ нь батга эмчлэхэд төгс тохирдог. Мөн үрэвслийг намдааж, улайлтыг багасгах болно. Үүний тулд, зөгийн балыг батгатай хэсэг дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ арга нь батгатай хэсэгт үйлчлэхийн зэрэгцээ батганы эсрэг хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэж цочирч, хуурайшсан арьсыг зөөлрүүлж, чийгшүүлнэ.



6. Арьс чийгшүүлэхэд ...
Зөгийн бал нь арьсанд чийг, агаарыг илүү нэмэгдүүлж, улмаар арьсны гүн давхаргад хадгалдаг гайхалтай чийгшүүлэгч байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Чухам иймээс л бид арьс “чийглэг” боллоо гэж ярьдаг шүү дээ. Үүний тулд, нэг цайны халбага зөгийн балыг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж арилгана. Мөн үрчлээний эсрэг зөгийн бал, авокадо жимсний бигнүүрийг туршаад үзээрэй. Үүний тулд танд нэг халбага зөгийн бал болон боловсорч гүйцсэн авокадо жимсний зөөлөн эд /тал/ хэрэг болно. Холимгийг арьсан дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.



7. Хумсны мах зөөлрүүлэхэд ...
Хатаж, хуурайшсан хумсны мах гарыг муухай харагдуулдаг төдийгүй эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаагийн дохио болдог. Учир нь энэ нь мөөгөнцөр эсвэл нян үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг. Харин цэвэр зөгийн бал нь тэжээллэг бодисууд болон ферментүүдээр баялаг тул энэ хэсгийн махыг чийгшүүлэн зөөлрүүлж өгдөг байна. Үүний тулд, нэг цайны халбага зөгийн балыг ижил хэмжээний алимны цэвэр уксус болон наргил модны самрын тостой хольж хумсны махыг өдөр бүр арчиж, 10 минутын дараа гараа угаана.



8. Түлэнхийн шарх анагаахад ...
Дэлхий даяар зөгийн балыг түлэнхийгээс үүссэн шархыг анагаахад ашигласаар иржээ. Энэ тохиолдолд зөгийн бал нь өвдөлтийг намдааж, эд эсийг нөхөн төлжүүлэх үйл явцыг түргэсгэж, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр халдвар үүсэхээс сэргийлж өгдөг байна. Үүний тулд түлэгдсэн хэсэгтээ зөгийн балыг маш нимгэн түрхэж өгөх хэрэгтэй. Зөгийн бал арьсанд шингэх үед дээр нь давхарлан түрхэнэ.



9. Харшил эмчлэхэд ...
Энэ арга нь үр дүнтэй гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй ч олон хүн улирлын чанартай харшлын үед зөгийн балыг хэрэглэдэг. Зөгийн баланд бага хэмжээгээр агуулагдах тоосонцор нь дархлааг дэмжиж, харшлын шинж тэмдэгийг багасгадаг гэнэ. Үүний тулд, өдөрт 2-3 цайны халбага зөгийн бал идэх нь таны биед тустай.



10. Ханиад дарах, хоолойн өвдөлт намдаахад ...
Зөгийн балны нян болон үрэвслийн эсрэг, халуун бууруулах чанар нь хоолойн үрэвсэл болон ханиалга, хамрын шуухинаа дарахад тустай. Ханиад томууны эсрэг энэхүү ардын эмчилгээ нь өртөг багатайн дээр хүүхдэд аюулгүйгээрээ давуу талтай юм. Үүний тулд, 1-2 хоолны халбага зөгийн балыг нэг ширхэг нимбэгийн шүүстэй холиод ууна. Ингэхдээ залгихаасаа өмнө амандаа хэсэг хугацаанд байлгаарай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()