Эцгийнхээ голомтыг залгаж, эх орныхоо төрийг түшилцэх “НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ” нэгдэцгээе

2015-08-03, 19:22
3,119
Монголчууд бид тусламж хэрэгтэй хэн нэгнийхээ төлөө нэгдэж чаддаг гэдгийг олон жишээ харуулж байна. Хамгийн сүүлд л гэхэд галаас дүүгээ аварч өөрөө амь эрсдэх шахсан А.Цэрэнтогтох хүүд туслах “Ахыг аваръя” аян амжилттай өрнөж үр дүнгээ өглөө.
Эцгийнхээ голомтыг залгаж, эх орныхоо төрийг түшилцэх “НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ” нэгдэцгээе


Өөрөөр хэлбэл, сайхан сэтгэлт Монгол түмнийхээ дэмээр 16-хан настай А.Цэрэнтогтох хүү эрүүл саруул амьдрах боломжтой болсон. Энэ бол хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин зовлонг олон хүний сэтгэлийн дэмээр даван туулж болдгийн хамгийн сүүлийн жишээ. Олны хүч оломгүй далай гэдэг.

Элэг нэгт Монгол ахан дүүс нарыгаа дахин эрүүл энхийн төлөө нэгдэхийг уриалж байна. Учир нь бидний найз Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харъяат Н.Ариунжаргал нь элэгний B,D вирус, архаг хатуурал (элэгний цирроз)-тай гэж оношлогдсон тул Энэтхэг улсад маш яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Донороо олсон хэдий ч хагалгааны зардалд 100 сая гаруй төгрөг төлөх шаардлагатай болжээ. Тиймээс бүгдээрээ “НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ” аянд нэгдэж түүнд тусламжийн гараа сунгацгаая. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж авахад тэвэнгээр тусалсан нь дээр” ардын сайхан зүйр үгийг санаж бүгдээрээ Н.Ариунжаргалдаа урт удаан амьдрал бэлэглэе.

Н.Ариунжаргал нь эцгийн голомтыг залгах айлын ганц хүү, эх орныхоо төрийг түшилцэх манлайлагч залуу юм. Тэрээр МУИС-ийг алтан медальтай төгссөн бөгөөд одоо Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хүмүүнлэгийн хорооны тэргүүлэгч гишүүн, Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны дэд тэргүүн, Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажил эрхэлж нутаг усныхаа хөгжил, найз нөхөд, олон түмний сайн сайхны төлөө хичээнгүйлэн зүтгэдэг манлайлагч залуусын нэг юм.

Мөн тэрээр 2006 онд Монголын хүүхдийн ордны “Эрдэм” мөнгө, 2008 онд “Эрдэм” алтан медаль, 2010  онд Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны “Эрдмийн-Од” алтан медаль, 2012 онд Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны “Алтан-Од”, МУИС-ийн “Шилдэг оюутан” алтан медаль, “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” илтгэлийн уралдааны гуравдугаар байрын шагнал, 2014 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Нийгэм, олон нийтийн салбарын оны онцлох хүн” зэрэг олон шагналтай.

Эрүүл энх байж ихийг бүтээхэд туслах “НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ” аянд нэгдэхийг уриалж байна. Аянд нэгдсэн та бүхэн “Голомт” банкны 1905018335, ХААН банкны 5676145099 дансаар дамжуулан Н.Ариунжаргалд урам зориг хайрлаж, урт удаан амьдралыг нь гэрэлтүүлээрэй. Таны “НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ” хийсэн буян насан туршид чинь бахархах сэтгэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк хаяг
https://www.facebook.com/naiziinhaatuluu















































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.