Сүнс шүглэсэн аймшигтай цайзууд

Эртний сүрлэг цайзууд нь дундад зууны үеийн хөлөг баатар, үзэсгэлэнт гүнж эсвэл зүгээр л домог, ам дамжин ирсэн түүхээрээ бидний зүрх сэтгэлийг эзэмдсээр байдаг нь нууц биш. Харин өнөө үеийн бид эртний тэрхүү цайзуудын нууц агуулсан нарийнхан хонгилыг судалж, гэрэл үл ялиг туссан шатаар дээш өгсөн чулуун цамхагийн орой дээрээс алсыг тольдохыг хүсдэг билээ. Ингээд дэлхийн хамгийн аймшигт түүхийг агуулсан цайзуудыг танилцуулж байна.
Сүнс шүглэсэн аймшигтай цайзууд


1. Шотланд дахь Эдинбургийн цайз
Гүнжийн цэцэрлэгийн өмнө сүндэрлэх энэ агуу цайз Европын хамгийн аймшигтай хий үзэгдлүүдтэй хотод оршдог байна. 900 гаруй жилийн настай уг бэхлэлт цайз нь эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл дээр баригдсан бөгөөд дэлхийн хамгийн нууцлаг сүнснүүдийн гэр хэмээн яригддаг ажээ. Цайзад орж үзсэн зарим хүмүүс нэгэн жигд цохилттой бөмбөрийн чимээ сонсогдсон, зарим нь бүр бөмбөрчнийг өөрийг нь харсан хэмээн ярьдаг бөгөөд түүхэнд тэрхүү бөмбөрчин цайз руу дайрах агшинд хамгийн түрүүнд алагдсан, толгойгүй сүнс гэнэ. Мөн цайзын оршуулгын газрын эргэн тойронд нохдын сүнс тэнүүчлэх бөгөөд цамхаг дотор ойлгомжгүй зүйлс их болдог хэмээн ам дамжин ярьцгаадаг байна.



2. Английн Стаффордшир дахь Тамуэрт цайз
Хэдийгээр Английн Стаффордшир дахь Тамуэрт цайзад урд өмнө нь цус сорогч зэрэг хүн бус амьтад огт амьдарч байгаагүй ч ордны дотор тал норманы загвар хийцтэй, ямар нэгэн таагүй сэтгэгдэл төрүүлж, нуруу хүйт даам аймшигтай ажээ. Тамуэрт цайзын хамгийн алдартай “оршин суугчид” нь Харанхуйн хатагтай болон Цагаан хатагтай нар юм. Тэднийг цайзын эргэн тойронд харж эсвэл сонсч болох ажээ. Цагаан хатагтай нь хайртай залууг нь хороосныг мэдээд цайзын оройгоос үсэрч амиа хорлосон нэгэн бол Харанхуйн хатагтай нь Эдита хэмээх нэртэй гэлэнмаагийн сүнс юм байна. Тэрээр хар хорын шившлэгээр бусад гэлэнмаа нарын сүнсийг дуудаж босгодог гэнэ.




3. Английн Девон дахь Берри Померой цайз
Энэ цайзтай холбоотой маш олон домог, хууч яриа байдаг. Английн “Залгамжлал” аялагчдын товчооны хөтөчийн ярьснаар энэ бол Их Британи дахь хамгийн алдартай хий үзэгдлүүдтэй цайз гэнэ. Дотор хоёр эмэгтэйн сүнс оршдог бөгөөд Цагаан хатагтай, Цэнхэр хатагтай гэж нэрлэдэг юм байна. Цэнхэр хатагтай нь хажуугаар өнгөрөх хүмүүсээс тусламж гуйн цайздаа татан оруулдаг гэсэн яриа бий.

Тэр сүнсийг дагаж яваагүй хүмүүс заавал үхэх тавилантай гэнэ. Цэнхэр хатагтай Норманы нэгэн лордын охин байсан бөгөөд төрсөн эцгээсээ хүүхэд олж, төрүүлээд, өөрийн гараар хөнөөсөн гэдэг яриа байдаг ажээ. Харин Цагаан хатагтайг Маргарет Померой гэдэг. Домог ёсоор төрсөн эгч Элинорынхаа гоо үзэсгэлэнд атаархаж, гэмт хэрэг үйлдэн шоронд суусан түүний сүнс өнөөг хүртэл төрлөө ололгүй харанхуйд тэнүүчилдэг хэмээдэг байна.



4. Трансильвань дахь "Бран" цайз
XIV зуунд баригдсан энэ бэхлэлт цайз, Дракулагийн домогтой ямар нэгэн байдлаар холбоогүй ч “Дракулагийн цайз” хэмээх нэрийн дор бүхий л ашиг орлогоо олох зальжин аргыг хэрэгжүүлдэг ажээ. Бран цайзыг нэгэн цагт эзэмшиж байсан Влад Цепеш гэгч нь олзолсон дайснуудынхаа биед гадас сүлбэн тамлах дуртай харгис нэгэн байсан тул Гадас шаагч Влад нэрээрэ алдаршсан байна. Өдгөө энэ цайз музей болж, хааны гэр бүлийнхний эдлэж хэрэглэж явсан тавилга сэлт, урлагийн бүтээлүүдийг олонд дэлгэн харуулдаг болжээ.



5. Уэльс дэх  Боделвиданы цайз

Цайзын нэгэн галарейд амьдардаг нэгэн цэрэг эрийн сүнс энд тэнүүчилдэг. Сэр Жон Хэй Уильямс 1829 онд буюу цайзыг сэргээн засварлаж байх үеэр өрөөнүүдийн нэгнийх нь яндангийн ойролцоогоос хүний араг яс олдсон хэмээн бичиж үлдээжээ. Тэрхүү араг ясыг хананд нь буцаан хийж шавардсан хэмээн ярьдаг байна. Уг цайзад ”'Most Haunted”, “Ghost Hunters International” хэмээх телевизийн алдартай шоунуудын зураг авалт хийгдэж байжээ.



6. Ирланд дахь Данлюс цайз
1586 онд уг цайзаас болж хаадын дунд ширүүхэн тэмцэл өрнөсөн бөгөөд өмнөх эзэмшигчийг дүүжлэн хороосноор түүх төгссөн гэдэг. Нил ягаан өнгийн нөмрөгтэй, толгой дээрээ сүүлтэй түүний сүнсэн бие амиа алдсан Данлюc цайздаа хоргодон үлджээ. 1639 онд цайзын гал тогооны хэсэг далайн усанд автан нурснаар хэд хэдэн зарц амийг авч одсон байна. Өдгөө энд зочилсон хүмүүс цайзын тодорхой хэсэг газар хүйт мэдэрч, бие нь жихүүцдэг бөгөөд тэнд байрлах бэлэг дурсгалын дэлгүүрийн ажилтнууд заримдаа хэн нэгэн номын хуудас шажигнуулан эргүүлэх, радиогийн товчлуур эргүүлэх гэх мэтээр ам дамжин ярьдаг байна. Гэсэн ч эдгээр сүнснүүд хэнд ч хэзээ ч муу зүйл хийж байгаагүй гэнэ.



7. Их Британи дахь Чиллингхэм цайз
Чиллингхэм цайзын хамгийн алдартай оршин суугч бол Цэнхэр хүү /эсвэл гэрэлтэгч ч гэж нэрлэдэг/ юм. Шөнө дунд цайзын “Ягаан өрөөнд” чангаар уйлах  чимээ сонсогдож, орон дээр цэнхэр туяа цацрах эсвэл цэнхэр хувцастай жаал хүү үзэгддэг байна. Мөн уг цайзад байрлах яргалал, тамлалын зэвсэг хэрэгслээр бүрэн тоноглогдсон өрөөг үзэж болох ажээ. Тэнд очиж байсан хүмүүсийн яриагаар цайзын эзэн байсан Тарчлаагч Жон Сэйжийн сүнс гарч ирдэг гэнэ.

Хардалтын улмаас амраг бүсгүй Элизабет Чарлтоныг боомилон хороосон гэх бөгөөд бүсгүйн эцэг алуурчныг шийтгэхгүй бол шотландуудтай холбоо тогтоож, бослого гаргах болно хэмээн урт хөлт I Эдуард хааныг сүрдүүлсэн байна. Ийнхүү хааны тушаалаар Тарчлаагч Сэйжийг цайзын ойролцоо цаазаар авсан гэдэг. Цайзын өөр нэг алдартай “оршин суугч” бол хатагтай Мэри Берклигийн сүнс юм. Түүний сүнс “Саарал танхимд” өлгөөтэй байдаг өөрийнхөө хөрөг зургаас гарч ирдэг хэмээн ярьцгаадаг. Домог ёсоор хатагтай Мэригийн нөхөр түүнийг цайзад ганцааранг нь үлдээгээд дүү охинтой нь цуг явсан гэлцдэг.



8. Дани дахь Драгсхолм цайз

Дани улсад орших цайзуудад ч багагүй нөгөө ертөнцийн бодьгалууд орших бөгөөд хамгийн их сүнстэй гэгддэг нь мэдээж Драгсхолм юм. Энд хамгийн багаар бодоход л 100 орчим сүнс тэнүүчилдэг төдийгүй зуунаас зуун дамжихад сүнснүүдийн тоо нэмэгдсээр байх ажээ. Уг цайз хамба ламын ордноос авахуулаад бэхлэлт хэрэм, шорон хүртэл болж байжээ. Хоёр ертөнцийн дунд хавчуулагдсан алдартай сүнснүүдийн дунд харц залуутай хайр сэтгэлийн холбоотой болсныхоо төлөө төрсөн эцгийнхээ гарт амиа алдаж, ханан дунд цементлэгдэн оршуулагдсан гэх цагаан хатагтайн болон адуу мэт янцгаан тургих чимээгээр хүмүүсийг айлгадаг үл таних гүнгийн сүнс байдаг ажээ.



9. Их Британи дахь Уорикс цайз
1068 онд баригдсан цагаасаа эхлэн маш олон цуст тулаан, үхэл хагацлын гэрч болсон Уорикс цайз өнөөг хүртэл оршсоор байгаа билээ. Цайзын газар дорх хонгилд олзлогдсон дайснуудыг яргалан тамладаг байсан тул уг өрөөнд орсон хүмүүс толгой эргэх, дотор муухайрах мэдрэмжийг одоо хүртэл мэдэрдэг гэнэ. Жуулчдад элбэг үзэгддэг хий үзэгдэл бол цайзыг эзэмшиж байсан хүмүүсийн нэг Сэр Фульк Грэвилл юм. Хүйтэн үдэш тэр өөрийн хөрөг зурагнаас гарч цайзаар хэсүүчлэн, хүмүүсийг үхтэл нь айлгадаг гэжээ.



10. Герман дахь Эльц цайз
Германы Рейнальд-Пфальц хэмээх газар үзэсгэлэнт Эльц цайз 1157 онд баригдсан бөгөөд өнөөг хүртэл эзэмшил нь нэг гэр бүлд харъяалагдсаар иржээ. Одоо Эльцийг тухайн гэр бүлийн 33 дахь үе эзэмшин амьдарч байгаа юм. Уг газар жуулчдыг Германы хамгийн баян тансаг гэр бүл болон хамгийн гоёмсог дотоод заслаараа татсаар байна. Мөн энд цайзын хий үзэгдлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй нь мэдээж. Түүхэд өгүүлснээр цайз хэзээ ч эзлэгдэж, эвдрэн сүйтгэгдэж байгаагүй нь тухайн үеийн хамгаалагч эздээс гадна өвөг дээдэс болох дундад зууны үеийн хөлөг баатруудын сүнс хамгаалж байдагтай холбоотой гэнэ.



11. Австри дахь Моосхам цайз
1208 онд баригдсан Зальцбургийн хамба ламын энэ цайз аймшигт түүхээрээ алдаршсан. Домогт энд олон зуун шулам, ид шидтэнгүүдийн толгойг аван цаазалж байсан гэх бөгөөд тэдгээрийн сүнснүүд нь өнөөг хүртэл Моосхамыг орхиж яваагүй ажээ. Тийм учраас дундад зууны үеийн гайхамшигт энэ ордонг үзэж сонирхож явах үед таны биед хэн нэгэн хүрч байгаа мэт мэдрэмж төрөх, хачин дуу чимээ сонсогдох, эсвэл ямар нэгэн ойлгомжгүй, тайлбарлаж боломжгүй зүйл тохиолдвол гайхах хэрэггүй. Мөн энд адгуусан амьтдын сүнс хорогдсон юм уу эсвэл амьтдаар тахил өргөдөг байсны гэрч болон үлдсэн бод малын болон зэрлэг хандгайн толгойгүй цогцосны зураг ханан дээр байдаг ажээ.



12. Франц дахь Бриссак цайз
Бриссак бол Луар дахь цайзнуудаас хамгийн өндөр нь бөгөөд МЭ-ний XI зуунд баригдсан гэх уг цайз зуунаас зуунд давхар нь нэмэгдэж, өндөрссөөр ирсэн бөгөөд 203 өрөөтэй юм байна. Шөнөөр цайзад чангаар ёолох дуу чимээ сонсогдоно. Нэгэн цагт цайзад Жака де Бризе гэгч язгууртан гэр бүлийн хамт амьдран суудаг байсан гэнэ. Гэтэл нэг удаа шөнө дунд нөхрийнх нь чихэнд эр эм хоёрын хуял тачаалдаа умбан тачаадах дуун сонсогджээ. Тэр босч шалгахаар шийдэн дуу гарч байгаа зүгийг хайсаар олж очтол эхнэр Шарлотыгаа өөр эртэй байхыг гарджээ. Тэр цагаас хойш нууц амрагууд ор сураггүй алга болсон бөгөөд эхнэртээ мадлуулсан нөхөр цайзаа зараад нүүж одсон байна. Гэвч амраг хосууд хэдэн зууны турш шинэ эздээ айлгаж түгшээсээр, чанга орилоон чарлаанаар өөрсдийгөө сануулсаар байгаа гэнэ.



13. Итали дахь Барди цайз
Парма хотоос холгүйхэн, 60 см-ын зайд улаан хашин хад асганы дээр эртний Барди цайз сүндэрлэнэ. Цайзыг 900-аад оны үед Унгарчуудын довтолгооноос хамгаалахын тулд хүн ихээр хөлхсөн замын уулзвараас холгүйхэн бэхлэлт маягаар анх босгожээ. Яваандаа бүтээн байгуулалт өрнөсөөр бэхлэлт нь томоохон номын сан, буу зэвсгийн арвин цуглуулга бүхий баян ордон болж хувирсан гэдэг. Одоо цайз жуулчдаар дүүрч, агуу хайрын домгоороо хүмүүсийг татах болжээ.

Үзэсгэлэнт Солесте хөлөг баатруудын ахлагч Мороэллод дурлаж, цайзын цамхагт хайртай хүнийг ирэхийг хүлээн харуулдан суудаг болсон гэнэ. Гэвч нэг удаа дайн болж, дайснууд ялсан чимээ дуулдсан байна. Солесте хайртай хүнээ тулаанд ялж, бахдал, урам зориг төрүүлэхийн тулд цэргүүддээ дайснуудынхаа хувцсыг өмсгөсөн гэдгийг мэдэлгүйгээр цамхагаас үсрэн амиа хорлосон байна. Харин Мороэлло амраг бүсгүйгээ өөрөөсөө болж үхсэн гэдгийг мэдээд мөн л хаднаас үсэрчээ. Ийнхүү хөлөг баатрын тайван оршоогүй сүнс өнөөг хүртэл хайртай хүнээ хайж цайзаар тэнүүчилдэг болсон байна.



14. Чех дэх Гоуска цайз
Чехийн хойд хэсгийн өтгөн ой шугуйтай хэсэгт сүндэрлэх Гоуска цайз өнөөг хүртэл нутгийн иргэдийг айдаст автуулсаар байна. Дашрамд дурдахад Праг хотоос холгүйхэн, ердөө 50 км-ын зайд орших энэ цайз 13 дугаар зууны үед хачирхалтай шалтгааны улмаас барьж босгосон гэдэг. Тодруулбал цайз дайснуудаас хамгаалах бэхлэлт эсвэл баян, язгууртан гэр бүлийн ордон ч биш байжээ.

Энэ цайз там руу орох хаалга гэнэ. Домог ёсоор одоогийн цайз байгаа газар бол газрын там руу орох шулуун зам бөгөөд тэндээс шулам, чөтгөр, муу ёрын сүнс, босоо ороолонгууд гарч, манай ертөнцөд орж ирдэг гэсэн яриа байдаг. Энэ бүхэн тухайн үед төр барьж байсан хааныг залхааж, там руу ордог хаалгыг дүрслэн цайзыг барих шийдвэрийг гаргуулжээ.

1930-аад онд нацистууд энд ёслол үйлддэг байсан гэх яриа ч бий. Энд хамгийн их тааралддаг сүнс бол толгойгүй хар морь болон хүн-бульдог гэнэ. Дээд даврхын цонхоор хар даашинзтэй эмэгтэй хүний дүрс байнга тодордог тухай ч яриа байдаг. Цайзын газар доорх хонгил руу зөвхөн зоригтой жуулчид л орох бөгөөд тэнд нөгөө ертөнцөөс ирсэн буг чөтгөрүүд одоо болтол байдаг гэх ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()