Интоорын ашиг тус

2015-06-19, 02:00
15,176
Амтлаг, шинэхэн жимс, жимсгэний улирал эхлэж байна. Энэ үед хүмүүс аль болох жимс ихээр хэрэглэж, өвөл хаврын амин дэмийн дутагдлаа нөхөхийн зэрэгцээ гоо сайхан, эрүүл мэндээ давхар тэтгэхийг хичээдэг нь нууц биш. Тэдгээр жимс, жимсгэний дундаас энэ удаад эрхэм уншигч та бүхэндээ интоорын ач тусын тухай мэдээллийг хүргэе.
Интоорын ашиг тус


1. Дархлаа дэмжинэ
Интоор жимс нь өөрт агуулагдах кали, фосфор, кальци, магни, төмөр, натри зэрэг эрдэс бодис, йод, фтор, хром, цайр, зэс, марганец зэрэг бичил элементүүдийн найрлага, амин дэмүүдийн агууламжаараа төдийгүй пектин хэмээх бодисын ачаар бие организмыг бүхэлд нь чийрэгжүүлж, дархлааг дэмждэг байна.



2. Гоо сайхныг тэтгэнэ
Гоо сайханчид интоорын шүүс болон зөөлөн эдээр лосьон, бигнүүр бэлтгэж батга эмчилгээнд түгээмэл ашигладаг. Түүнээс гадна интоорын ийм бэлдмэлүүд нь арьсны уян хатан байдлыг өндөржүүлж, гэмтсэн эд эсийг нөхөн сэргээдэг байна. Мөн интоор идвэл түүнд агуулагдах В1, В2, Е амин дэмүүд нь арьсанд таатай нөлөө үзүүлдэг ажээ.



3. Өөх тостой хоолны сөрөг нөлөөг бууруулна
Интоор жимсэнд ургамлын хүчтэй антиоксидант бодис болох “полифенол” их хэмжээгээр агуулагддаг нь биед хуримтлагдсан өөх тосны солилцоонд эергээр нөлөөлж, илчлэг, тослог ихтэй хоол хүнс хэрэглэх үеийн хор уршгийг багасгахад тусалдаг юм байна.



4. Бамбай булчирхай өвчлөхөөс сэргийлнэ
Интоор жимсэнд агуулагдах йодын өндөр агууламж нь бамбай булчирхайн төрөл бүрийн өвчлөлөөс урьчилан сэргийлэх болон эмчилж эдгэрүүлэхэд юугаар ч орлуулашгүй туслагч болдог байна. Дашрамд дурдахад энэ өвчнөөр 40-өөс дээш насныхан илүү өвчилдөг нь тогтоогджээ. Иймээс интоорыг байнга хэрэглэж дадах хэрэгтэй.



5. Цус багадалтыг эмчилнэ
Мөн төмрийн өндөр агууламж, баялаг амин дэмтэй интоорыг цус багадалтын үед нэмэлт эмчилгээний зорилгоор хэрэглэж болно.



6. Түргэн хугацаанд өл дарна
Интоор жимс нь амттай, ашиг тустай, амархан өл дарж, цатгалан мэдрэмж төрүүлж чаддаг. Энэ түүнд агуулагдах их хэмжээний глюкозын ач юм. Гэхдээ цусан дахь инсулины түвшин эрс буурахаас сэргийлэх үүднээс нэг дор хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.



7. Цээж хорсолтыг намдаана
Ихэнхдээ жимс, жимсгэнэ хэрэглэхэд органик хүчлийн агууламж ихэдсэнээс болж ходоод гэдэсний үйл ажиллагааны тэнцвэр алдагдаж, цээж хорсох мэдрэмж төрдөг байна. Харин интоор жимс нь ойролцоогоор 12 хувийн глюкоз агуулдаг тул дээрх зовиурыг мэдрүүлэхгүй бөгөөд ходоодны хүчил ихэдснээс үүссэн ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл болон архаг хэлбэрийн шархлаатай байсан ч идэж болно гэсэн үг.



8. Чихэрлэг хэрнээ илчлэг багатай
Хэдийгээр глюкозын агууламж өндөртэй ч интоор нь ичлэг багатай хүнсний бүтээгдэхүүнд багтана. /100 грамм интоорт 50 ккал илчлэг агуулагддаг/ Тиймээс бие галбиртаа санаа зовж, жин нэмэхээс айгаад амттан идэж чаддаггүй бүсгүйчүүд айлтгүй идэж болно. Анхааруулахад, хэрэв та чихрийн шижинтэй бол энэ жимс хориотой гэдгийг санаарай.



9. Цусны даралт бууруулна
Интоор нь өөрт агуулагдах “Р  идэвхит нэгдлийн өндөр агууламж”-ийн ачаар даралт хэвийн байлгахад тусалдаг. Мөн шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг байна. Дашрамд хэлэхэд цусны даралт ихэссэн үед бараан улаан буюу хүрэн өнгийн жимс идэж байгаарай.



10. Өвчин намдаагчийн үүрэг гүйцэтгэнэ
Найрлаганд нь багтдаг бодисуудын ачаар интоор жимс нь ревматизм, үений үрэвсэл, хэрх өвчний үед өвчин намдаах, бууруулах чадвартай юм байна. Тиймээс амттан идэнгээ таагүй мэдрэмжээсээ салах нь тааламжтай биш гэж үү?



11. Сэтгэл санааг өргөнө
Хүүхэд насны дурсамж бүхэн сайхан. Тэр дундаа багадаа амтархан идэж байсан жимс, жимсгэний амт одоо ч аманд амтагддаг нь нууц биш билээ. Тэгэхээр хүүхэд насны танил ийм амт таны сэтгэл санааг өргөх нь лавтай. Үүнд мэдээж алим, мандарин, гүзээлзгэнэ, интоор зэрэг багтана.



12. Яс бэхжүүлнэ

Интоор нь кальци болон А амин дэмийн өндөр агууламжийнхаа ачаар ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилт үүсэхээс урьдчилан сэргийлэх болно. Иймээс интоорыг бялуу, чанамал, смузи бэлтгэх, хүүхдийн будаа чанах гэх мэт өдөр тутмын хоол хүнсний хэрэглээндээ өргөнөөр ашиглаж заншаарай.



13. Антиоксидант шинж чанартай
Интоор нь бараан өнгөтэй жимсэнд илүүтэй агуулагддаг антоциан болон  каротиноидуудын баялаг орц, найрлагатай. Чухам эдгээр бодисууд л Е болон А амин дэмтэй нэгдэхээрээ чөлөөт радикалуудтай идэвхтэй тэмцэгч болж, антиоксидант үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь хорт хавдрын эрсдлийг бууруулах, хөгшрөлтөөс сэргийлэх гэх зэрэг олон төрлийн ач тустай юм.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()