1. Клаудия Очоа Феликс (Claudia Ochoa Felix)Клаудия Очоа Феликс нь гэмт хэргийн ертөнцийн тодорхой хүрээнд “Зохион байгуулалттай гэмт хэргийн Ким Кардашьян” гэдгээрээ алдартай. Энэхүү хоч нэрийг тэрбээр “Instagram”-д байнга өөрийн зургийг оруулж байдгийнхаа хувьд олж авсан юм. 2014 онд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харгис аллагаараа цуутай Мексикийн “Los Ántrax” дээрэмчдийн бүлэглэлийн шинэ толгойлогч болсон гэсэн мэдээлэл цацагджээ
Тодруулбал Феликс энэ албан тушаалыг тус бүлгийн толгойлогч найз залуугаа баривчлагдсаны дараа залгамжилсан аж. Түүний найз залуу Эль Чион дөрвөн жилийн өмнө Мексикийн гүүрнүүдээс дүүжлэгдэж үхсэн дөрвөн эрийн үхэлд буруутгагдсан байна.
2. Сандра Авила Белтран (Sandra Ávila Beltrán) Сандра Авила Белтран 1960 оны 10 дугаар сарын 11-нд төржээ. Тэрээр Мексикийн хар тамхины наймааны бүлэглэлийн толгойлогч болсныхоо дараа “The Queen of the Pacific” хэмээн өөрийгөө өргөмжлөх болсон байна. Хоёр удаа гэрлэж байсан бөгөөд нөхрүүд нь цагдаа байж байгаад хар тамхины бизнестэй хутгалдсан хүмүүс байжээ. Мөн түүний хоёр нөхөр хоёул хөлсний алуурчдын гарт амиа алдсан байна.
Белтран их ухаалаг, хэрэг үйлдэх үедээ огт ул мөр үлдээдэггүй гэнэ. 2002 онд түүний хүүг хулгайлж таван сая долларын барьцаа нэхэх үед цагдаа нар тусгай мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд 2007 онд түүнийг зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон, хууль бусаар хар тамхи зарсан хэргээр буруутгажээ.
Мөрдлөгийн үеэр түүнийг хууль бусаар галт зэвсэг хадгалсан, мөнгө угаасан хэрэгт буруутайг нь тогтоосон байна. Байцаалтын үед тэр өөрийгөө амьдрахын эрхэнд хувцас зардаг гэрийн авгай хэмээн мэдүүлсэн бөгөөд өнөөг хүртэл торны цаана сууж байгаа юм байна.
3. Жуди Моран (Judy Moran)Жуди Моран 1944 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн. Тэрээр Австралийн Мельбурн хотын гэр бүлийн гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийн тэргүүн юм байна.
Жудигийн анхны нөхөр Лесли Коул 1982 онд болсон буудалцааны үеэр амь үрэгдсэн бол 2000 онд хүү Марк Коул нь мөн алагдсан байдаг. Тэрээр хоёр дахиа Льюис Моран гэгчтэй гэрлэж хүү Жейсон Мораныгоо төрүүлсэн ч 2003 онд бас л буудуулсан байна. Нөхрийнх нь дүү Де Моран гэгч 2009 оны зургадугаар сард алагдсан бөгөөд тухайн үед Жуди, гурван хамтрагчийн хамт баригджээ. Шүүх ажиллагаа явагдаж байх үед Мораны байшинг үл мэдэгдэх этгээд шатаасан байна. Энэ бүхний дараа Жуди Моран 26 жил хоригдох ял сонсчээ.
4. Тельма Райт (Thelma Wright)Тельма Райтын нөхөр Жеки Райт, Филадельфийн хар тамхины бизнесийн ертөнцийн томчуудын нэг байв. Жеки Райт 1986 онд бусдын гарт амиа алдсан бөгөөд толгойдоо буудуулсан цогцсыг нь хивсэнд ороогоод хаясан байхыг нь олсон байна.
Нөхрөө алагдсаны дараа Тельма гэр бүлийнхээ “бизнесийг” цааш нь авч явахаар шийджээ. Ийнхүү тэрээр Лос Анжелесаас Филадельфи руу хар тамхи нийлүүлдэг бүлэглэлийн толгойлогч болжээ. 1991 онд болсон буудалцаан түүний үзэл бодол, амьдралд өөрчлөлт хийж, хар тамхины наймааны ертөнцийг орхих шийдвэр гаргахад хүргэжээ.
5. Мария Леон (Maria Leon)Мария Леон хэдийгээр 13 хүүхдийн эх ч гэлээ, тэрээр хар тамхи тээвэрлэгч, захиалгат аллага үйлдэгч, хүний наймаа эрхлэгч дээрмийн бүлэглэлийн толгойлогч байсан юм. Эдгээрээс гадна тэрбээр Мексикийн мафийн дэмжлэгтэйгээр Лос Анжелесийн хамгийн аюултай дээрэмчин гэх байр суурийг олж авчээ.
2008 онд түүний хүү Дэнни цагдаа нартай буудалцах үеэрээ амь үрэгдсэн бөгөөд Мария энэ талаар дуулаад Мексикээс хүүгийнхээ оршуулганд оролцохоор яаран хөдөлсөн байна. Түүнийг АНУ руу оруулахыг хориглосон тул Мария хууль бус маршрутаар хил давахаар тохиролцсон байжээ. Яг тэр үед тус бүлэглэлийн гишүүд цагдаа нарын хяналтан дор байсан учир тэрээр бүлэг хүмүүсийн хамт баригджээ.
6. Мария Личчарди (Maria Licciardi)Мария Личчарди 1951 оны гуравдугаар сарын 24-нд төрсөн бөгөөд тэрээр Неаполийн хойд хэсгийг гартаа атгасан “Личчард клан”-ы толгойлогч байжээ. Түүнийг толгойлогч болохоос өмнө энэхүү бүлэглэл нь биеэ үнэлэлт, хүний наймааны ертөнцтэй ямар ч холбоогүй байв.
Харин Мария орлогын шинэ эх үүсвэр бүрдүүлж, насанд хүрээгүй охидыг Албаний мафиас нэг бүрийг нь 2000 доллараар худалдан авч байлаа. Охидод өөр улс оронд ажилд оруулна хэмээн амлаж, зөвшөөрүүлсний дараа хил давуулдаг байжээ. Ядуу буурай улс оронд өлөн зэлмүүн амьдарч байсан охид саналыг дуртайяа хүлээн авч байсан хэрэг. Гэвч тэднийг Неапольд авч ирээд биеийг нь хүчээр үнэлүүлэн мөнгө олж, жинхэнэ боолын амьдралд оруулсан байна. Мөн ийм ажилд тохирохгүй эсвэл улайран эсэргүүцсэн охидыг шууд л цааш нь харуулчихдаг байжээ. Мария Риччарди 2001 онд баригдаж, өнөөг хүртэл торны цаана сууж байгаа.
7. Розетта Кутоло (Rosetta Cutolo)1937 онд төрсөн Розетта Кутоло бол “Nuova Camorra Organizzata” бүлэглэлийн толгойлогч асан, цуутай гэмт хэрэгтэн Рафаэль Кутологийн дүү ажээ. Түүний ах амьдралынхаа ихэнх хэсгийг торны цаана өнгөрүүлсэн тул бизнесээ удирдаж, цааш нь авч явах цорын ганц хүн болох Розеттад даалгах шаардлагатай болжээ. Хэсэг хугацааны дараа тэр ахынхаа дээрмийн бүлэглэлийн толгойлогч боллоо.
Тэрээр өөртөө 16 дугаар зууны үед баригдсан 365 өрөө, теннисны талбай, усан бассейнтай, эртний “Castello Mediceo” цайзыг худалдан авчээ. 1980-аад оны эхээр цагдаа нарт өширхсөн тэрбээр цагдаагийн газрыг дэлбэлэхийг дээрэмчиддээ үүрэг болгосон байна. Энэ үйлдэл нь түүнийг баригдах хүртэлх сүүлийн 10 жилийг оргож зугтсан байдалтайгаар өнгөрүүлэхэд хүргэжээ. 1993 онд үргэлж зугтаж явахаас залхсан тэрбээр цагдаа нарт өөрийн биеэр бууж өгсөн юм байна.
8. Жемекер Томпсон (Jemeker Thompson)“Queen Pin” хочит Жемекер Томпсонг гэмт хэргийн аймшигт ертөнцөд ядуу тарчиг амьдрал нь татан оруулжээ. Тэрээр хэзээ ч мөнгөгүй байхын зовлон, дутуу дулимаг байхын гачланг мэдрэхгүйн тулд юу ч хийхээс буцахгүй болсон үедээ дээрэмчдийн амьдралд хөл тавьсан байна. Тэр өөрийн нөхөр Энтони Мозлигийн хамтаар их хэмжээгээр крэк /хар тамхины төрөл/ зарж эхэлжээ.
Удалгүй хосууд 1980 оны үеийн Лос Анжелесийн хар тамхины наймааны хамгийн том сүлжээний нэгийг бий болгосон байлаа. Хэдэн жилийн дараа Жемекерийн нөхөр буудуулж амиа алдсан ч тэр бизнесээ үргэлжлүүлсээр байв. Шинэ харилцагч нь түүнийг цагдаад матах үед Жекемерт нуугдахаас өөр зам үлдээгүй бөгөөд таван жилийн дараа Лос Анжелест эргэн ирсэн түүнийг цагдаа нар барьж, чанга дэглэмтэй хорих ангид 15 жил ял эдлэх болжээ.
9. Рафаэлла Д’алтерио (Raffaella D’Alterio)Гэмт хэрэгтнүүдийн загалмайлсан эх “Том муур” хочит Рафаэлла Д’алтерио өөрийн нөхөр Никола Пианесег амь үрэгдсэнээс хойш Неаполийн Каморрчуудын шинэ толгойлогч болжээ. Тэр 2012 онд Италийн цэргийнхний явуулсан ээлжит ажиллагааны үеэр бүлэглэлийнхээ 65 гишүүний хамт баригдсан байна. Баригдах үед түүний биеэс 10 гаруй сая доллар бэлнээр гарч ирсэн гэдэг.
Зарим нэг баримтаас сөхөхөд түүний толгойлсон гэмт бүлэглэл, сүүлийн 30 жилийн дотор гарсан 4000 гаруй аллагад буруутай нь тогтоогджээ. Мөн бусдыг сүрдүүлж дарамталсан, мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн, хулгай дээрмийн хэрэг, хууль бусаар галт зэвсэг хадгалсан, хар тамхины наймаа зэрэг олон зүйл ангиар яллагдсан байна.
10. Анна Гристина (Anna Gristina)2012 оны есдүгээр сард дэлхийн бараг бүхий л томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв Анна Гристины тухай байв. Тодруулбал хүний наймаа эрхэлдэг байсан зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэглэлийн толгойлогч баригдсан нь тэгж дуулиан тарьсан байна.
Шүүх хурлын үеэр тэрээр эмсийн хүрээлэн биш зөвхөн танилцах албаны үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн гүрийж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүйг хичээсэн ч олон баримтаар нотлогдсоны эцэст аргагүйн эрхэнд мэдүүлэг өгчээ. Шүүхээс түүнд зургаан сар хоригдох болон таван жил тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд тэр дээрх гэмт үйлдлээрээ 10 гаруй сая долларын ашиг олсон байна.