“ХАНГАРЬД” хотод тавтай морил

2015-04-02, 21:24
15,484
Дэлхийн агаарын бохирдолтой 1100 хотоос Улаанбаатар хоёрдугаарт ордог. Төсөөлөөд хэлэх юм бол нийслэлчүүд  химийн хог шатаасан уурын зууханд амьдарч байна гэсэн үг. Агаарын бохирдлоос  үүдсэн  төрөлтийн гажиг, өвчин эмгэгт сэтгэл эмзэглэдэггүй  гэж үү. Өдрөөс өдөрт тэлсээр байгаа гэр хороолол, угаадас, жорлонгийн нүхтэй  Улаанбаатарынхаа нурууг яаж амраах вэ?  Амьдрахын тулд бус амьд үлдэхийн төлөө Нарантуул зах бараадан ирсэн хөдөөний иргэдээ ад үзсээр суух уу?
“ХАНГАРЬД” хотод тавтай морил


Энэтхэгийн Бомбей, Филиппины Манила, Тайландын Банконг  автомашины түгжрэлтэй хотын тоонд ордог. Хөгжлийн хурдаараа гайхагдсан Токио, Лос-Анжлес хотууд автомашины түгжрлээ шийдэх гэж мэрийсээр байна. Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцдог 200 мянган автомашины тоо иргэдийн уур бухимдал,  цагийн дайсан боллоо. Өдөртөө 150 машин номер авч замын хөдөлгөөнд оролцохоор болж байна.

Аль тэртээ 1975 онд арван мянган машин явахаар тооцоолоод тавьсан замаа  жилийн жилд өргөсгөөд  автомашины түгжрэлээс гарчихна гэж үү. Нөмрөн ирж буй  түгжрэл иргэдийн уур бухимдал, цаг хургацааг хүр хорхой шиг идэх болно. Дугаарын хязгаарлалт, өндөр татвар, машины насжилт зэрэг нь өөрсдийгөө хуурсан  улс төрийн заль мэх гэлтэй. Зоригтой шийдэхгүй л бол Улаанбаатар хотын өвчлөл улам нэмэгдсээр байх болно.

Хятадын Шанхай 13, Бразилийн Сан-Паулу 13, Энэтхэгийн Дели 12, Оросын  Москва 12, Японы Токио найман сая хүн амтай. Харин Улаанбаатар 1,3 сая хүн амтай, Дэлхийн 415 дахь том хот шүү дээ. Тэр хотуудын өмнө тулгардаг зовлон бэрхшээл биднийг бас тойрохгүй.  Монголчууд бид өмнө байгаа бэрхшээлийг тойролгүй дайрах гэж л зүтгэх болов уу.  Хот байгуулсан улс орны өмнө тулгардаг зовлонг туулна гэдэг далай тэнгисийг  сэлээд гатлах адил.

Арьс ширний үйлдвэрийн хаягдал, зах хязгааргүй үргэлжлэх  хогийн цэгүүд, Туул голын бохирдол, Сэлбэ, Дунд голын сүйрлийг харсаар суух уу. Түүхийн дурсгалт газрууд, уул овоог хүртэл нураах зэрлэгшсэн явдлууд үргэлжилсээр байх уу. Цахилгаан дулааны хомсдол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, тэнэмэл хүүхдээ ярьсаар суух уу. Улс төрийн  намуудын хуваагдал, олзоо булаалдах цөөвөр чоно шиг бүлэглэлүүдийн дайныг харсаар байх  уу.

Цахим ертөнцөөр шуурах явган хэрүүл, интернэт дэх сэтгэгдэлээс өөр сэтгэн бодох чадваргүй боллоо гэж үү. Эрчилсэн бараан мэдээ, уур бухимдал, таван төгрөг олох гэж аргаа барсан иргэдийг сэтгэн  сэтгэх бодох зав өгөхгүй байна уу. Тогоотой хоолоо өнгийсөн өлөн ходоодтой хүүхдүүд шиг ард түмэн Оюутолгой, Таван толгойгоос ирэх бүтээн байгуулалтыг хүлээсээр арван жил боллоо.

Улс төрчид  уул уурхайгаас ирэх баялагаа цагаан цаас, зурагтын дэлгэцээр та бидэнд хувааж, хишиг хүртээж  дуусаагүй л байна. Сүү нь татарсан үнээ шиг болсон улс төрчдөө Монгол Улсын төлөө ажиллахыг хичнээн жил хүлээх юм бэ. Ардчиллын буянаар ажилтай, орлоготой, олуулаа хөгжинө гэж 25 жил хүлээлээ. Автобус зогссон хойно  найдвар тасралгүй буудал дээр зогсох оюутан шиг 25 жил хүлээсний эцэст өөртөө итгэх хэрэгтэйг  ойлгов бид.

Залуус бидэнд хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх эрч хүч бий. Цэргээс халагдах гэж байгаа залуу шиг  сонгуулийн хоног тоолдог улс төрчдөөс  тэс өөр хөгжлийн хөтөлбөр байна. Тун удахгүй Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудал баригдана. Миний харж байгаагаар гурван минут тутамд онгоц хөөрч бууж байх болно.  Тэнд Оюутолгойгоос том бүтээн байгуулалт, ажлын байр бий болох болно.

Жилдээ 50-60 сая хүн үйлчлүүлэх олон улсын онгоцны буудалд түшиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн гудамж  байгуулагдаж  МОНГОЛын уул уурхайн  бирж  дэлхийн зах зээлд хувьцаагаа арилжаалах волл стритийн МОНГОЛ загварыг бий болгох залуус бий гэдэгт итгэж байна.Дэлхийн цахим ертөнцөд алдар нь түгсэн компаниудад ажиллах  МОНГОЛ залуусыг шинэ хотод өөрсдийнхөө цахиурын хөндийг байгуулж эзэд нь болоосой гэж хүсч байна.   Морин тойруулга,  казино, гольфийн талбай, зочид буудал, олон улсын  хуралдааны  танхимууд бүхий бизнес төвүүдэд  МОНГОЛ залуус мөнгөө тоолж  байх тийм л хот байгуулагдахыг хүсч байна.

 Хүн төрөлхтөн  “Монголчууд мориор дэлхийн талыг эзэлсэн”  гэж  итгэдэг шигээ Өндөр гэгээн Занабазарын гарын уртай  монголчууд  хот байгуулж чадна гэдгээ  итгүүлэх хэрэгтэй.  Тэгээд ч дэлхийн хүчирхэг компаниуд “Хятадын зуун” гэсэн уриа лоозонд итгээд Бээжинд газар авах гэж уралдаж, дэлгүүрээ нээсэн билээ.
Элсэн цөлд хот байгуулж болдогийг Астана, Дубайгаас харсан. Тэнд байшин барина гээд тоосго, цемент бэлдээгүй. Зүгээр л итгэл найдвар байхад бусдыг нь олон нийт, компаниуд хийдэг юм билээ. Хөшигтийн хөндийд баригдах шинэ хотоо хотоо залуус бид “Хангарьд” гэж нэрлэж байгаа юм. Яг Лас-Вегас хот шиг унтдаггүй, оршин суугчгүй хот байхаар төсөөлж байна. Зорчигчид дараагийн нислэгээ хүлээх зуураа зугаалаад  авдаг, зугаацдаг хотыг бий болгоно.

Улаанбаатарчууд багахан мөнгө хийхийн тулд  нэгэн үе Өмнөговийг паз автобусаар зорьдог байлаа. Харин тэгвэл одоо 600 км биш 30 км  хурдны зам,Богд уулын доогуурх нүхэн гарцаар хурдлах 7км хурдны галт тэргээр саадгүй холбогдох  ХАНГАРЬД ХОТ. Бид бол Египет, Ром шиг улиг болтлоо жуулчдын хөлд дарагдаагүй “шинэ тив”, цоо шинэ соёл иргэншил юм. Хүн төрөлхтөнд   цоо шинэ орчин үеийн  “Хангарьд” хотоо танилцуулах цаг боллоо.  Аялал жуулчлал, бизнесийн томоохон уулзалтууд ч  шинэ хотод төлөвлөгдөж эхлэх нь ойлгомжтой.

 Хичнээн муугаар хэлүүлсэн ч өнөөг хүртэл биднийг өлгийдэн тэтгэсээр байгаа энэ Улаанбаатар хотыг босгосон ахмадын түүх,Хар хоринг сэргээн мандуудах мөрөөдөл,Их Майдар,дагуул хотын олон санаан дунд  залуусын гэх тодотголтой” Хангарьд” хотын нэрийг тамгалан зарлаж  байна. Одоо бол бидний цаг,бид бодитоор бий болгох нөхцөл бүрдэж байна.

  Казахстан, Арабын эмират Улсаас юугаараа дутах бэ. 1700 онд  Петр хаан   Нева мөрний эргийн ойролцоо намаг дунд Санкт-Петрбург хотоо морин тэргээр мод зөөн байгуулж байсан түүхтэй. Бидэнд тийм эр зориг хэрэгтэй. Улаанбаатар хотын ачаанаас үүрэлцэх, замын бөглөрөл, утаанаас салгах цоо шинэ гэрэлт гэгээ бол шинэ хот.  Одоохондоо сэтгэлд минь сүндэрлэж, тун удахгүй Хөшигтийн хөндийн онгоцноос буух гийчдийг соронзон мэт татаж,  нүдийг баясгах “Хангарьд” хотод тавтай морил.

М.Ганбаатар
Дэлгэрэнгүйг khangarid.mn, Facebook page Залуучуудын Хангарьд хот


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.