Ц.Мөнхчулуун: Дугуйчны хамгийн эрхэм чанар тэвчээр юм

2013-09-12, 18:44
5,173
"Mongolia bike challenge-2013" нэртэй олон улсын дугуйн уралдаан саяхан өндөрлөв. Дэлхийн 23 орны 108 дугуйчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон уг тэмцээнд зургаан дугуйчнаас бүрдсэн "Оюу толгой" компанийн хоёр баг амжилттай оролцсон юм. Тус багийн тамирчин, "Оюу толгой" компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн график дизайнер Цогтоогийн Мөнхчулуунтай ярилцлаа.
Ц.Мөнхчулуун: Дугуйчны хамгийн эрхэм чанар тэвчээр юм

"Mongolia bike challenge" уралдааныхаа талаар ямархуу сэтгэгдэлтэй байна даа?
Энэ бол олон улсын чанартай томоохон тэмцээн. Яг тодорхой хэлбэл, жирийн нэг уралдаан тэмцээн ч биш. Байгаль, цаг агаарын бэрхшээлээс эхлээд хамаг л хатуу хөтүүг давж уралддаг нэг ёсны хатуухан сорилт гэсэн үг. Тийм ч учраас challenge \сорилт\ гэж нэрлээд байгаа юм. Зарим нөхөд маань энэ бүхнийг давж чадалгүй замын дундаас уралдаанаа орхисон нь үүний нотолгоо юм.



Уралдаан хэдий хугацаанд ямар чиглэлээр болсон юм бэ?
Уралдааны нээлт өнгөрсөн сарын 31-нд Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборын хажууд болсон юм. Маргааш нь эхний гараандаа гарч есдүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 'Женко тур бюро' компанийн XIII зуун цогцолборын дэргэд барианд орсон юм.

Дугуйчид хэд хэдэн ангиллаар уралдсан гэсэн?
Тэгсэн. Хаан, спортсмэн, мастер-1, мастер-2, ахмад, эмэгтэйчүүд, тандем буюу хос дугуй гэсэн долоон ангиллаар болсон юм. Энэ жил багийн төрлийг нэмсэн. Энэ төрөлд гурван тамирчны бүрэлдэхүүнтэй арван баг оролцлоо. Нэг тамирчин долоон удаа гараанд гарч, нийтдээ 850 км зам туулсан гэсэн үг. Эхний өдөр 120, дараа нь 125 км гэх мэтээр гараа бүр өөр өөр зайтай.



20 гаруй орны 100-гаад дугуйчин оролцжээ. Аль улсаас тамирчид ирэв?
Япон, Голланд, БНСУ, Канад, Хятад, ОХУ, АНУ, Итали, Англи, Шинэ Зеланд зэрэг дугуйн спорт өндөр хөгжсөн орны төлөөлөл оролцсон нь уралдааныг улам өрсөлдөөнтэй, ихээхэн сонирхолтой болголоо.

Зарим нь бэрхшээлээс шантраад уралдаанаа дуусгалгүй нутаг буцжээ. Тэгэхээр аргагүй л чанга уралдаан юм даа. Өөрт чинь хэцүү байв уу?
Тийм ч амар байсангүй ээ. Эхний өдөр 120 км замд уралдах ёстой байлаа. Цаг агаар таатай байсан ч уул, даваа олонтой учраас өгсүүр газарт нь дугуйгаа түрэх үе ч байлаа. Тэр үед өрсөлдөгч маань хажуугаар өнгөрөхөөр шар хөдлөлгүй яах вэ. Тааруухан уралдвал багийнхан маань юу гэх бол гэхээс өөртөө гомдох маягтай.



"Оюу толгой" багт ямар тамирчид уралдав?
Оюу толгой компанийн худалдан авалт, дэд бүтцийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Айван Вэлла, санхүүгийн ерөнхий менежер Жастин Кэри, төслийн ахлах менежер Дэвид Бэтти, Австралиас ирсэн мэргэжлийн хоёр дугуйчин бид зургуулаа.

Уралдааны үед цаг агаар нэлээд таагүй байх шиг байсан?
Эхний хоёр өдөр харьцангуй гайгүй байснаа гурав дахь өдрөөс бороо орж их хүйтэрсэн. Үүнээс болоод давааны замууд шавар шавхай ихтэй болж уралдахад үнэхээр хэцүү байсан шүү. Даваа давж, голоор гарч чадалгүй тэр өдрийн тэмцээнийг зогсоосон. Арга буюу тэндээсээ буцаж айлд ирж дулаацаж бариа руугаа машинаар хүргүүлсэн. Ихэнхдээ гал хөс муутай гэр, майханд хонож байлаа. Энэ мэт бэрхшээл, гарах эрсдэлээс нь айгаад дулаан орны зарим дугуйчин тэндээсээ буцсан.



Уралдааны замд харамсмаар явдал тохиолдов уу?
Хамгийн сүүлчийн өдөр 90 км-т уралдаад барианд ороход гуравхан км дутуу байхад араа солигчийн тросс тасарчихсан. Уул өөд өгсч байсныг хэлэх үү дугуйгаа түрж орой дээр нь гараад л хүнд араатай чигээрээ жийсээр барианд орсон доо. Харин ч сайн дугуйтай тулдаа л барианд орлоо.

Ямар брэндийн дугуйгаар уралдсан юм бэ?
Specialized фирмийн Epic сomp.

Уралдааны эцсийн дүнгээр ямар амжилт үзүүлэв?
Манай компанийн баг дөрөвдүгээрт шалгарсан. Би өөрөө уралдаанд оролцсон тамирчдаас 40, спортсмэн ангилалдаа тавдугаар байрт орсон. Биднийг ийм амжилт үзүүлэхэд бүх талаар тус дэм болсон хамт олон, гэр бүл, уралдааны үеэр арын албанд ажилласан хүмүүст баярласнаа илэрхийлье.



Цөөнгүй хоногийн турш, цаг агаарын хүндхэн нөхцөл байдалд олон зуун км зам туулсан уралдаанд айргийн тавд орно гэдэг чамлах амжилт биш биз дээ?
Мэргэжлийн болон сайн бэлтгэсэн сонирхогчид оролцсон, уулын бартаат замд болсон уралдаанд ийм амжилт үзүүлнэ гэдэг чамлах юм биш. Одоо өөрийгөө дугуй унадаг гэж хүмүүст хэлэхэд ичихээргүй болсон байх.

Тэмцээнд ямар бэлтгэлтэй оролцов?
Гуравхан сар бэлтгээд л тэмцээндээ орсон доо. Ийм богинохон хугацаагаар бэлтгэл хийсэн гэхээр олон жил уралдсан, мэргэжлийн дугуйчид гайхаад байсан шүү. Арга ч үгүй байх, зарим нь бүр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн гэж ярьж байна лээ.

Өдөр тутмын ажилтай хүн чинь бэлтгэлээ яаж базаадаг байна вэ?
Ажилтай үедээ хот дотор, амралтынхаа өдрөөр Тэрэлж явж бэлтгэж байлаа. Наадмын үеэр саяын уралдаан болсон замаар тав хоног бэлтгэл хийсэн юм. Гэхдээ бэлтгэл хийхэд бас амаргүй шүү дээ. Дугуйнаасаа унах, өвдөг, тохойгоо шалбалж халцлах ч энүүхэнд. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас өвөл, хавар, намар бэлтгэл хийхэд их хүнд. Дулаан байранд бэлтгэл хийе гэхэд материал хэрэгсэл нь чамгүй үнэтэй. Зун өглөө эрт 4-5 цагийн үед босоод л бэлтгэлдээ гардаг байсан.

Өмнө нь өөр тэмцээн, уралдаанд оролцож байв уу?
Энэ жил хоёр л тэмцээнд оролцлоо. Тавдугаар сард болсон 'Цахилгаан тээвэр' компанийн нэрэмжит тэмцээнд 40-өөд дугуйчнаас гуравдугаарт орсон.



Та аль нутгийн хүн бэ. Өөрийгөө болон гэр бүлийнхнээ манай уншигчдад танилцуулна уу?
Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Тэндээ аравдугаар ангиа төгсөөд ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийг төгссөн юм. Хоёрдугаар ангиасаа эхлээд “Согоо нуур”, “Меникс дизайн”, “Shinryo prints” зэрэг компанид хэвлэлийн эх бэлтгэгчээр ажиллаж байгаад 2011 оноос “Оюу толгой”-д ажиллаж байна. Айлын хоёр хүүгийн бага нь. Аав маань уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 20 гаруй жил засварчнаар ажиллаж байгаа. Ээж минь гэртээ. Механик инженерийн мэргэжилтэй эхнэр минь гурван настай хүүгээ өсгөж байна.

Олон улсын томоохон уралдаанд оролцоод байхыг бодоход багаасаа дугуйтай нөхөрлөж дээ?
'Оюу толгой' компанид ажилд орохоосоо арай өмнөхөн л дугуй унаж сурсан гэвэл та итгэх үү. Дугуйтай болсон ч унаж чаддаггүй байсан гээд бод доо. Тэгэхээр дугуйтай нөхөрлөсөн хугацаа маань тун богино байгаа биз.

Итгэмээргүй л байна. Та ажилдаа байнга дугуйгаар ирж байгаа харагддаг. Хаанахын дугуй унадаг вэ?
Хятадад угсарсан дугуй, гэхдээ тийм ч муу дугуй биш.

Сайн дугуй худалдаж авъя гэвэл үнэ ханш нь ямархуу байдаг вэ?
Уралдааных бол таван саяас дээш. Дээд зэрэглэлийнхний уралддаг дугуй гэхэд 20 сая төгрөг хүрнэ шүү. Саяын уралдаанд оролцсон зарим гадаадынхны дугуй гэхэд 15-16 мянган ам.долларын үнэтэй байх жишээтэй. Муухан жийпнээс ч үнэтэй гэсэн үг.

Таныхаар дугуйчин хүнд байвал зохих хамгийн эрхэм чанар юу вэ?
Мэдээж, спорт юм болохоор авьяас чадвар, хүч чадал, авхаалж самбаа, өөрийгөө болон тухайн нөхцөл байдал, өрсөлдөгч нараа мэдэрч зөв шийдвэр гаргах ухаан, бэлтгэлээ хэрхэн хангах, хоол унд, амралтаа яаж тохируулах гэх мэт олон зүйл бий. Гэхдээ эзэмшвэл зохих хамгийн эрхэм чанар бол тэсвэр тэвчээр. Саяын тэмцээнд оролцсон эмэгтэйчүүд ёо ёо гээд л уралдаж байна. Энэ бол жинхэнэ тэвчээр мөн.

Ирээдүйнхээ зорилгыг хэлнэ үү?
Ирэх жил засмал замын дугуйн уралдаанд оролцоно, спортын мастер болно гээд өөртөө хатуу үүрэг өгчихсөн байгаа.

Б.БАТБИЛЭГ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()