Дизайнер С.Цэнгүүн

2013-08-13, 19:23
16,063
Сүүлийн үед дизайн гэж хүн бүр л ярих болсон. Арга ч үгүй биз. Яагаад гэвэл одоо дизайнгүй зүйл гэж үгүй болсон шүү дээ.  Тэр дундаа компьютер график дизайныг фото зургаас эхлээд уран сайхны кино, бүтээгдэхүүний сав баглаа боодол гээд алхам тутамдаа хэрэглэдэг боллоо. График дизайн гэж чухам юу байдаг тухай бид “Void” студийн график дизайнер С.Цэнгүүнтэй ярилцлаа.
Дизайнер С.Цэнгүүн

- Яриагаа яагаад график дизайныг сонирхох болсон тухайгаас тань эхэлье?
- Би бүр бага байхаасаа л зураг зурах сонирхолтой хүүхэд байлаа. Аав маань намайг жаахан байхад гарыг минь бариад зураг зуруулдаг байсан. Энэ сонирхол маань хөтөлсөөр дизайнер болсондоо. Би 2004-2008 онд ШУТИС-ийн компьютер график дизайны ангид суралцаж төгссөний дараа хоёр жил мэргэжлээрээ ажилласан. Тэгээд БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан. Тэнд гурван жил ажиллаж байгаад өнгөрсөн онд эх орондоо эргэж ирсэн юм. Ирсэнээсээ хойш “Void” студид мөн л мэргэжлийнхээ дагуу график дизайнер артист мэргэжлээр ажиллаж байна даа. Манай студи одоогоос яг хоёр жилийн өмнө байгуулагдсан. Дандаа залуучууд, дээрээс нь график дизайны мэргэжлийн хүмүүс ажилладгаараа бусад студиэс онцлогтой. Гол төлөв компьютер график ашигласан бүтээл хийхийг чухалчилдаг. Цаашдаа студиэ фото студиэр өргөжүүлэх бүр алсдаа креатив агентлаг болтлоо хөгжих зорилготой ажиллаж байна. Одоогоор манай студи 100-аад уран бүтээл хийгээд байна. Харин би Солонгост сурч байхдаа мэргэжлээ дээшлүүлэнгээ фото зургийн чиглэлийг бас сонирхож эхэлсэн. Энэ чиглэлээр ажилладаг байлаа. Цаашдаа ч энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон улсын логоны тэмцээнд ч оролцдог байлаа.



- Олон улсын логоны уралдаан гэхээр нилээд сонирхол татаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу, ямар амжилт гаргаж байв?
- Олон улсын лого зохиох уралдаан зарладаг www.logotournament.com гэдэг цахим хуудас байдаг юм. Энэ нь тухайн цахим хуудсаар дамжуулж дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тэрхүү цахим хуудсанд өөрсдийн логогоо хийлгэх захиалга өгдөг. Бүртгэлтэй 14 мянган гишүүн энэхүү логоны тэмцээнд оролцох эрхтэй. Миний хувьд хоёр жилийн хугацаанд 19 алтан медаль, 30 гаруй мөнгөн медаль авсан. Дэлхийн 19 компани миний хийсэн логог өөрсдийн лого болгоод ашиглаж байгаа гэсэн үг юм. Харин шагналын хувьд янз бүр  байдаг. Ер нь  хамгийн багадаа 400 доллараас  эхэлдэг. Манай дизайнер залуучууд ч гэсэн энэ уралдаан оролцох бүрэн боломжтой.



- Үнэхээр сонирхолтой бас сайхан сонсогдож байна. Таны эх орондоо ирснээсээ хойш хийсэн ажлуудаас сонирхвол сүүлийн үед ер нь ямар төсөл дээр ажиллаж байна?
-  Би ирснээсээ хойш студи дээрээ видео ажлууд дээр түлхүү ажиллаж байна. Тухайлбал Юнител, Коко Кола зэрэг компанийн 10 гаран рекламан дээр ажилласан. Харин граффик дизайны тал дээр бол хамгийн сүүлд Жалам хар-Gold брэндийн шинэчлэлтийн дизайн дээр ажилалаа.

- “Жалам хар-Gold”  брэндийн шинэчлэл  дээр ажилласан тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу ? Яагаад гэвэл сүүлийн үед энэ брэнд олны анхааралд байгаа шүүдээ.
-  Брэндийнхэн Жалам хар брэндийн шинэчлэлтийн загварыг хийлгэхээр хэд хэдэн дизайнеруудад санал тавьж эхний загвар хийлгүүлж үзсэнээс миний гаргаж өгсөн санаа шалгарсан юм билээ. Ингээд шинэ Жалам хар-Голд брэндийн шинэчилсэн загвар дээр ажиллаж эхэлсэн дээ. Миний хувьд энэ төсөл дээр ажиллахад сонирхолтой өөрийгөө сорьсон ажил байсан. Яагаад гэвэл шилдэг брэнд бүтээгдэхүүний загвар дизайныг бүтээнэ гэдэг бол дэлхийн хаана ч өндөр чадвар нарийн ажиллагааа шаардсан ажил байдаг. Тиймээс харьцангуй их цаг хугацаа зарцуулсан.



-  Ер нь яагаад брэндээ ингэж шинэчлэх болсон юм бол. Энэ талаар таны өөрийн бодол юу вэ?
- Анх “Жалам хар” брэнд маань илүү эрчүүдэд зориулсан, өндөр хатуулагтай гэдгээрээ ялгарч хэрэглэгчиддээ хүрч байсан юм билээ. Харин сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид төдийгүй дэлхий нийтээрээ зөөлөн амтыг илүүд таашааж үзэх болсон нь энэ брэндийн шинэчлэх нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа. Мөн хуучин Жалам хар брэндийн загвар дизайн миний бодлоор өнгөний хувьд хэт бараан байсан нь брэндийн мөн чанарыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байсан болов уу гэж бодогдсон. Би ч гэсэн хэрэглэгчийн хувьд урьд нь хараад өөрчилмөөр санагддаг байсан.

-  “Жалам хар-Gold” брэндийн гадна дизайныг хийхэд хэр урт удаан хугацаа зарцуулсан бол?
- Нийт энэ ажлыг хийж гүйцэтгэхэд нилээд хэдэн сар болсон. Загвараа гаргахаас илүү судалгаан дээр нилээдгүй цаг зарцуулсан. Захиалагч маань бид брэндээ амт чанарын хувьд бүрэн шинэчлэн Golden lager beer буюу Жалам хар-Gold гэсэн брэнд болгож байгаа, энэхүү мөн чанарыг хэрэглэгчдэд бүрэн илэрхийлж чадах, манай брэндэд тохирсон загвар дизайн гаргаад өгөөч гэсэн л дээ. Тэгээд энэ талаар судалгаа хийж олон төрлийн шар айргийн гадна дизайныг судалсан. Ямар өнгө, ямар хэлбэр давамгайлж байна, үүнийг хэрхэн яаж өөрчилбөл зүгээр байна. Бас дээрээс нь алтлаг гэсэн шинж чанарыг агуулсан бусад орны шар айргийн гадна дизайн ямар байдаг вэ, мөн хэрэглэгчдийн өөрсдийнх нь хүсэл сонирхол юу байна. Сонголт хийхэд нь юу нөлөөлдөг вэ мөн Монгол гэсэн мөн чанарыг яаж илэрхийлбэл зүгээр бол гэх зэрэг олон зүйлийг л судалсан. Харин дизайнаа хийхэд сар хүрэхгүй хугацаа л хэрэгтэй болсон доо. Эхлээд 20-оод загвар гаргаад тэндээсээ сонголт хийж, гарсан загвараа ахин дахин сайжруулсаар одооны шинэ дизайн төрөн гарсан юм.





  - Шар айргийн сав баглаа боодлын дизайн гэж яг юуг хэлэх бол. Таны хийсэн судалгаанаас харахад Монголоос өөр оронд шар айргийн сав баглаа боодол хэрхэн хөгжсөн, мөн ямар түвшинд байна?
-    Яг шар айргийн сав баглаа боодол ийм тийм байх ёстой гэсэн тогтсон стандарт гэж байхгүй. Энэ бүхэн тухайн улс орны хэрэглэгчдийн онцлогоос хамаарна. Бас нэг томоохон нөлөөлдөг зүйл бол шар айргийн өөрийнх орц найрлага төрлөөс нь ихээхэн хамаардаг юм байна лээ. Ер нь миний ажигласнаар бол энгийн байх тусмаа л хүний анхаарлыг илүү татаж хүнд илүү хүрдэг юм шиг санагдсан. Улс бүрийн хүмүүсийн сэтгэлгээгээний онцлог соёл ихээхэн нөлөөлдөг юм билээ. Манай орны хувьд гэвэл энгийн хэрнээ гоёмсог дизайнтай байвал илүү хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Харин олон улсын брэндүүдийн хувьд бол энэ тал дээр арай өөр зүйл ярих хэрэгтэй болно л доо. Жишээ нь: Өнгөний сонголт зэрэг дээр үндэстэн бүхэн өөр өөр өнгөний бэлэгдэлтэй байдаг.

- “Жалам хар-Gold” брэндийг өнгө дизайны хувьд монголын шар айргийн зах зээлд тэсрэлт хийж, хөгжлийг нь урагшлуулж чадсан гэж хэлж чадах уу?
-    Тэгэлгүй яахав. Брэндийн хувьд эрс шинэчлэл хийж чадсан. Жалам хар брэнд өөрөө Монгол хүнийг омогшуулдаг бахархуулдаг баяр наадам, өв соёлыг дэмжин ажилладаг брэнд юм билээ. Монголчууд бид бахархах маш их биет болон биет бус өв соёлтой ард түмэн. Тэр ч үүднээсээ брэндийнхээ дизайн дээр Монгол үндэсний гэх элемэнтүүдийг оруулж өгөхийг хичээсэн.  Энэ маань үндэсний шар айргийн дизайнд нэг талын өөрчлөлт, шинэчлэлт хийж чадсан гэж бодож байна. Мөн цаашид ч гэсэн манай Монголын брэндүүд сав баглаа боодолдоо Монгол бүтээгдэхүүн гэдгийг илэрхийлэхээр Монгол элемент шингээж өгч баймаар санагддаг юм.

- Та сая Монгол үндэсний элемэнтүүдийг оруулж өгсөн гэж хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?  Жалам хар брэндийн загвар дизайн ер нь яг юугаараа бусад брэндээс онцлог содон болж чадсан гэж үзэж байна?
-     Онцлог байлгүй яахав. Яагаад гэвэл бид GOLD гэсэн шинж чанараа харуулахын тулд тусгай алтан өнгийг үндсэн өнгө болгож сонгож авсан. Манай Монголчууд алтыг есөн эрдэнийн нэг хэмээн бэлэгддэг шүүдээ. Дээрээс нь брэндийн өөрийнх нь нэгэн том онцлог бол монголчуудын эрч хүч хийморлиг байдлын илэрхийлэл болсон Морины дүрст лого юм. Бас нэгэн ялгарах зүйл нь уйгаржин бичгээр бичсэн үндэсний хээг дизайныхаа үндсэн суурь болгож ашигласан нь брэндийг бусад  брэндүүдээс илүү ялгаруулан чимж өгч байгаа ялгарах содон элемэнт.

Жалам харын шинэчилсэн загвар - “Жалам хар-Gold”



- Монгол гэснээс таны бодлоор манай улсын график дизайн хэр хурдацтай хөгжиж байгаа вэ? Бид ер нь дэлхийн хаана нь явна вэ?
-    Миний бодлоор бол нэлээд эрчимтэй хөгжиж байгаа шүү. Манай залуучуудын уран сайхны сэтгэлгээ мэдрэмж маш сайн болсон. Мэргэжлийн биш хүн ч гэсэн зурагтаар нэг реклам үзээд л сайн муу, сайхан муухайг нь хэлж чаддаг болсон. Энэ ч утгаараа дизайны мэргэжлийг өөрийн зорилгоо болгож байгаа залуучуудын тоо ч бас нэмэгдэх болсон гэж боддог. Дэлхийд гэвэл бас л нэлээд чансаатай гэж хэлнэ. Монголчууд оюуны сэтгэлгээ, потенциал сайтай хүмүүс гэдгийг би Солонгост ажиллаж байхдаа өөрийн биеэр мэдэрсэн. Яагаад гэвэл Солонгосын дизайнеруудтай харьцуулахад манайхны стил, гаргаж байгаа санаа, сэтгэж байгаа сэтгэлгээ огт өөр байдаг.

- График дизайныг хөгжүүлэхэд өнөөдөр Монголд юу хэрэгтэй байна вэ. Техник технологи нь ч бол орж ирээд байх шиг байна.
-     Манай улсын график дизайны салбар сүүлийн жилүүдэд харьцангүй хурдацтай хөгжиж байгаа гэж хувьдаа боддог. Надад техник, технологи гэхээсээ илүү хүн өөрийн сэтгэн бодох чадвар, сэтгэлгээ нэг ёсондоо “толгойдоо” найдах ёстой л гэсэн нэг зарчим байдаг. Компьютер ч юмуу тоног төхөөрөмж гэдэг бол хүний эрхээр л хөдөлдөг зүгээр нэг хэрэгсэл шүү дээ. Хамгийн гол нь тархиа л хөгжүүлж байж илүү зүйлд хүрнэ гэж боддог. Дизайн гэдэг бол хүний тархи, оюун санаанаас гарч буй сэтгэлзүйн бүтээлийн бодит тусгал гэж би хэлмээр байна.

Дизайнер С.Цэнгүүн хувийн хуудасууд.
http://www.voidanimation.com/
https://www.facebook.com/VOIDANIMATION
http://logotournament.com/logodesigners/tsengunee

Хийсэн бүтээлүүд.































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.