Дэлхий дээрх аймшигтай газрууд

2012-10-06, 03:22
34,788
Хэрвээ та ямар нэгэн айдас, аюул, сэтгэл хөдлөл, сонирхолтой шинэ мэдрэмж мэдрэхийг хүсвэл хаданд авирч, шүхрээр буух, уралдааны машин унахаас гадна дэлхий дээрх ер бусын газруудаар аялаж үзэж болох юм. Гэхдээ энэ заавал ямар нэг осол болж байсан газар байх албагүй. Зүгээр л ямар нэгэн аймшигийн киноны зураг авалтыг хийж болмоор, эсвэл ямар нэгэн аймшигт домог, түүхтэй газар байсан ч болно. Хэрвээ ийм газруудаар явж өөрийгөө сорихоор шийдсэн бол та нэлээд зоригтой бас болгоомжтой байх шаардлагатай. Учир нь домогт өгүүлснээр энэхүү газруудад болгоомжгүй байснаар та амиа ч алдах боломжтой гэсэн байна. Дэлхий дээр аймшигт домог түүхтэй газрууд нэлээд байдаг.
Дэлхий дээрх аймшигтай газрууд



Винчестерын байр - Калифорни
Энэхүү байр нь 160 өрөөтэй, 40 шаттай бөгөөд нэгэн аймшигтай нууцтай гэнэ. Сан-Хасон дахь энэхүү байшинд галзуурсан бэлэвсэн эмэгтэй болон олон тооны хий үзэгдлүүд амьдардаг байсан аж. Сара Винчестер нөхрөө алдаад бэлэвсэрч маш их хэмжээний хөрөнгө өвлөж авснаас энэ бүх зүйл эхэлсэн байна. Сүүлд нь түүний нөхөр зүүдэнд нь ирж муу мэдээ дуулгасан байна. Тэрээр: “Энэхүү их хөрөнгө мөнгийг хүний амиар олж авсан бөгөөд Винчестерын гэр бүлийнхнийг бүгдийг хараасан учраас сүнснүүд өшөөгөө авах болно” -гэж хэлжээ. Эдгээр сүнснүүдийг тайвшруулахын тулд шинэ байшин барих хэрэгтэй байжээ. Гэхдээ болж өгвөл огт зогсолтгүйгээр барих хэрэгтэй бөгөөд хэрвээ алхны цохих чимээ л үгүй болох юм бол эмэгтэй нас барах байсан гэнэ.

Сара байшин барих ажилд шуурхай оржээ. Шинэхэн саятан бүсгүй Калифорнид хуучин байр худалдаж аваад ажилчдыг хөлсөлж байшин барих үйл ажиллагаандаа орсон байна. Байшинд шинэ өрөөнүүд, үүдний өрөө, тагт болон нууц гарцууд бий болж байжээ. Шатнууд түүнийг байшин дотор төөрүүлж байсан бөгөөд шатыг аалзны шүлс ороох болжээ. Бага багаар галзуурч байсан Сара энэхүү хий үзэгдлүүдээс ангижирч чадна хэмээн итгэсээр байв. Байшинг ямар ч амралтгүйгээр өдөр шөнөгүй барьж байсан бөгөөд байшин маш хурдан баригдаж байсан. Гэсэн хэдий ч энэхүү байшинг 38 жилийн турш барьсан байна. Хамт явж буй хүмүүсээсээ огтхон салж болохгүй бөгөөд хэрвээ ганцаараа явах л юм бол энэ олон өрөөнд төөрөх аюултай аж. Энэхүү байшинд сүнснүүд одоог хүртэл амьдарч ээлжит хохирогчдоо хүлээсээр байдаг гэсэн яриа бий.



Аокигахарын ой - Япон
Фудзи уулын доор байрлах энэхүү ой мод “Блэрийн шулам” киноны зураг авалтыг хийхэд ихэд тохиромжтой газар байсан бололтой. Энэхүү ойд нар ер тусдаггүй бөгөөд ойд орсон хүмүүсийн луужин ажиллахаа больдог гэнэ. Япончууд энэ ойг “Амиа хорлолтын ой” гэж нэрлэсэн байна. Учир нь 1950 оноос хойш энэ ойд 500-аад хүн амиа хорлосон гэнэ. Сан-Францискод байрлах “Алтан гүүр” хэмээх газар хүмүүс нэлээд амиа хорлодог бөгөөд Аокигахарын ой үүний дараа ордог байна.

“Хог хаяхыг хориглоно” хэмээх зарлалын оронд энд “Ойр дотныхоо хүмүүсийг бодож үзээрэй” гэсэн зарлал байдаг аж. Хаа сайгүй түргэн тусламж, сэтгэл зүйн эмнэлгийн утас бичээтэй байдаг байна. Хэдийгээр нууц камерын хяналт байдаг боловч оффисын ажлаас залхсан костюмтай хүмүүс ирж ээлж ээлжээрээ амиа алдсаар байдаг байна. Энд аялахаар ирсэн жуулчид байнга л үхсэн хүний цогцос, нойрсуулах эмний хоосон сав, гогцоо гэх мэт зүйлүүдийг илрүүлдэг аж.



Овертоуны гүүр - Шотланд
Хуучны энэхүү гүүр шотландын Милтон тосгоноос холгүй байдаг. Үүний хажууд Овертоун хэмээх нэгэн бяцхан цамхаг байдаг бөгөөд энэхүү цамхаг нь сүнсний байрлах оромж болдог аж. Гэхдээ энэхүү байранд ямар ч хачирхалтай зүйл болж байгаагүй байна. Харин ХХ зууны дунд үеэс эхлэн гүүрэн дээр хачирхалтай зүйлүүд болж эхэлсэн байна. Олон тооны нохойнууд 15 метрийн гүүрний өндрөөс гэнэтхэн үсэрч үхэж байсан гэнэ. Харин амьд гарсан зарим нь дахин гүүрэн дээр ирж үйлдлээ давтдаг байсан аж. Энэхүү гүүр дөрвөн хөлт амьтны хувьд үнэхээр аллагын газар болж хувирчээ. 10 жилийн дотор гүүрнээс хэдэн зуун нохой үсэрч үхсэн бөгөөд бүгд нэг газраас үсэрдэг байсан байна. Яагаад ноход ийм алхам хийх болсныг хүмүүс огт ойлгохгүй байв. Үүний нууцыг тайлахаар маш олон судлаачид, мэргэжилтэнгүүд ажилласан байна. Тэдний үзэж байгаагаар нэг талаас гүүрний доор анч нохдын анхаарлыг татах хулгана, зурам зэрэг байсан хэмээн үзжээ. Харин нөгөө талаас, гүүр үхсэн болон амьд хоёрын хоорондох зааг дээр оршдог учраас ноход хачирхалтай зүйлийг мэдэрснээр үүнийгээ сонирхох гэж яваад үхэж байсан хэмээх хоёр таамаг дэвшүүлээд байгаа аж.



Хий үзэгдлийн хот Сан-Жи - Тайван
Далайн эргийн хажууд байрлах гайхалтай амралтын газрыг баячуудад зориулан барьж эхэлжээ. Бөөрөнхий өрөө, нугарсан шат зэрэг нь нэг хэвийн амьдралаас залхсан хүмүүст зориулсан аж. Гэвч барилгын явцад Сан-Жи ямар нэгэн хараалтай газар болох нь мэдэгдэж эхэлсэн байна. Олон тооны ажилчид өндрөөс унаж, хүзүүгээ хугалж, кранд даруулж амиа алджээ. Харин орон нутгийн иргэд энэхүү газар муу ёрын сүнс шүглэсэн гэдэгт итгэлтэй байжээ. Энэхүү газар нутагт байрлаж байсан Японы “ үхлийн шорон”-гийн талаар яриа гарж эхэлсэн байна.

1980 оны үед барилгын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Хөрөнгө оруулагчид Сан-Жигийн барилгуудыг хүмүүс худалдаж авна хэмээн найдаж байсан боловч гэрээ нь байнга бүтэлгүйтэж байв. Энэхүү газрын талаарх сонссон Тайваны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас татгалзсан байна. Ингээд эцэст нь энэхүү амралтын газар сүнсний газар болон хувирчээ. Улсын удирдлагууд энд баригдсан барилгуудыг нураахыг оролдсон боловч оршин суугчид барилгыг нураасны дараа муу ёрын сүнснүүд тосгон даяар тарж магадгүй хэмээн айж нураахыг зөвшөөрөөгүй байна.



Повеглын арал - Итали
Венецээс холгүй байх Повегл хэмээх энэхүү жижиг арал маш олон тооны аймшигт түүхийг агуулсан газар аж. XIV зууны үед дэлхий дахинд нүүрлээд “Хар үхэл”-ийн үеэр энд ямар ч найдваргүй болсон тахал туссан хүмүүсийг авчирч байжээ. Мөн энэ арал дээр 1000 гаруй хүүр хадгалж байсан “ах дүүсийн булш” байсан байна. Нас барсан хүмүүсийн цогцосыг оршуулахгүйгээр шатаадаг байсан учраас энэхүү арлын газрын 50% нь цогцосны үнсээр хучигдсан хэмээх мэдээлэл байдаг аж. Гэвч энэ бол зөвхөн аймшигт зүйлүүдийн эхлэл байсан юм. 1922 онд арал дээр сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Удалгүй өвчтөнгүүд аймшигтай толгойны өвчинтэй болж байсан бөгөөд эмнэлгээр дүүрэн хий үзэгдлүүд байна хэмээн гомдол гаргажээ. Гэвч энэ бүхэн зөвхөн ерөнхий эмчид ашигтай байсан байна. Тэрээр сэтгэцийн өвчтэй гэх эдгээр хүмүүст янз бүрийн тариа тарьж туршилт хийж байжээ. Одоо энэ арал дээр эмнэлгийн балгас болсон байшин болон галзуурсан эмчийн үсэрч амиа хорлосон хонх хүртэл байдаг гэнэ.



Жатинга - Энэтхэг
Энэтхэгийн нэгэн муж болох Ассам хэмээх газрын Жатинга тосгон “шувуудын оршуулга” гэсэн аймшигт нэртэй юм байна. 8 сард энэхүү газарт сүрэг шувууд нисэж ирдэг боловч сүргээрээ газарт унан үхдэг гэнэ. Нутгийн ард энэ аймшигт үйл явдал болдог 8 сарыг “шувуудын үхлийн шөнө” гэж нэрлэдэг бөгөөд шөнө болгон цугларч энэхүү үйл явдлыг хардаг байна. Шувууд зогсолтгүй унадаг бөгөөд Индиан үндэстэнгүүд үүнийг бурхны бэлэг хэмээн үздэг аж.

Шувуу судлаачид олон жилийн турш энэхүү сонин үйл явдалд судалгаа хийж байгаа гэнэ. Судалгааны үр дүнд, шувууд хүчтэй салхины нөлөөнд автаж нисэж Жатинга тосгоны зүг рүү туугддаг бөгөөд иргэдийн асаасан галыг хараад гэрэл рүү ойртох гэж оролддог боловч замын баримжааг мэдэхгүй нь улмаас унаж үхдэг гэж үзсэн байна.



Хүүхэлдэйний арал - Мексик
Энэхүү аймшигт арал руу Сочимилькогийн хоолойгоор дамжин завиар очиж болно. Энд ирснээр Чаки хүүхэлдэйтэй аймшгийн киног үзэх дуртай хүмүүст нэлээд таалагдах аж. Мөчир бүр дээр олон тооны нүдгүй, тасалсан хөл, гар, толгойгүй хүүхэлдэйнүүд дүүжлээстэй байдаг байна. Энэ бүхнийг Жулиан Баррер хэмээх хөвгүүн зохион байгуулжээ. Учир нь энэхүү хоолойд нэгэн охин живж нас барахад тэрээр хүүхэлдэй олсон байна. Тэрээр хүүхэлдэйг нас барсан охины сүнсийг тайван байлгах болно хэмээн үзэж хүүхэлдэйг арал дээр үлдээсэн аж. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр дахин нэг хүүхэлдэй олжээ. Ингээд тэрээр 50 жилийн турш хогон дээр хаягдсан хүүхэлдэйнүүдийг цуглуулж байгаа аж.

Үүнээс болоод тэрээр арал дээр урц барьж түүндээ амьдарч эхэлсэн байна. Аймшигт хүүхэлдэйний цуглуулга нэмэгдсээр л байв. Гэтэл нэг удаа арал усан дор живж орсон (Мексикт хааяа тохиолддог) бөгөөд хэсэг хугацааны дараа дахин хөвж гарч ирсэн бөгөөд залуу сураггүй алга болсон байна. Тиймээс одоо арал дээр зөвхөн олон тооны аймшигт хүүхэлдэйтэй моднууд л үлдсэн аж.



Мэри Кингийн мухар зам - Эдинбург
400 жилийн өмнө Мэри Кингийн энэхүү барилга хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар байжээ. Хотод тахал гарснаар бүх зүйл өөрчлөгдсөн байна. Удирдах албан тушаалтнууд хотыг өвчнөөс хамгаалахын тулд тахалд өртсөн бүх хүмүүсийг нэг байранд хорьж сүүлд нь хатуу бат бэх хана барьж тэднийг хааш нь ч гаргахгүй болгосон хэмээх домог байдаг аж. Хэд хэдэн тахлын үеэр хүмүүсийг Мэри Кинг руу авчирч ямар нэгэн эмнэлгийн хангалттай тусламж үзүүлж байгаагүйн улмаас өвчтөнгүүд нас бардаг байжээ. Эдгээр хүмүүсийн нэг бол бяцхан Энни охин юм. Бяцхан Энни охин тахал туссан байсан бөгөөд түүнийг эцэг эх, гадаад орчноос тусгаарлан үхэгсдийн байшин болох Мэри Кингд хорьсон байна. Гэхдээ энэ бүхэн домог бөгөөд ямар ч хана байгаагүй, харин тахал туссан хүмүүсийг тусгааралсан байшин байсан гэж үздэг аж.

Харин одоо Мэри Кингийн газар доорх энэхүү байшин жуулчдын анхаарлыг татсан газар болоод байгаа. Чулуун барилга руу хөтөчгүйгээр явж болохгүй бөгөөд байнга гар чийдэнтэй явах хэрэгтэй. Мэри Кингийн энэхүү байшинд нас барсан хүмүүсийн сүнс одоог хүртэл байдаг бөгөөд зарим нэг хүмүүсийн хөлнөөс бяцхан Энни охины сүнс барьдаг гэсэн яриа байдаг аж.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()