Нимбэг бол бергамотын нэг төрөл. Бергамот байгаль дээр өөрөө ургадаггүй. Хүн ургамалын селекцийн замаар гаргаж авсан гэдэг. Гэхдээ энэ талаар нарийн баримт байдаггүй. Жишээ нь, хятадад хэдийд ч юм бүү мэд анх гаргаж авсан гэдэг таамаг яриа байдаг. Гэвч өөр нэг таамаг ёсоор бергамот бол гибрид ургамал биш. Жүрж хөгжлийнхөө явцад мутацид орсны баримт гэдэг.
Бергамотыг хүн анх үнэртэн үйлдвэрлэх салбарт голдуу хэрэглэж ирсэн гэдэгт дээр өгүүлсэн түүхээс харахад ойлгомжтой. Эдүгээ үнэртэнгийн болон гоо сайхны үйлдвэрлэлд бергамотыг ихээр хэрэглэж байна. Италийн өмнөд чийг дулаан хослосон энэ газар одоо ч бергамотыг тариалж байна. Мөн хятад, энэтхэг, Хар тэнгисийн эрэг, Кавказад бас тариалдаг. Бергамотын мод өндрөөрөө 10 метр хүрэх тохиолдол бий. Мөчир нь өргөстэй. Цэцэглэх үедээ их гоё харагддаг. Үнэр нь дэндүү сайхан. Энэхүү мод үр жимсээ намар цагаас эхлэн өвөл хүртэл өгдөг. Бергамотыг зүсэж үзэхэд нимбэг, жүржтэй их төстэй. Бергамотын жимс, цэцэг, навч бүрээс эфирийн тос гаргаж авдаг.
Бергамот эмчилгээний шинжтэй. Анагаах ухаанд өргөн хэрэглэдэг. Антибиотик байхгүй байсан дээр цагт бергамотыг антисептик байдлаар хэрэглэж байв. Арьсны бохирдолын үед бергамотоос бальзам гарган авч арьсны үрэвслийг эмчилж байв. Нэлээд том хэмжээтэй шарханд бергамотын жимсийг дундуур нь зүсэж нааж байв. Бергамотыг одоо ч нянгийн гаралтай ханиад шуухинааны үед дархлаа сайжруулах, бэлгийн чадавхийг дээшлүүлэхэд ашиглаж байна. Бергамот гэдэсний зангиралаас сэргийлж, тайвшруулан, хоол боловсруулалтыг идэвхижүүлдэг. Бергамоттой цайнд хүн бүхэн дуртай. Учир нь арьс цэвэршүүлж, нүүрний толбо сэвхийг арилгадаг. Бергамот бүхий үнэртэй цай сайхан зөөлөн амттай байхаас гадна ядаргаа тайлж, стрессээс ангижруулж бухимдал арилгадаг.
Бергамотын эфирийн тосыг гаргаж авахад хялбар байдаг. Хальсан дээр зөөлөн шахаж дарахад цайвар ногоон өнгийн тос гардаг. Бергамотын эфирийн тосны үнэр үнэхээр сайхан. Нимбэг болон жүржийн үнэртэй. Исгэлэн биш. Амтлаг бөгөөд гоё үнэртэй. Гараар шахаж авсан эфирийн тос нь хамгийн чанартайд тооцогддог. Бергамотын хэдэн мянган хальснаас 900 мл орчим эфирийн тос гаргаж авдаг. Энэ тосыг арьсыг эрүүлжүүлэхэд ашиглахаас гадна үс арчилгаа болон шавьжны хазалтаас үүдэлтэй өвчнийг намдаахад хэрэглэдэг. Үнэртэнгийн үйлдвэрт бергамотын тосыг розмарин, жүрж, неролийн тостой нийлүүлж гоо сайхны үнэртэн бүтээгдэхүүн хийдэг. Эдгээр бүтээгдэхүүн хүний сэтгэл санааг өөдрөг болгож, ариусгаж, тайвшрал болон өдөөлтийн хоорондын балансыг тэнцвэржүүлж, сэтгэл хөдлөлийг төрүүлдэг гипоталамуст аятайхан нөлөө үзүүлдэг.
Бергамотын тос сэтгэл тавгүйтэхээс хамгаалж, тайвшруулах нөлөөтэй. Айдас хүйдэс, депрессийг зайлуулж баяр жаргалын сайхан мэдрэмжээр сольдог. Сэтгэл зүйчид энэ чанарыг нь хүмүүсийн хоорондын харилцааг идэвхижүүлж бүтээлч урам зоргийг сэтгэлгээг нэмэгдүүлэхэд ашигладаг. Бергамотын тос анхаарал төвлөрүүлэх, ухаан санааг саруул болгодогийг хүмүүс эрт үеэс мэддэг байжээ. Иймээс хүнд сорилт, ажил хэрэгч уулзалтанд явахын өмнө энэхүү тосыг сайтар үнэртэн амьсгалах нь чухал.
Бергамотын тосыг грейпфрут болон лаванда цэцгийн тостой холиход бас сайхан үр өгөөжтэй. Өглөө босохдоо бергамотын тос орсон шингэн саван гельтэй дүүш хэрэглэх нь ач тустай. Толгой өвдөхөд хүзүүний орчим эфрийн тосны найрлагатай массаж хийхэд сайн. Гэдэсээ ийм тосоор илэхэд хоол боловсруулах үйл явц сайжирч дуршил сэргэнэ. Ялангуяа хүнд өвчний дараа нөхөн сэргээх эмчилгээний үед их тустай. Гоо сайхны салбарт дээрх тосыг арьсыг үзэмж төгс байлгахад хэрэглэдэг. Хөлс болон дааврын булчирхайны үйл ажиллагааг хэвийн болгодог. Өвчин үүсгэгч мөөгөнцөр болон шимэгчдийг устгадаг. Хамрын ханиад болон шуухинааны үед халуун бууруулах, залгиурын үрэвслийг дарах, хамар цэвэрлэх антисептик үйлчилгээтэй. Бергамотыг биологийн идэвхитэй нэмэлт бүтээгдэхүүний найрлаганд хэрэглэдэг. Дархлаа сайжруулж биеийн ерөнхий чалхыг дээшлүүлдэг. Бергамотын тос шарх эдгээж, ариутгаж, шээс туух үйлчилгээтэй. Хөхүүл эхчүүдэд сүү нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Бергамотын жимсийг амтлахад тийм сайхан биш. Гашуувтар. Хоолонд хэрэглэхэд зохимжгүй. Гэхдээ зарим оронд мармелад хийхэд ашигладаг. Бергамотыг өрөө тасалгааны нөхцөлд тарьж болдог тул интерьерийг чимж өгдөг. Бергамот хөрс голдоггүй. Гэхдээ чийг дулаан гэрэл шаарддаг. Зуны цагт бергамотыг нар салхинд гаргаж өвлийн цагт халуун биш дулаан байранд байлгах хэрэгтэй.
Зун усалгаа их шаарддаг. Өвөл бага. Бүлээн усаар жаахан услахад хангалттай. Жилд 1-4 удаа үр жимсээ өгдөг.