Екатиренбургийн эцэг эхийн зөвлөл Свердловскийн прокурорт хүүхдэд зориулсан “Бэлгийн харилцааны талаарх нэвтэрхий толийг” худалдаалахыг хориглохыг шаардсан байна.
Олон нийт энэхүү номыг нэгэн номын дэлгүүрт харснаар энэхүү шаардлагыг гаргажээ. Учир нь энэхүү номд ижил хүйстэн, эмэгтэйчүүдийн сэрлийн цэг, гар хангалга гэх мэт олон зүйлийг бичсэн байжээ.
Мөн үүнээс гадна зохиолч хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татагч гэгч хэн болох, эмэгтэй хүнд яаж сайхан мэдрэмж төрүүлэх вэ? гэх мэт сексийн талаар маш нарийн зүйлүүдийг зурагтай нь хамт өгүүлсэн байна.
Екатиренбургийн эцэг эхийн зөвлөлийн дарга Евгений Жабреев хэлэхдээ: “Хүүхдэд бэлгийн харилцааны талаар мэдээлэл өгөх нь чухал боловч ийм байдлаар, ийм насанд нь өгч болохгүй шүү дээ. Номонд яаж бэлгийн харилцаанд орох талаар бичсэн байна. Гэхдээ бэлгийн харилцаанд ороход хүйс хамаарахгүй гэнэ шүү. Бидний хувьд энэхүү ном нь хүүхдэд мэдлэг өгөх биш харин садар самуунд уруу татаж байна” -хэмээн ярьжээ.
Энэхүү номыг Евгения Фадеева охинтойгоо хамт зохиосон байна.
Зохиолчид номныхоо өмнөх үгийг бичихдээ: “Бид хүүхдүүдтэй тэднийг зовоож байгаа, сонирхож байгаа асуудлын талаар илүү нээлттэй дотно ярилцахыг хүсэж байна” -гэсэн байжээ.
Екатиренбургын прокурорын газраас: “Бүх нэвтэрхий толийг шалгалтанд оруулах бөгөөд агуулга нь хүүхдэд тохирох эсэхийг шалгаж үзэх болно. Шалгалтын үр дүнг харж байгаад энэхүү ном хүүхдэд муугаар нөлөөлөх эсэх, зарж болох уу үгүй юу гэдгийг мэдэгдэнэ” -гэсэн байна.
Хэрвээ ном хүүхдэд муугаар нөлөөлнө гэж үзвэл номыг зарж буй номын дэлгүүрүүд болон зохиогч нар захиргааны хариуцлага хүлээх болно.