Хэний хийморьтой хүү ЧОНЫН АЛТАН ШАГАЙН эзэн болох бол?

2012-07-06, 18:37
16,627

Улсын баяр наадам гэдэг монголчуудын хамгийн том баяр цэнгэл байдаг. Дэлгэр зуны улиралд монголчууд идээ цагаагаа зэхэн, хурдан морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулж, нум саадгаа харван цэнгэдэг уламжлалтай. Монгол бөхийн хийморио дээдэлдэг монгол эр хүн бүр бөх байдаг гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Гэхдээ тэднээс хамгийн иртэй, одтой хүчтэй аавын хөвгүүд л улсынхаа баяр наадамд зодоглодог билээ.

Хэний хийморьтой хүү ЧОНЫН АЛТАН ШАГАЙН эзэн болох бол?

 

 

Тийм учраас монгол хүн бүр улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг шимтэн үздэг. Наадамд давсан бөхчүүдтэй гар барьж гэмээнэ тухайн жилийн хийморь сэргэв хэмээн бэлэгшээн баярладаг ард түмэн. Тэгвэл энэ жилээс улсын баяр наадмаар барилдсан бөхчүүдээс хамгийн одтой чадалтай бас өсөх ирээдүйтэй бөхөд “Эрийн хийморь” шагналыг олгож байхаар болсон байна. Энэхүү шагнал нь ЧОНЫН АЛТАН ШАГАЙ байх гэнэ.

 

Монголчууд чоныг хамгийн од хийморьтой амьтан хэмээн хүндлэн шүтдэг. Тэр тусмаа чонын шагай аз хийморь дагуулж, эр хүний хийморийг сэргээж байдаг хэмээн эрхэмлэн эрчүүд биедээ байнга авч явбал сайн хэмээдэг түүхтэй билээ. Энэ удаа  чонын шагай, тэр тусмаа бүр шижир алтан шагайны эзэн болох хамгийн одтой бөхийг тавын даваанаас “тунгаан” шалгаруулах юм байна. Тавын даваа гэдэг залуу бөхчүүдийн улсын цол авах анхны гараа байдаг. Тэр тусмаа хамгийн чадал шалгадаг тавын даваанд тунаж барилдана гэдэг чадалтай аавын хүүгийн даваа гэж хэлж болох.

 

Тийм учраас өөрсдийн эр хүчээрээ тавын даваанд тунаж барилдсан бөхийн хийморийг бэлэгдэн чонын алтан шагай бэлэглэх юм байна. Энэ жилийн наадмаар хэн гэгч чадалтай, хийморьтой бөх тавын даваанд тунан барилдаж “Эрийн хийморь” шагналыг авч, чонын алтан шагайн эзэн болох бол?

 




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.