1
Сургуулиуд төлбөртэй
Японы сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 40,000 ам.доллар байдаг. Үүнд дүрэмт хувцас, цүнхний үнийг оруулаагүй. Дашрамд хэлэхэд Японы ахлах ангийн сурагчдаас бусад бүх сургуулийн хүүхдүүд тусгай үүргэвч үүрдэг. Ийм цүнхний дундаж үнэ 200 ам.доллароос дээш байдаг.
2
Сурах хугацаа
Японд сургуулийн хүүхдүүд 12 жил сурдаг. Энэ нь ихэнх оронтой ижил хугацаа. Гэхдээ хичээлийн эхний жил 9-р сард биш 4-р сарын 1-нд эхэлнэ. Ерөнхийдөө Япон сурагч, оюутнуудын хичээлийн жил 4-р сараас ирэх жилийн 3-р сар хүртэл үргэлжилдэг.
Бага сургууль 6 жил, дунд сургууль 3, ахлах анги 3 жил үргэлжилнэ. Амралт гэвэл зуны улиралд 6 долоо хоног, өвлийн улиралд 2 долоо хоног амардаг.
Дашрамд дурдахад сургууль хоёр ээлжээр хичээллэдэг байна. Япончууд энэ талаар огт санаа зовдоггүй. Үүний зэрэгцээ ахлах сургуулийн хүүхдүүд өглөөнөөс орой болтол хичээл үзэж болно.
3
Сургуулийн хоол
Японы сургуулиудад хоолны газар бараг байдаггүй. Тиймээс бүх сургуулийн хүүхдүүд хоол хүнсээ гэрээсээ авч ирдэг. Тэд зөвхөн ангидаа хооллодог гэнэ. Хэрвээ гэрээсээ хоол авч ирж чадахгүй бол дэлгүүр юм уу буфет орж байж идэх зүйл авахаас өөр аргагүй. Бага ангийн хүүхдүүд харин хоол авч ирээгүй бол тусгайлан бэлтгэсэн хоолноос авах эрхтэй. Тэдгээрийг ангийн жижүүр хүүхэд тараана.
Тэд маск, малгай өмсөж, гараа ариутгаж байж хоолоо тараана. Эндэхийн хүүхдүүд хэзээ ч хооллож байх даа хог тарилаа гэж загнуулдаггүй. Яагаад гэдгийг та мэдэх үү? Учир нь Японы сургуулийн хүүхдүүд хэзээ ч хог тарьдаггүй аж.
4
Сургуулийн цэвэрлэгээ
Японы сургуулиудад цэвэрлэгч гэж байдаггүй. Учир нь 1-12-р ангийн бүх сурагчид сургуулийн цэвэрлэгээнд оролцдог. Ихэвчлэн хүүхдүүд хоёр хоёроороо хуваагдаж, хуваарилж авсан талбайгаа цэвэрлэдэг. Жилийн туршид сурагч бүр сургуулийнхаа нийт талбай, тэр ч байтугай жорлонг цэвэрлэх ажилд оролцоно.
Үүний ачаар япон сургуулийн хүүхдүүд өөрсдийнхөө хогийг цэвэрлэх болно гэдгээ сайн мэдэж авдаг тул нямбай зан суудаг. Хэн ч үүнийг эсэргүүцдэггүй.
Өглөө, завсарлагааны үеэр болон хичээл тарсны дараа Япон сурагч, оюутнуудаас анги танхимаа цэвэрлэж байхыг шаарддаг. Ангийн дарга шал цэвэрлэх, цонх арчих, хог хаях, ширээ засах ажлыг хариуцах сурагчдын хуваарийг гаргах үүрэгтэй юм.
5
Гутал солих
Сурагчид гадаа өмсдөг гутлаа тусгай шүүгээнд үлдээгээд дотогш шаахай өмсөж ордог. Ингэснээр сургуулийг маш цэвэр байлгахад тусалдаг.
Долоо хоногийн баасан гараг бүр сурагчид гутал хийх шүүгээгээ сольдог бөгөөд энэ мөн цэвэр байхтай холбоотой.
6
Бүх япон хүүхдүүд хөгжмийн боловсролтой
Япончууд хүн бүр хөгжмийн боловсролтой байх ёстой гэж үздэг тул олон эцэг эхчүүд хүүхдүүдээ гурван настайгаас нь хувийн төгөлдөр хуурын сургалтад хамруулдаг. 1-р ангид хөгжим бол бараг л гол сэдэв юм. Үүний ачаар Япон хүүхдүүд гайхалтай төгөлдөр хуурын чадвартай болсон байдаг.
7
Соробан сампин
Японд хүүхдийн тоо тоолох, тооцоо хийх чадварыг хөгжүүлэх тал дээр маш их анхаарал хандуулдаг. Уламжлалт соробан сампин энэ тал дээр том тус болдог аж. Үүний ачаар япон хүүхдүүдийн математикийн чадварыг гайхалтай хөгжүүлж чаддаг байна. 3-4-р ангидаа япон хүүхдүүд оюун ухаандаа нарийн төвөгтэй тооцоолол хийж сурдаг.
8
Сургуульдаа явах
Японд хүүхдээ сургуулийн үүдэнд шууд хүргэж өгдөг сургуулийн автобус, эцэг эхийн хувийн машин байдаггүй. Түүгээр ч зогсохгүй эцэг эхчүүдэд хүүхдээ сургуулийн эхний өдрөөс сургуульд нь хүргэж өгөхийг хориглодог. Учир нь сургуульдаа явах зам нь маш аюулгүй байдаг.
Үүний шалтгаан нь:
1. Цэцэрлэгээс эхлээд бүх хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийг зааж, зам хөндлөн гарах талаар тайлбарлаж өгдөг.
2. Бага ангид бүх сурагчдад шар цув болон шар өнгийн малгай өгдөг. Үүний ачаар жолооч бүр тэднийг маш сайн харж чаддаг.
3. Сургуулийн хүүхдүүдэд зориулсан маршрутуудыг хотуудад тусгайлан гаргасан байдаг. Маршрут бүрийн дагуу явган хүний гарц дээр тусгайлан сургагдсан хүмүүс (ихэвчлэн өндөр настай), хүүхдүүд явган хүний гарцаар гарахдаа замын хөдөлгөөнийг үргэлж зохицуулдаг сайн дурын ажилтнууд байдаг.
4. 1-р ангийн хүүхдүүдийг цагдаа нар зам гарахад нь хөтөлж гаргадаг бөгөөд хүүхдүүдэд зам хөндлөн гарахыг тайлбарлаж, сургадаг.
5. Сурагч бүр батлагдсан маршрутаар сургуулиасаа буцаж ирдэг.
9
4-р ангид орох хүртэл сурагчдаас шалгалт авахгүй
Японы сургуулиудад мэдлэгээс хүмүүжлийг эхэнд тавьдаг. Сургуульд ороод эхний 3 жилийг хүүхдийг мэдлэгтэй болгох бус харин зөв зан, төлөвшил суулгахад зориулна. Жишээлбэл эелдэг тусч, бусдад санаа тавьдаг, нинжин сэтгэлтэй болоход суралцана. Мөн нэгнээ хүндэтгэж, байгаль, ан амьтантай ойрхон өсгөх нь чухалд тооцогддог.
10
Хичээлдээ хоцорч ирэх нь сурлагад нөлөөлнө
Японы сургуулиудад хоцрохыг хатуу хориглоно. Хоцролт бүрийг журналд тэмдэглэдэг бөгөөд энэ явдал олон давтагдвал дүнг нь хасна. Ингэснээр япончуудыг багаас нь цаг баримтлах, дэг журамд сургадаг.
11
Хувцаслалт
Японы сургуулиуд гадаад үзэмж, хувцаслалт дээр маш их ач холбогдол өгдөг. Ихэнх сургуулиуд үсээ будах, чихээ цоолох, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг хатуу хориглодог. Сурагч бүр сургуулийнхаа хувцасны дүрмийг яг таг дагаж мөрдөх ёстой. Эс бөгөөс хатуу шийтгэл амсана.
12
Бариу өмдийг хүйтэн үед л өмсөнө
Ихэнх тохиолдолд эмэгтэй сурагч нар урт оймс өмсөж явдаг бол хүйтний улиралд л бариу өмд өмсөх боломжтой. Мөн заримдаа тэд халаалттай улавч гутал дотроо хийдэг байна.