Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.21

2022-09-21, 09:26
1,196

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Ардчиллаас ухарч буй Унгарт арга хэмжээ авав, Киргизстан болон Тажикистаны хилийн мөргөлдөөн ширүүсэв, Польш болон Балтын орнууд ОХУ-ын жуулчдад хилээ хаалаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.21
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анжелина Жоли үерт нэрвэгдсэн Пакистанд очихоор төлөвлөжээ

Олон улсын аврах хороо (IRC) "Анжелина Жоли үерийн гамшигт нэрвэгдсэн Пакистанд зочилно. Энэ нь Пакистаны хүмүүнлэгийн хямралд олон улсын анхаарлыг хандуулах зорилготой" гэж мэдэгджээ. Пакистаны хойд уулархаг бүс нутагт их хэмжээний бороо орж, мөсөн голууд хайлсны улмаас үүссэн үер тус улсын газар нутгийн гуравны нэгийг усанд автуулж, 1500 гаруй хүн амиа алдаж, 33 сая орчим хүн сүйдэж, орон сууц, зам, төмөр зам, мал сүргийг урсгасан байна.

Холер, денге зэрэг усаар дамждаг өвчний аюулаас болгоомжилж байгаа тул тус улсын хамгийн их нэрвэгдсэн бүс нутагт үерийн ус татрахад зургаан сар хүртэл хугацаа шаардагдана гэж эрх баригчид анхааруулжээ. Үерийн улмаас 3.4 сая хүүхдийн амь насыг аврах яаралтай тусламж шаардлагатай болов. Цаг уурын нөхцөл байдлын улмаас хүүхдүүд халуурах, хумхаа зэрэг усаар дамжих өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгджээ.

Анжелина Жоли үерт нэрвэгдсэн Пакистанд очихоор төлөвлөжээ

2 Мьянмар: Армийн нисдэг тэрэг сургууль руу гал нээж, 6 хүүхэд амиа алджээ

Мьянмарын нэгэн сургууль руу армийн нисдэг тэрэг буудаж, дор хаяж зургаан хүүхэд амиа алдаж, 17 хүүхэд шархадсан тухай хэвлэл болон оршин суугчид мэдээлсэн. Харин армийн зүгээс босогчдын эсрэг дайрах зорилгоор гал нээсэн гэж  мэдэгджээ.

Өнгөрсөн оны эхээр сонгогдсон засгийн газраа түлхэн унагаснаас хойш Мьянмар улс хүчирхийлэлд бүхэлдээ автсан. Үүний дараа зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн орон даяар гарч ирсэн ба Хунтын арми тус хүчний эсрэг арга хэмжээ авах болжээ.

Мьянмар: Армийн нисдэг тэрэг сургууль руу гал нээж, 6 хүүхэд амиа алджээ

3 Далайн эрэг дээр олон тооны сперм халим үхсэнийг илрүүлэв

Австралийн Тасманиа мужийн далайн эрэг дээр 14 залуу халим эрэг дээр гацаж үхсэн талаар албаныхан мэдээлэв. Халимны сэг зэмийг нутгийн иргэд Кинг арлаас олж эрх баригчдад мэдэгдсэн байна. Халимуудын үхсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч зэрлэг ан амьтдын биологич болон малын эмч нарыг мөрдөн шалгахаар явуулсан байна.

Тасманид халим эрэг дээр гарч ирэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Арлын тус хэсэгт далайн амьтад үй олноороо үхдэг халуун цэг гэж мэргэжилтнүүд ярьсан байна. Тус мужид өөр далайн амьтан хавцалд боогдсон эсэхийг агаарын судалгаагаар тогтооно гэж мужийн засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.

Далайн эрэг дээр олон тооны сперм халим үхсэнийг илрүүлэв

4 Орос, Хятад аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлнэ

Оросын аюулгүй байдлын дээд албан тушаалтан Хятадад айлчлах үеэрээ Кремль Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэх нь бодлогын дээд зорилго гэж үзэж буйгаа мэдэгдэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев “Бээжинтэй иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Оросын гадаад бодлогын ямар ч болзолгүй тэргүүлэх чиглэл” гэж тодорхойлжээ.

Патрушев нь Путины хамгийн ойр дотнын хүмүүсийн нэг юм. Тэрбээр Хятадын Коммунист намын дээд албан тушаалтан Гуо Шэнкүнтэй уулзах үеэрээ "Одоогийн нөхцөлд манай улсууд бие биеэ дэмжиж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байх ёстой" гэжээ.

Орос, Хятад аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлнэ

5 Ардчиллаас ухарч буй Унгарт арга хэмжээ авав

Европын холбооны удирдах байгууллагаас Унгарт үзүүлэх 7.5 тэрбум еврогийн санхүүжилтийг царцаах хүсэлт гаргажээ. Энэхүү санхүүжилт нь Унгар улсыг эдийн засгаа өргөжүүлж, дэд бүтцээ хөгжүүлэх замаар Европын холбооны стандартад хүрэхэд туслах зорилготой юм. Гэвч Унгар улс ардчиллаас ухарч, Европын холбооны мөнгийг буруу захиран зарцуулах магадлалтай гэж үзсэнээр Европын комиссоос дээрх шийдвэрийг гаргасан аж. Түүнчлэн шүүмжлэгчдийн зүгээс Унгарт дээрх санхүүжилтийг олгосноор Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газарт Европын холбооны их хэмжээний мөнгийг улс төртэй холбоотой хүмүүсийн бизнес рүү чиглүүлэх боломжийг олгоно гэж эсэргүүцэж байгаа юм.

Ардчиллаас ухарч буй Унгарт арга хэмжээ авав

6 Япон болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар дайны үеийн хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар хоёр улсын хооронд хүлээгдэж буй дайны үеийн хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин нар Нью-Йорк хотноо нэг цаг орчим уулзжээ. Хаяаши НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д айлчилж байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Өмнөд Солонгосын иргэдийг албадан ажиллуулсан гэж мэдэгдсэн хохирогчдын хохирлыг барагдуулахыг Японы компаниудад тушаасан шийдвэрүүд эцэслэн гарчээ. Хаяаши мөн Өмнөд Солонгосын тал асуудлыг шийдвэрлэхэд хариуцлагатай хандахыг дахин уриалсан байна.

Япон болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар дайны үеийн хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

7 Киргизстан болон Тажикистаны хилийн мөргөлдөөн ширүүсэв

Киргизстан-Тажикистаны хил дээр гарсан мөргөлдөөний улмаас наад зах нь 94 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдав. Энэ нь сүүлийн жилүүдэд маргалдаан дагуулсан хил дээр тохиолдсон хамгийн том мөргөлдөөн болжээ. Өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөн эхэлснээр олон хүн хохирсон тул хоёр улс тохиролцоо хийсэн байна. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров буудлага зогссон ч интернэтээр өдөөн хатгасан мэдэгдэл үргэлжилсээр байна гэжээ.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хоёр улсын хооронд зам харилцаа, газар, усны нөөцтэй холбоотой зөрчилдөөн байнга гардаг. Хүчирхийлэл дэгдсэнд хоёр тал бие биеэ буруутгаж байгаа аж. Тэд 1000 км (600 миль) хилтэй бөгөөд үүний гуравны нэг нь маргаантай байдаг. Ерөнхийлөгч Жапаров Киргизийн ард түмэнд хандан “Бид цэрэг армиар бүрэн хангах боломжтой” гэж мэдэгджээ. Тэрбээр "Бидэнд мөн байшинг хурдан сэргээн босгох хөрөнгө бий" гэж нэмж ярьсан байна. 

Киргизстан болон Тажикистаны хилийн мөргөлдөөн ширүүсэв

8 АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгосыг зорилоо

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг энэ долоо хоногт Өмнөд Солонгост айлчилж, хамтарсан сургуулилалт хийнэ. Энэ нь 2018 оноос хойш анх удаа АНУ-аас БНСУ-ыг зорьж буй тээгч хөлөг юм.

"USS Ronald Reagan" хөлөг Пусан боомт хот дахь тэнгисийн цэргийн баазад хүрэлцэн ирнэ гэж Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. "Хоёр орны Тэнгисийн цэргийн хүчин хамтарсан сургуулилалт хийснээр цэргийн бэлэн байдлаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой байдлын төлөөх эвслийн тууштай алхмыг харуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгосыг зорилоо

9 Якоб Стаусхолм: “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдэд тавьсан санал сүүлийнх

“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “Жижиг хувьцаа эзэмшигчид саналаас татгалзвал дахин өөр санал тавихгүй” гэв. 

“Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдэд тавьсан санал сүүлийнх гэж “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мягмар гарагт мэдэгдлээ. Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio Tinto” нь “Turquoise Hill Resources”-ийн үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авах саналын дүнгээ хоёр удаа өсгөж, 3.3 тэрбум ам.доллар хүргээд байгаа.

Якоб Стаусхолм: “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдэд тавьсан санал сүүлийнх

10 Польш болон Балтын орнууд ОХУ-ын жуулчдад хилээ хаалаа

ОХУ-тай хиллэдэг Европын Холбооны таван гишүүн орны дөрөв нь тус улсын иргэдийг визийн хоригт оруулаад байна. Польш болон Балтын тэнгисийн гурван улс даваа гарaгаас эхлэн ОХУ-ын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг хориглолоо.

Хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын иргэдийн Европт нэвтрэх гол зам нь дээрх орнууд байсан юм. Визийн хориг хэрэгжиж эхэлсэн эхний есөн цагт ОХУ-ын 11 иргэний хүсэлтийг буцаасан гэж ОХУ-ын Калининградтай хиллэдэг Литва улсын Гаалийн байгууллага мэдээлсэн байна.

Польш болон Балтын орнууд ОХУ-ын жуулчдад хилээ хаалаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()