Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.19

2022-09-19, 09:34
1,351

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Олон улсад Путины нэр хүнд унажээ, Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо, Дэлхийн эдийн засагт уналт айсуйг Дэлхийн банк анхааруулав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.19
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Олон улсад Путины нэр хүнд унажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын төр, засгийн тэргүүнүүд, тэр ч бүү хэл Хатан хаан II Элизабеттай уулзахдаа ч хэдэн минутаас хэдэн цагаар хоцордог. Тухайлбал, тэрбээр 2003 онд хатан хаантай уулзахдаа 14 минут хоцорсон бол 2013 онд Ромын пап Францистай анх удаа уулзахдаа 50 минут хүлээлгэж байв. Оросын талыг баримтлагч гэгддэг, Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг Кремльд хүлээн авч уулзахдаа бүхэл бүтэн дөрвөн цаг хүлээлгэжээ.

Гэвч Украинд дайн эхлүүлснээс хойш Путины нэр хүнд олон улсад унаж, нөхцөл байдал өөрчлөгджээ. Үүний тод илрэл нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров Путиныг хүлээлгэж зүрхэлсэн байна. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Киргизстан улсын Ерөнхийлөгч өнгөрсөн Узбекистаны Самарканд хотод Путинтэй уулзахдаа 45 секунд хоцорчээ. Тэрбээр өөрийн улсад ч биш, хөрш оронд зохиогдсон олон улсын хурлын үеэр ганцаарчилж уулзахдаа Путиныг хүлээлгэсэн нь яагаад ч энгийн хэрэг биш. Путин гол санаагаа тэмдэглэсэн картаа барин, Садыр Жапаровыг хүлээн эвгүй байдалтай зогсож байгаа нь дүрс бичлэгт бичигдэн үлджээ. Энэхүү 45 секунд Путины нэр хүнд дэлхийн улс төрд хэрхэн унасныг гэрчилсэн гэж ажиглагчид дүгнэж байна. 

Олон улсад Путины нэр хүнд унажээ

2 Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, нийслэлийг хуучин нэрээр нь солих тухай хуульд гарын үсэг зурлаа. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийг таван жилээс долоон жил болгон сунгаж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Казахстаны парламент эл нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хоёр удаагийн хэлэлцүүлгээр санал нэгтэй дэмжсэн. Казахстаны нийслэлийг Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрэмжит Нур-Султан болгон өөрчилсөн байсан. Шинэ хуулийн төслөөр нийслэлийн нэрийг Астана болгон сэргээлээ.

Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

3 Роснефтийн хувьцааг Герман эзэмшиж байна

Германы Засгийн газар ОХУ-ын эрчим хүчний акул Роснефтийн мэдэлд байдаг гурван боловсруулах үйлдвэрийг түр хяналтдаа авлаа. Үүнд Шведт дэх РСК, Карлсруэ дахь МиРо, Вохбург дахь Роснефть компаниуд багтаж байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Герман улс Газпромын охин компаниудыг хяналтдаа авсан. Эрчим хүчний аюулгүй байдлын заналхийллийн эсрэг ийм алхам хийх хэрэгтэй гэж Германы Эдийн засгийн яамнаас мэдээлжээ.

Ингэснээр Германы газрын тос боловсруулах гурван үйлдвэр Роснефтийн хувьцааг хариуцах болов. Энэхүү алхам нь Германы зүүн хойд хэсэгт Шведт хотод байрлах РСК боловсруулах үйлдвэрт тустай юм. Тус үйлдвэр удахгүй болох газрын тосны хоригт ихээхэн нэрвэгдэх төлөвтэй байжээ.

Роснефтийн хувьцааг Герман эзэмшиж байна

4 Япон руу “нанмадол” хар салхи ойртож байна

“Нанмадол” хар салхи Японы өмнөд хэсгийн Кюүшю аралд хүрэх төлөвтэй байна. Урьд өмнө байгаагүй хүчтэй хар салхи ирэх төлөвтэй байгаа тул олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриаллаа. Энэ үеэр салхи 270 км/цаг хүрч, зарим газар 24 цагийн дотор 500 мм хур тунадас орох аж.

Кюүшю аралд хөрсний гулгалт, үерийн аюулаас сэрэмжлүүлсэн тусгай дохио ажиллаж байна. Мөн галт тэрэг, нислэгийг цуцлав. Тус арал нь Японы үндсэн хэсгийг бүрдүүлдэг дөрвөн арлын нэг бөгөөд 13 сая гаруй хүн амтай. Хар салхи хуурай газарт хүрснийхээ дараа зүүн хойшоо эргэж, Японы төв хэсгийг дайран улмаар Токиог чиглэх төлөвтэй байна. Хуурай газарт хүрсэн ч эрчээ алдахгүй байх төлөвтэйг анхаарууллаа.

Япон руу “нанмадол” хар салхи ойртож байна

5 Энэтхэгийн Ерөнхий сайд дайныг шүүмжлэв

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар ШХАБ-ын уулзалтын хүрээнд нүүр тулан уулзсан. Энэ үеэр Нарендра Моди Украин дахь дайныг шүүмжилжээ. “Өнөө үе бол дайны эрин үе биш” гэж Моди хэлсэн байна.

“Дайны талаарх таны байр суурийг би мэднэ, мөн таны санаа зовж буйг ч мэднэ. Бид энэ бүхний аль болох хурдан дуусгахыг хүсэж байна” гэж Путин хариулжээ. Энэ үгийг Путин өмнөх өдөр нь Ши Жиньпинд мөн хэлсэн. Тодруулбал, “Украины хямралын асуудлаарх Хятад нөхдийнхөө тэнцвэртэй байр суурийг бид өндрөөр үнэлдэг. Бид энэ талаар санаа зовж байгааг тань ойлгож байна” гэж тэр Ши Жиньпинд хэлсэн.

Энэтхэгийн Ерөнхий сайд дайныг шүүмжлэв

6 Испани улс Украин руу их бууны сумтай онгоц илгээв

Испани улс Украинд Агаарын цэргийн хүчний тав дахь тээврийн онгоцоо илгээв. Уг онгоцонд том калибрын их бууны системд зориулсан сум илгээж байна. Энэ тухай Испанийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Энэ нь Испаниас Украинд нийлүүлж буй тав дахь тээвэрлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт Кадиз дахь баазаас холбоотны дэмжлэгтэйгээр дөрвөн онгоц хөөрчээ.

Дайн эхэлснээс хойших Испанийн цэргийн тусламжийн багцад 20 орчим хуягт машин, 75 хээрийн их бууны сум, агаарын довтолгооноос хамгаалах бүрэн батарей, 2.5 сая еврогийн үнэ бүхий 1000 тонн дизель түлш багтжээ. Зэр зэвсгээс гадна 30 мянган ширхэг өвлийн дүрэмт хувцас, 15600 хүрэм гэх мэт нэмэлт тусламжийг энэ сард илгээхээр төлөвлөж байна.

Испани улс Украин руу их бууны сумтай онгоц илгээв

7 Путин: Украины сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй

Украины саяхан хийсэн сөрөг довтолгоо нь Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй гэж Владимир Путин олон нийтэд хийсэн тайлбартаа мэдэгдэв. Шуурхай сөрөг довтолгоогоор Украины хүчнийхэн зүүн хойд Харьков мужид зургаан өдрийн дотор найман мянга гаруй хавтгай дөрвөлжин км (3,088 хавтгай дөрвөлжин миль) талбайг эзэлсэн гэж мэдэгдсэн.

Гэхдээ Путин яарах зүйлгүй, Украины Донбасс дахь довтолгоо хэвийн үргэлжилж байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Орос улс өнөөг хүртэл бүх хүчээ дайчлаагүй  байгааг онцолжээ.

Путин: Украины сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй

8 Хятад АНУ-ын хоёр захирлын эсрэг хориг арга хэмжээ авав

"Вашингтоноос Тайваньд зэвсэг худалдсан хэрэгт оролцсон АНУ-ын батлан ​​хамгаалахын хоёр компанийн удирдлагуудад хориг арга хэмжээ авна" гэж Хятад мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Raytheon Technologies" болон "Боинг"-ын батлан ​​хамгаалахын албаны дарга нар хориг арга хэмжээнд хамрагдах болно гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Тайваньд 1.1 тэрбум ам.долларын үнэ бүхий усан онгоц болон агаар ангиллын пуужин зэрэг зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө энэ сарын эхээр Конгресст мэдэгдсэн.

Үүний  дараа Хятад ийм шийдвэр гаргажээ. АНУ-ын шийдвэр "Нэг Хятад" зарчмыг зөрчиж, улсын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхол, Хятад Америкийн харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна гэж Мао шүүмжилсэн байна.

Хятад АНУ-ын хоёр захирлын эсрэг хориг арга хэмжээ авав

9 Рэй Далио: Бодлогын хүүг 4.5 хувьд хүргэснээр дийлэнх хувьцаануудын ханш 20 хувиар унаж магадгүй

“Bridgewater Associates”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн талаар өөдрөг бус таамаглал дэвшүүллээ. Тэрбээр өөрийн “LinkedIn” хаягаараа "Холбооны Нөөцийн банк хэрэглээний үнийн өсөлтийг бууруулахын тулд бодлогын хүүг өсгөж 4.5-6 хувийн түвшинд хүргэх хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Нөгөөтэйгөөр "Бодлогын хүү 4.5 хувь хүрвэл дийлэнх хувьцаануудын ханш 20 орчим хувиар буурч магадгүйн зэрэгцээ компаниудын орлого ойролцоогоор 10 хувиар буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Рэй Далио: Бодлогын хүүг 4.5 хувьд хүргэснээр дийлэнх хувьцаануудын ханш 20 хувиар унаж магадгүй

10 Дэлхийн эдийн засагт уналт айсуйг Дэлхийн банк анхааруулав

Дэлхийн банкны тооцооллоор 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, 0.5 хувь болохоор байна. Төв банкнууд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаагаас шалтгаалан ирэх оноос дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж буйг Дэлхийн банк шинэ тайландаа онцоллоо. 

Дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчид эдийн засгаа дэмжих төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээгээ шил даран зогсоож буй нь сүүлийн хагас зуун жил байгаагүй өргөн хүрээг хамарч буй аж. Энэ нь санхүүгийн нөхцөл муудах, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах зэрэгт өмнө тооцоолж байснаас хүчтэй нөлөө үзүүлэхээр байгааг тус байгууллага мэдээлж байна.

Дэлхийн эдийн засагт уналт айсуйг Дэлхийн банк анхааруулав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()