Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.12

2022-09-12, 09:17
1,571

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украин гол хотуудыг буцаан авснаар Оросын арми ухарч байна, Хатан хааныг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болно, Инфляцыг хазаарлахаар яарч буй АНУ-ын Төв банк хүүгээ дахин огцом өсгөхөөр зэхэж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.12

1 Хятад улс Үндсэн хуулиа өөрчлөх шалтгаан юу вэ?

Хятадын эрх баригч Коммунист нам үндсэн хуулиа шинэчлэн найруулж, "Гол стратегийн сэтгэлгээ"-г тусгана гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дарга Ши Жиньпиний сургаалыг улам өргөжүүлэх бололтой. Коммунист намын шийдвэр гаргах дээд түвшний Улс төрийн товчоо өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаараа ирэх сард болох намын 20 дугаар их хурлаар “Намын үндсэн хуульд онолын томоохон байр суурь, стратегийн гол санааг бичих” шийдвэр гаргасан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Үндсэн хуульд хамгийн сүүлд 2017 онд болсон намын 19 дүгээр их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулж, “Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай” үзэл баримтлалыг үндсэн зарчмуудын нэг болгон баталсан. Хятадын зарим шинжээчид өмнө Ши Жиньпиний сургаал нь "Ши Жиньпиний бодол" гэсэн товчилсон нэртэй байж магадгүй гэж хэлж байсан ч Синьхуа агентлагийн тайланд энэ хэллэгийг шууд дурдаагүй болно. Ирэх сарын 16-нд Бээжинд эхлэх намын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Ши Жиньпин гурав дахь удаагаа бүрэн эрхээ сунгахаар бэлтгэж буй. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ши Жиньпиний эрх мэдлийг улам бэхжүүлэх аж.

Хятад улс Үндсэн хуулиа өөрчлөх шалтгаан юу вэ?

2 Украин гол хотуудыг буцаан авснаар Оросын арми ухарч байна

Украины сөрөг довтолгоо ахиц дэвшил авчирснаар Оросын арми зүүн нутгийн гол хотуудаас ухарсан байна. Украины албаныхны мэдээлснээр цэргүүд өнгөрсөн бямба гарагт Оросын армийн зүүн бүсийн чухал хангамжийн төв болох Купянск хотод нэвтэрчээ. Үүний дараа Оросын Батлан ​​хамгаалах яам цэргүүдээ "дахин бүлэглэх" боломжийг олгохын тулд ойролцоох Изюм хотоос ухарсан гэж мэдэгдэв. Мөн тус яам Донецкийн фронт дахь "хүчин чармайлтыг бэхжүүлэх" зорилгоор гурав дахь чухал хот болох Балаклиягаас цэргээ татан гаргасныг баталжээ.

Изюм нь оросуудын  гол зангилаа газар байсан бөгөөд түрэмгийллийн эхний үед тус бүс нутагт ширүүн тулалдаан өрнөж байсан. “Изюм-Балаклия” бүлэглэлийн цэргийг татан буулгаж, зохион байгуулалттайгаар Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэрт шилжүүлэх ажиллагаа гурван өдрийн турш үргэлжилсэн гэж Оросын мэдэгдэлд дурджээ.

Украин гол хотуудыг буцаан авснаар Оросын арми ухарч байна

3 Үерт нэрвэгдсэн Пакистанд тусламж үзүүлэхийг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үерийн гамшигт нэрвэгдээд байгаа Пакистанд тусламж үзүүлэхийг дэлхий нийтэд уриаллаа. Пакистаны янз бүрийн бүс нутагт зургаадугаар сарын дунд үеэс хойш их хэмжээний хур тунадас оржээ. Борооны улмаас олон бүс нутагт үер буусан юм. Пакистаны Засгийн газрын мэдээлснээр газар нутгийн гуравны нэг орчим нь усанд автаж, 1396 хүн амиа алдаж, 33 сая орчим хүн хохирсон байна.

Үерт нэрвэгдсэн Пакистанд тусламж үзүүлэхийг уриаллаа

4 Путин барууны хориг арга хэмжээг шүүмжлэв

Орос хөрсний бордоог Африк, Ази, Латин Америк руу экспортлоход саад болж буй барууны хориг арга хэмжээг Владимир Путин шүүмжлэв. Тэрбээр баасан гарагт Москва дахь Ерөнхийлөгчийн Тамгын газрын аюулгүй байдлын зөвлөгөөн дээр үг хэлжээ. Тухайн үед Орос Украинд түрэмгийлсний хариуд авсан хориг арга хэмжээг Путин "ялгаварлан гадуурхалт" гэж тодорхойлсон байна.

"Украинаас үр тарианы экспорт дахин сэргэсэн ч ихэнхийг нь Европ руу ачиж, ядуу буурай орнууд руу ачуулсангүй" хэмээн Путин үзэж байна. Тэрбээр ирэх долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, Европ руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлахыг санал болгохоор төлөвлөж байгаа аж.

Путин барууны хориг арга хэмжээг шүүмжлэв

5 Хатан хааныг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болно

Лондоны Вестминстерийн сүмд есдүгээр сарын 19-ний даваа гарагт Хатан хааны оршуулгын товыг баталж, олон нийтэд мэдээлэв.

Хатан хаан II Элизабет таалал төгссөнөөр "Лондонгийн гүүр" гэх оршуулгын төлөвлөгөөг эхлүүлсэн юм. Энэ төлөвлөгөөнд хаан ширээг захирч байсан удирдагчийг нас барснаас 10 хоногт болох үйл ажиллагаануудыг багтаасан байдаг. Хатан хааны оршуулгын өдрийг "Үндэсний гашуудлын өдөр" мөн "Банкны амралтын өдөр" болгохоор төлөвлөж байна. Учир нь тус өдөр олон нийт гашуудлаа илэрхийлэн, оршуулгын үйл явцыг телевизээр үзэх боломжтой болох аж.

Хатан хааныг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болно

6 Оросын талаарх тагнуулын нууц мэдээллийг ил болгоно

Украин дахь Оросын үйл ажиллагаа, төлөвлөгөөг илчлэх зорилгоор тагнуулын зарим мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргах талаар АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс пүрэв гарагт мэдэгдлээ. Байдены Засгийн газрын эл шийдвэр үр дүнтэй болох нь батлагдсан гэлээ. Ингэхдээ тагнуулын эх сурвалжийг хамгаалахын тулд нарийн стратегитэй ажилласан аж.

“Тагнуулын нууцыг задлах шийдвэр гаргах нь үргэлж маш төвөгтэй байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч Жо Байден зарим нууцыг олон нийтэд ил болгохоор маш болгоомжтой, сонгомол байдлаар шийдсэн. АНУ-ын Тагнуулын алба Путины бүтэлгүйтэлд үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэж тэр Вашингтонд болсон кибер аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн. Тэрбээр “Путин Украиныг дутуу үнэлж, АНУ-ын эрх баригчид ч Украиныг онцгойлон сонирхохгүй” гэж буруу таамагласан гэлээ.

Оросын талаарх тагнуулын нууц мэдээллийг ил болгоно

7 Ким Жон Ун: 100 жилийн хоригтой тулгарсан ч цөмийн зэвсгээс татгалзахгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн статусаа эргэлт буцалтгүй болгож, шинэ хууль баталжээ. Уг хуульд зааснаар Хойд Солонгос өөрийгөө хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөх эрхийг албан ёсоор баталгаажуулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон дэлхийн бусад удирдагч 2018 онд Ким Жон Уныг зэвсгийн бүтээн байгуулалтаас татгалзахыг ятгаж чадаагүй. "БНАСАУ 2017 оноос хойш анх удаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна" гэж ажиглагчид үзээд буй. Тус улс цөмийн статус тодорхойлсон хуулиа 2013 онд анх баталж байсан. “KCNA” агентлагаас мэдээлснээр энэ хуулиа орлуулах шинэ хуулийг пүрэв гарагт баталжээ.

Ким Жон Ун: 100 жилийн хоригтой тулгарсан ч цөмийн зэвсгээс татгалзахгүй

8 Украин Харьковт эрчимтэй давшилтаа үргэлжлүүлж байна

Украины цэргийн хүч Харьковоор давшиж, ОХУ-Украины хилээс холгүй Великий Бурлук сууриныг эзэлжээ. Ням гарагт Украины цэргийн хүч Харьковоор давшиж, ОХУ-Украины хилээс холгүй Великий Бурлук сууриныг эзэлснийг эх сурвалж мэдээллээ.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахдаа “Запорожье” атомын цахилгаан станцын эргэн тойрноос зэвсэглэлээ эргүүлэн татахыг уриалсан байна.

Украин Харьковт эрчимтэй давшилтаа үргэлжлүүлж байна

9 Инфляцыг хазаарлахаар яарч буй АНУ-ын Төв банк хүүгээ дахин огцом өсгөхөөр зэхэж байна

Холбооны Нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ дахин өндөр хэмжээгээр өсгөвөл энэ нь инфляцыг бууруулах чиглэлд авсан 1980 оноос хойших хамгийн “эрчимтэй” арга хэмжээнд тооцогдохоор байна.

"Бодлогын хүүг дахин 0.75 нэгж хувиар өсгөхийг дэмжинэ" гэдгээ АНУ-ын Төв банкны бодлого тодорхойлогчдын нэг Крис Валлер өнгөрсөн баасан гарагт илэрхийллээ. Үүнээс өмнө Сэнт Луисийн Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жэймс Буллардын хувьд энэ сарын 20-21-нд болох уулзалтаар бодлогын хүүг өндөр дүнгээр нэмэгдүүлэх нь илүү зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдээд байв.  

Үүнээс гадна "Wall Street"-ийн банкнуудын хүлээлт ч мөн өөрчлөгдөж байна. Тухайлбал: "Goldman Sachs Group", "Deutsche Bank", "Barclays" болон "Bank of America"-ийн шинжээчид АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх төлөвтэй гэж тооцоолж байсан бол үүнийгээ ахиулж 75 суурь нэгж болгожээ. 

Инфляцыг хазаарлахаар яарч буй АНУ-ын Төв банк хүүгээ дахин огцом өсгөхөөр зэхэж байна

10 БНХАУ-д урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээний асуудлыг ШХАБ-ын уулзалтын үеэр хэлэлцэнэ

Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох төслийн бүтээн байгуулалтыг 2023 оны III сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд автозамаас гадна 233.6 км зайд төмөр замаар тээвэрлэлт хийх боломжтой болсноор нүүрс тээврийн өртөг 46.8 ам.доллароос 12.1 ам.доллар болж, 3.8 дахин буурахаар байна.

Улс төрийн асуудлаас шалтгаалж 10 гаруй жил хойшилсон энэхүү төмөр зам тэр даруй бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг хараахан биш юм. Төмөр замын зүгшрүүлэх 36 сар буюу гурван жилийн хугацаанд ачилтын байгууламжууд болон хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажил үргэлжлэхээр байна. Тухайлбал: Тавантолгойн нүүрс ачих төв болон Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт хүлээгдэнэ.

БНХАУ-д урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээний асуудлыг ШХАБ-ын уулзалтын үеэр хэлэлцэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()