Дэлхий дээрх хамгийн хортой нуур

Беркли Питийг 1955 онд Монтана мужид "Anaconda Copper" компани зэсийн уурхай болгон нээсэн байна. Энэ газарт зэсээс гадна алт, мөнгө бас олдсон бөгөөд эхний жилд гэхэд өдөрт 17 мянган тонн хүртэл хүдэр олборлож байжээ. Гэвч нийт олборлолтын дийлэнхийг буюу 75 хувийг зэс эзэлж байв. Толгодын зүүн талд орон сууцны барилгууд байсан ч тус компани олборлолт хийх хэсгээ өргөжүүлэхийн тулд тэдгээрийг худалдаж авсан юм. Аажимдаа ил уурхайг илүү аюулгүй, хэмнэлттэй гэж үзэн үйл ажиллагааг хэвийн явуулах болсон боловч үнэн хэрэгтээ аюул тийм ч бага биш байв.

Дэлхий дээрх хамгийн хортой нуур

Тиймээс 1982 онд Беркли Питийг хаах шийдвэр гарч 1.2 км-ийн гүнд байрлах усны шахуургыг унтраасан байна. Үүний нөлөөгөөр газрын доорхи ус аажмаар дээшилж уурхай байсан нүхийг сар тутам 0.3 м-ээр дүүргэж эхлэв. Ийнхүү 1.6 км урт, 0.8 км өргөн, 540 м гүн нүх усаар дүүрч, өнөөдөр Беркли Пит нь хүнд метал ба химийн хорт бодис болох зэс, хүхрийн хүчил, цайр, төмөр, хөнгөн цагаан агуулсан нуур болж хувирчээ. Усанд маш олон металл, химийн нэгдлүүд байх тул тэдгээрийн заримыг уснаас шууд шүүж авах боломжтой байдаг. Нуурын рН-ийн хэмжээ 2.5 бөгөөд энэ нь нимбэгийн шүүсний хүчиллэгтэй ижил хэмжээ юм.

Мөн нуурын ус ёроол дахь чулуулаг хүдэртэй урвалд орсон учраас Берклигийн ус хүрээлэн буй орчинд томоохон асуудал үүсгэх болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар пирит ба бусад сульфидын эрдсүүд задарч, хүчил үүсгэж байгаа учраас нуур дахь ус гүний усны түвшинд хүрч, урсгалаар тархаж 1 км радиус дахь ус, хөрсийг хордуулах болно гэв. 1990 онд энэ асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр боловсруулсны үр дүнд нууранд цэвэрлэх байгууламж суурилуулсан юм. Тус цэвэршүүлэх байгууламж усны түвшний өсөлтийг удаашруулахын тулд урсгалаар ирж буй усыг цэвэршүүлдэг байна.

1995 онд нүүдэллэж явсан 300 гаруй галуун сүрэг нууран дээр буусан тохиолдол гарав. Харамсалтай нь шувуудын нэг нь ч амьд үлдээгүй аж. Уг газрын шинэ эзэн болох Атлантик Ричфилд компани Беркли Питийн ус шувуудын үхэлд хамааралгүй хэмээн үзэж хэргийг халдварт өвчинтэй холбон тайлбарлав. Гэхдээ лабораторийн судалгааны үр дүнгээс харахад үхсэн галууны дотор эрхтнүүд зэс, кадмий, хүнцлийн өндөр концентрацид өртсөнөөс түлэгдсэн байлаа. 2016 оны 12-р сарын эхээр Беркли Пит нуурын орчимд цасан шуурганаас хоргодсон сүрэг галуу буужээ. Энэ явдлаас болж 3000 шувуу мөн л бүгд үхсэн байна. Гэхдээ нуурын ус амьд организм амьдрахад тохиромжгүй байсан ч Беркли Питээс амьдралын хүнд хэцүү нөхцөлд дасан зохицох чадвартай шинэ төрлийн бактери, мөөгөнцөр илрэв. 

Эдгээр организмуудаас дээж авч шалган үзтэл хорт хавдрын эсүүдийн эсрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай байжээ. Тиймээс эрдэмтэд тэдгээрийг хорт хавдрын эмчилгээг боловсруулахад ашиглаж болно гэж үзсэн байна. Мөн усанд агуулагдах бичил биетүүд нууран дахь металлыг өөртөө шингээж авдаг бөгөөд энэ нь усан санг бага боловч цэвэршүүлэхэд хувь нэмэр оруулж байжээ.

Одоогийн байдлаар Беркли Пит нь дэлхийн хамгийн хортой нууранд тооцогддог ч аюул заналхийллийг үл харгалзсан жуулчдыг татсаар байгаа аж. Мэдээж усанд ойртох хориотой бөгөөд нуурыг төмөр сараалжин хашаагаар хүрээлсэн байдаг. Гэхдээ ойролцоо нь төлбөртэй ажиглалтын тавцан байдаг бөгөөд тэндээс та аюултай усан санг үзэж, зураг дарах боломжтой.

Уурхайг худалдаж авсан Атлантик Ричфилд, Монтана Ресурсес компаниудын 2000 онд суурилуулсан цэвэрлэх байгууламж нь ус цэвэршүүлэх ажлыг бүрэн хийж дуусгах чадвартай гэж үзэж байна. Компаниудын төлөөлөгчид 2019 он гэхэд цэвэрлэх байгууламжийн ажлыг шинэчлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийгдэнэ гэж мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч байгаль орчны төлөө тэмцэгчид дээрх компаниуд нөхцөл байдлыг хянах чадваргүй, тэдний цэвэрлэх байгууламж нь нөхцөл байдлыг засах хамгийн хямд, үр дүнгүй арга хэмээн үзэж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()