1
Энэтхэг улс цагаан будааны экспортоо хязгаарлав
Энэтхэгт хур бороо багассаны улмаас тариалалтад саад учирчээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн цагаан будааны хамгийн том экспортлогч орон экспортоо хязгаарлав. Тодруулбал, талбайд хатаах, тээвэрлэх, тээрэмдэх явцад бутарч үйрсэн будааны хэлтэрхийг экспортлохыг хориглож, хэд хэдэн төрлийн цагаан будааны экспортод 20 хувийн татвар ногдууллаа.
Энэтхэг улс дэлхийн 150 гаруй оронд цагаан будаа экспортолдог. Энэ нь нийт цагаан будааны тээвэрлэлтийн 40 гаруй хувь юм. Хэрвээ тээвэрлэлтийг бууруулбал хэдийнэ туйлдаа хүрээд буй хүнсний үнийг улам өсгөх эрсдэлтэй. Татварыг нэмэгдүүлснээр худалдан авагчид Энэтхэгээс татгалзаж, Тайланд, Вьетнам руу хошуурч болзошгүй аж. Түүнээс гадна Пакистан, Мьянмар гэсэн өрсөлдөгчид бий.
2
Грек: Европт дахин дайн гарч болзошгүйг анхаарууллаа
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэхийн хэрээр ил задгай мөргөлдөөн гарч болзошгүй гэж мэдэгдээд байна. Тэгвэл Турк түрэмгийлж болзошгүй хэмээн Грек улс холбоотнууддаа уриалж байна.
Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас НАТО, Европын Холбоо, НҮБ-д илгээсэн захидалдаа Эрдоганы тайлбартай холбогдуулан Анкарад сануулга хүргэхийг уриалсан байна. Турк Грект заналхийлсээр байх боломж олгох нь Европт дахин мөргөлдөөн гарах эрсдэлтэй гэж Дендиас Украины дайнаас иш татан дурджээ.
3
Украины асуудлаар найман улсын удирдагчид хамтран ажиллана
Японы Ерөнхий сайд Кишида Фумио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон бусад 6 орны удирдагчид Украины нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахын тулд хамтран ажиллахаа дахин нотлов. Байдены уриалгаар видео хурал болов. Уулзалт нэг цаг орчим үргэлжилсэн аж. Нийт найман улсын удирдагчид оролцсон ба "Их-7” бүлгийн зарим гишүүн орны тэргүүн тэдний дунд байжээ. Гэвч Францын Ерөнхийлөгч оролцсонгүй.
Удирдагчид Украины нөхцөл байдлын талаар санал солилцсон юм. Тэд Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар тохиролцов. Мөн эрчим хүч, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд улс орнууд нягт хамтран ажиллах ёстой гэдэгт санал нэгдэв. Кишида сүүлийн үед Оросын Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийж буй алхамуудын талаар ярьсан байна. Тэрбээр мөн төвийг сахисан байр суурь баримталсан улс орнуудад хүрч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
4
“IPEF”-ийн сайд нар анх удаа нүүр тулсан хэлэлцээ хийв
АНУ-ын тэргүүлсэн эдийн засгийн шинэ санаачилгын хүрээнд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн худалдааны сайд нар анхны нүүр тулсан уулзалтыг эхлүүллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэг-Номхон далайн хөгжил цэцэглэлтийн эдийн засгийн хүрээ буюу "IPEF" гэж нэрлэгддэг энэхүү чуулга уулзалтад ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Тус уулзалтын гол зорилго нь гишүүн орнуудын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ дүрэм бий болгох явдал гэж Байден тодорхойлоод байна.
5
"Эрл" хар салхи АНУ-ын зүүн эрэгт аюултай нөхцөл байдал үүсгэх магадлалтай
Бермудын зүг эргэлдэж буй Эрл хар салхи энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын зүүн эрэгт аюул учруулах төлөвтэй байна гэж цаг уурчид мэдэгдэв. Атлантын далайд 2022 онд тохиолдсон хамгийн том хар салхины хоёр дахь нь болох Эрл хамгийн ихдээ 100 миль/цаг буюу 62 км/цагийн хүчтэй салхитай байв. Энэ нь хоёрдугаар зэрэглэлийн шуурганы хэмжээг илтгэжээ. Эрл цаашид ч хүчтэй болж, 111-129 км/цаг хурдтай салхитай, аймшигт хохирол учруулж болзошгүй гуравдугаар зэрэглэлийн "том хар салхи" болно гэж таамаглаж байна.
6
Хойд Солонгос: Улс байгуулагдсаны өдрийг тэмдэглэнэ гэв
Хойд Солонгос улс байгуулагдсаны 74 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байгаа бололтой.
Улс байгуулагдахад тус тусын салбарт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс Пхеньянд цугларч байна гэж Солонгосын төрийн мэдлийн төв телевиз мэдээлэв. Мөн Хойд Солонгосын далбаагаар чимэглэсэн хувцас их хэмжээгээр үйлдвэрлэсэн гэж нэмж мэдээллээ.
7
Украин: Харьков мужийн Балаклияад бүрэн хяналтаа тогтоов
Украины арми Харьков мужаас зүүн өмнө зүгт 56 км зайд орших Балаклия хот руу сөрөг довтолгоо хийсэн тухай Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ. Тус улс нутгийн зүүн хойд хэсэг рүү хэд хэдэн сөрөг довтолгоог эрчимтэй хийгээд байна. Тэгвэл ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр телеграмдаа Балаклияагийн довтолгоо амжилттай болсон талаар бичжээ. Украинчууд Балаклия хотод хяналтаа бүрэн тогтоов. Байлдааны халуун цэг дээрээс нэгэн цэргийн илгээсэн бичлэгийг Зеленский телеграмдаа нийтэлсэн.
8
АНУ-ын төлөөлөгч Украинд гэнэт айлчлав
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд гэнэт айлчлав. Тэрбээр Украины сөрөг довтолгоог сайшааж, Оросын мэдэлд байсан газар нутгаа эргүүлэн авах оролдлого нь үр дүнтэй байна гэжээ.
“Одоо дүгнэж хэлэхэд эрт байгаа ч бид жинхэнэ үйл явцыг газар дээр нь тодорхой харж байна. Ялангуяа Херсон орчимд. Донбассын бүс нутагт ч бас ахицтай зүйлс байна” гэж тэр Киевээс явахынхаа өмнө хэлэв. Мөн укранчуудыг гайхалтай эр зоригтой, тэсвэр хатуужилтай байна гээд энэ амжилтын шалтгаан нь та бүхэн Оросын биш өөрсдийн газар нутаг дээр байгаатай холбоотой гэжээ.
9
БНСУ иргэдээ дэмжихэд зориулж 53 тэрбум ам.доллар зарцуулна
БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааны өртгийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд ирэх 2023 онд 74 их наяд вон буюу 53.4 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.
Энэ төсвийг бага орлоготой гэр бүл, өндөр настан болон бусад эмзэг бүлгийн иргэдээ дэмжихэд илүүтэй зарцуулах юм байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлэх замаар энэ дэмжлэгийг иргэддээ олгохоор төлөвлөж байна. "Ёнхап" агентлагийн мэдээлж байгаагаар хэрвээ энэ дэмжлэг туслалцааг Засгийн газраас үзүүлсэн тохиолдолд 51 сая хүн амтай Өмнөд Солонгос улсын бараг тал хувь нь буюу 21 сая хүн улсаас тэтгэмж авах төлөвтэй байна.
10
Саудын Араб дижитал хөрөнгийн нэгдсэн бодлоготой болно
Саудын Араб улс өнөөг хүртэл виртуал хөрөнгийн салбарт харьцангуй болгоомжтой хандсаар байна
Саудын Арабын Хаант улсын Төв банк виртуал хөрөнгө, дижитал валютын хөтөлбөрийг удирдах албан тушаалтныг томиллоо. Саудын Араб улс өнөөг хүртэл виртуал хөрөнгийн салбарт харьцангуй болгоомжтой хандсаар иржээ.
Харин Саудын Арабтай хөрш зэргэлдээ орших Арабын Нэгдсэн Эмират улс дэлхийн дижитал хөрөнгийн төв болж хөгжиж байгаа юм. Энэ нь Саудын Арабыг дижитал хөгжлийн чиглэлд нэгдсэн бодлого боловсруулахад түлхэц болж байгааг эх сурвалж мэдээллээ.