1
Дорнын эдийн засгийн чуулганд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгч оролцож байна
ОХУ-ын Алс Дорнодын хэсэгт орших Владивосток хотноо 7 дахь удаагийн эдийн засгийн чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. "Олон туйлт ертөнцөд чиглэсэн зам" уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форумд дэлхийн 60 гаруй улс орны төр засгийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд болон төлөөлөгчид оролцож байна.
Уг эдийн засгийн форум ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэлхийн улс төр, эдийн засгийн талаар хэлэлцэж, санал солилцохын хажуугаар бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих гол зорилготой.
2
БНХАУ-ын Сычуань мужид газар хөдөлж 46 хүн амь насаа алджээ
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужид 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас одоогийн байдлаар 46 хүн амь насаа алдаж, 16 хүн ор сураггүй алга болсон байна.
Одоо уг бүсэд газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажил болон иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр даваа гарагийн үдээс хойш Сычуань мужийн уулархаг бүсэд оршдог Лүдин хошуунд хүчтэй газар хөдлөлт болж, хөрсний гулгаа үүсжээ.
3
1930 оноос хойш Швейцарийн мөсөн голууд талдаа ортол хайлжээ
1931-2016 оны хооронд Швейцарын мөсөн голууд 50 гаруй хувиар хайлж үгүй болсон гэсэн судалгааны шинэ дүн гарчээ. Дэлхийн дулаарал улам бүр санаа зовоох хэмжээнд хүрч байгаа сүүлийн жилүүдэд мөсөн голуудын хайлах эрчим нэмэгдсэнийг тус судалгаа харуулсан байна. Швейцарийн Цюрихт байдаг Холбооны Политехникийн “И-Ти-Эйч” их сургууль, Швейцарын Ой, цас, ландшафтын судалгааны хүрээлэнгийн судлаачид шинжлэх ухааны шинэ аргачлал ашиглаж энэ судалгааг хийсэн аж.
Тодруулбал, судлаачид энэ судалгааныхаа явцад мөсөн голуудын өндөр, овор хэмжээний түүхэн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулсан зураглал гаргах замаар 20-р зууны туршид хэдий хэмжээгээр хорогдсоныг нь тооцоолж гаргажээ. Фотограмметр хэмээх энэ аргын тусламжтайгаар компьютер загварчлал боловсруулснаар мөсөн голуудын цаашдын өөрчлөлтийг илүү нарийвчлалтай тооцоолох боломжтой гэж судалгааны багийнхан үзсэн байна.
4
Хар тамхины наймаа талибуудын гол санхүүжилт болжээ
Афганистанд талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсын эдийн засаг, хүний эрх, хүмүүнлэгийн байдал улам дордсон. Хүнсний үнэ өсөж, орлогын түвшин буурснаар сая сая афган хүн хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгараад буй. Эмэгтэйчүүдийн эрх болон хэвлэлийн эрх чөлөө 2001 оноос хойш харьцангуй сэргээд байсан ч эргээд уруудаж эхэлжээ.
Өнөөдөр тус улсад 1990 оны хэт даврагч дэглэм цөөн хэдэн өөрчлөлттэйгөөр эргэн сэргэсэн байна. Өдгөө Афганистанд тулгараад буй гурван гол асуудал нь "Аль-Каида"-гийн холбоо эдийн засгийн байдал хар тамхины хууль бус худалдаа юм. Эдгээр нь Афганистанаас гадна Европын ашиг сонирхолд бодит аюул учруулж буй.
5
Зеленский Ли Трассыг Украинд урьжээ
Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс ажлаа хүлээн авсныхаа дараа анх удаа Зеленскийтэй утсаар ярив. Тэрбээр Украины эрх чөлөө, ардчиллыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн байна.
"Трасс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцсан" гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгджээ. Удирдагчид Оросын дайнд зарцуулж буй хөрөнгийг танахад шаардлагатай арга хэмжээний талаар авч хэлэлцсэн байна. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эрчим хүчийг зэвсэг болгох оролдлогыг шүүмжилсэн байна. Трасс Их Британи болон түүний холбоотнууд эрчим хүчний тусгаар тогтнолыг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.
6
Хятад улс хийн төлбөрөө рублиэр төлнө
ОХУ-ын "Газпром" компани Хятад улс хийн төлбөрөө ам.доллароор биш, юань болон рублиэр төлөх тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдэгдэв. Орос улс Хятад тэргүүтэй барууны бус орнуудтай эдийн засгийн харилцаагаа улам нягтруулж буй. Тэр дундаа нүүрс устөрөгчийн экспортын шинэ зах зээлтэй болжээ. "Рубль болон юаниар хийн төлбөр төлөхийг зөвшөөрсөн нь "Газпром"-д ч, Бээжинд ч ашигтай" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер хэлэв.
7
Өмнөд Солонгосын хар салхины хохирол
Сүүлийн хэдэн жил үзэгдээгүй хүчтэй “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрсан. Одоогийн байдлаар дор хаяж гурван хүн нас барж, найман хүн сураггүй алга болжээ. Түүнчлэн 4600 хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна. Зарим бүс нутагт үерийн түвшин 91 см хүрснээр маш олон барилга байшин эвдэрч сүйдэв. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр дор хаяж 160 барилга сүйдэж, 66 мянга орчим байшин тоггүй болсон байна. Хар салхи Чежү, Улсан, Бусан, Поханг бүс нутагт хамгийн хүчтэй дайрчээ.
8
Оросууд Европын холбоонд нэвтрэхийн тулд 45 евро нэмж төлнө
Европын холбоо ОХУ-ын иргэдэд виз олголтыг илүү үнэтэй, хүндрэлтэй болгох саналтай байна. Европы холбоонд нэвтрэхийг хүсэж буй оросууд илүү урт өргөдөл гаргах процесстой тулгарах бөгөөд хураамж нь 35 евро (30 фунт стерлинг; 34 ам.доллар)-оос 80 евро (69 фунт; 79 ам.доллар) болж өсөх болно. ЕХ-ны комисс "Москва Украины эсрэг түрэмгийллээ зогсоох хүртэл энэхүү нэмэлт төлбөр үргэлжлэх ёстой" гэж мэдэгдэв. Өнгөрсөн хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш нэг сая гаруй орос Европын холбооны орнууд руу аялжээ. ЕХ-ны комиссын дэд Ерөнхийлөгч Маргаритис Шинас "Орос улс ЕХ-Оросын визний хэлэлцээрт үндэслэсэн итгэлийг бүрэн сүйтгэсэн" гэжээ.
9
ОХУ Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авна
ОХУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгосоос олон сая пуужин, их бууны сум худалдаж авахаар зэхэж буй нь АНУ-ын тагнуулын шинэ мэдээгээр ил болжээ. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пат Райдерын мэдээлснээр “Бид оросууд тусгайлан хүсэлт тавьсныг олж мэдсэн” гэв. Гэвч төлбөр мөнгө, тээвэрлэлтийн талаар тодорхой мэдээлэл хэлээгүй байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Одоогоор зэвсэг худалдаж авсан болон Умардын ямар нэг зэвсэг Украины байлдааны талбарт очсон шинж тэмдэг байхгүй байна. Гэхдээ энэ яриа хэлэлцээ Путин хэрхэн аргаа барж буйн илрэл. Тэд Иранаас нисгэгчгүй онгоц худалдаж авсан бол одоо Хойд Солонгосоос их бууны сум авах гэж байна” гэж хэлжээ. Түүнчлэн тэрбээр "Оросууд олон улсын тогтвортой байдал дээр хамгийн амжилтгүй орнуудтай харилцахыг хичээж байна" гэж хэлэв.
10
ОХУ-ын эдийн засаг энэ онд 4 хувиар агших төлөвтэй
"Эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас энэ онд ОХУ-ын эдийн засаг дөрвөн хувиар агшина" гэж “VTB” банк тооцоолсон байна.
Түүнчлэн "Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2023 онд 3.5-4 хувиар буурах төлөвтэй" гэж тус банкны Гүйцэтгэх захирал Андрей Костин Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форумын үеэр онцоллоо.