Тухайн үед Филиппинд "PepsiCo" болон "Coca Cola" компанийн өрсөлдөөн ид өрнөж байв. Эмийн санч Калеб Бредемийн Кока Колатай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүссэн оролдлого амжилттай болж 1898 онд "Pepsi" брэнд мэндэлж байв. Хожим "Pepsi" нь Ойрхи Дорнод, Латин Америк, Хятад болон Орос даяар алдартай болжээ.
Филиппиний ундааны зах зээлийн 3\4 –ийг "Coca Cola" эзэлж байсан учир “Пепси”-ийнхэн ард иргэдийн анхаарлыг татахуйц өвөрмөц маркетингийн сурталчилгааг хийх хэрэгтэй болов Өмнө 1984 онд энэхүү сурталчилгааны арга латин америкийн худалдааны зах зээлд амжилт дагуулсан учир тэд дахин хэрэгжүүлэхээр шийдсэн аж.
Ингээд 2-р сард Филиппинд "Number Fever" гэх урамшуулал зарлагджээ. Энэ нь “Пепси” ундааны таглаан дээр 3 оронтой тоо болон аз таарвал хожих мөнгөн дүнг бичих болов.
Орой бүр зурагтаар азын тоог зарлаж байсан бөгөөд хамгийн бага хонжвор нь 100 песо буюу 4 доллароос эхэлж байжээ. Энэ нь тухайн үед Филиппиний иргэдийн хүнд хөдөлмөр эрхэлж олдог нэг өдрийн орлоготой тэнцэх учир нэг ундаа уугаад цангаагаа ч тайлж, 100 песотой болно гэдэг таатай зүйл байв. Харин супер хонжвор нь нэг сая песо буюу 40000 доллар байсан нь олныг шуугиулж байв. Эгэл жирийн Филиппин иргэн 23 жилийн турш тасралтгүй ажиллаж байж энэ хэмжээний мөнгийг олох боломжтой юм. Энэхүү супер азын тоог урамшуулалт худалдааны хугацаа дуусгавар болох үед зарлах товтой байлаа.
Уг урамшуулал “Пепси”-ийн борлуулалтад эергээр нөлөөлж 1992 оны намар гэхэд ундааны зах зээлийн 3/4-ийг эзлэх болов. Харин Филиппин иргэд үдшийг пепситэй хамт зурагтын өмнө өнгөрүүлэх болжээ. Бямба болон ням гарагаас бусад үед буюу ажлын өдрүүдэд азтангийн дугаарыг тодруулж байсан гэнэ. Урамшууллын хугацаа дуусах үед сугалаанд нийт 31 сая хүн оролцсон байна.
5-р сарын 25-ны өдөр супер азтангийн дугаарыг тодруулсан бөгөөд 349 гэсэн тоо байсан юм. Гэтэл 349 гэсэн дугаартай 800 мянган Филиппин иргэн гарч ирэх нь тэр.
Сугалааны бэлтгэл үеэр ямар нэгэн алдаа гарсан байж болох юм. Ингээд “ПепсиКо”–ийн ажилчид алдаа гарсан болохыг нийтэд зарласан боловч өөрийн азанд итгэсэн Филиппин иргэд хүлээж аваагүйгээр барахгүй компанийн төв байр руу эсэргүүцэл илэрхийлж дайран орсон байна.
Авлигал, ядуурал, цахилгааны доголдол гээд ямар ч асуудал тус улсад энэ хэмжээний эсэргүүцэл үүсгэж байгаагүй юм. “ПепсиКо” компанид хууртсан бүхий л ядуу, дундаж давхаргын иргэд хамтдаа нэгдэж, эсэргүүцэл зарласан аж.
Эсэргүүцлийн үйл ажиллагаа маш хүнд хэлбэрээр өрнөж байсан бөгөөд иргэд тэсрэх бөмбөг хүртэл ашигласан байна. Ийнхүү байгууллагын сурталчилгааны алдаанаас болж таван иргэн, компанийн хэд хэдэн ажилтан амь насаа алджээ. Байгууллагын 40 орчим ачааны машиныг шатаасан учир Пепсигийнхэн бүтээгдэхүүнээ хуягласан автомашинд авч явахаас өөр аргагүй болсон байна.
Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь “Пепси”-ийн захирал Кристофер Синклер болон Филиппиний Ерөнхийлөгч Фидел Рамос нартай уулзах байжээ.
Эцэст нь 349 дугаар сугалсан иргэн бүрд 500 песо буюу 20 доллар өгөх саналыг тавьсан бөгөөд уг саналыг ихэнх хүмүүс хүлээж авсан юм. Харин нөхөн олговрыг хүлээн зөвшөөрөхгүй байсан иргэд луйврын хэргээр "Пепси"-ыг буруутган, шүүхэд өргөдөл гаргасан аж.
Шүүх 349 дугаартай иргэн бүрд сэтгэл санааны хохирлын үүднээс 10 мянган песо өгөх шийдвэрийг гаргажээ. Давж заалдах шүүх хурлын дараа энэ тоо 30 мянга болж өссөн байна.
2006 онд Филиппиний Дээд Шүүх “ПепсиКо” компанийг буруугүйд тооцжээ. Ингээд ажилчдын хайхрамжгүй байдлаас болж ПепсиКо компанийнхан 1992 онд 20 сая долларын алдагдалд оржээ.