1
Японы засгийн газар үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж мэдэгдэв. Кишида ням гарагт нийлмэл тэжээлийн бүтээгдэхүүний үнийг одоогийн түвшинд байлгахын тулд тусламжаа өргөжүүлэхийг хүсэж байгаагаа мэдэгдлээ. "Шатахууны үнийн өсөлтөөс үүсэх санхүүгийн дарамтыг бууруулах, цахилгаан хийн үнийг тогтворжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авна" гэж Ерөнхий сайд дахин мэдэгдээд байна.
2
Орос, Хятадын хөлөг онгоц Япон тэнгист пулемётоор галласан гэв
"Япон тэнгист Орос, Хятадын тэнгисийн цэргийн зургаан хөлөг онгоц пулемётоор галласан" гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв. Энэ үйлдлийг Оросын цэргийн томоохон сургуулилалтын нэг хэсэг гэж Япон сэжиглэж байна. Японы "Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин" бямба гарагийн үдээс хойш Оросын гурван байлдааны хөлөг онгоц Хятадын мөн тооны хөлөг онгоц Хоккайдо мужийн Камуи хошуунаас баруун тийш 190 км-ийн зайд зүүн зүгт хөвж байсныг баталжээ. Мөн Хятадын хөлөг онгоцонд устгагч байсан гэж мэдээлэв.
3
Дональд Трамп: Жо Байден бол улсын дайсан
Дональд Трамп Ерөнхийлөгч Жо Байденыг олон нийтийн цуглаан дээр “төрийн дайсан” гэж нэрлэжээ. Пенсильвани мужийн Вилкс-Барре хотод олон мянган дэмжигчидтэй уулзахдаа экс Ерөнхийлөгч Трамп нь Байденыг Холбооны мөрдөх товчоог өөрийнх нь эсрэг ашиглаж байна гэж буруутгав.
Холбооны мөрдөх товчоо Трампын гэрт нэгжлэг хийсний дараа "Энэ бол Америкийн түүхэнд засаг захиргаа эрх мэдлээ урвуулан ашигласан хамгийн цочирдмоор үйлдлүүдийн нэг" гэж мэдэгджээ.
4
Орос байгалийн хийг зогсоосонд германчууд бухимдав
ОХУ-ын “Газпром” компани Герман руу дамжуулах гол хоолойг зогсоож байгалийн хийг өгөхгүй байх тухай мэдэгдсэн. Үүний дараа германчууд Оросоос байгалийн хийн нийлүүлэлт цаашид улам танагдаж буйд санаа зовнив. "Газпром" компани "Хойд урсгал" дамжуулах хоолойн нийлүүлэлтийг наймдугаар сарын сүүлчээр зогсоож гурван өдрийн засвар үйлчилгээ хийнэ гэж мэдэгдсэн. Гэвч баасан гарагт газрын тосны алдагдлыг илрүүлсэн гэх үндэслэлээр тус пүүс төлөвлөгөө ёсоор хийн нийлүүлэлтээ сэргээхгүй гэдгээ мэдэгдлээ.
5
Moody's: “Samsung”-ийн зээлжих зэрэглэлийг БНСУ-ын Засгийн газартай адил түвшинд хүргэж өсгөв
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг “Samsung Electronics” компанийн зээлжих зэрэглэлийг БНСУ-ын Засгийн газартай адил түвшинд хүргэж өсгөлөө.
Тус компанийн ашиг болон санхүүгийн үзүүлэлт тогтвортой байгаа гэсэн үндэслэлээр зээлжих зэрэглэлийг "AA3" ангиллаас "АА2" ангилалд шилжүүлсэн байна. Энэ нь дээрээсээ гуравдугаарт жагсдаг зэрэглэл юм. 2021 онд “Samsung Electronics”-ийн орлого БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.5 хувийг дангаараа бүрдүүлсэн гэж “Bloomberg” тооцоолжээ.
6
Тэрбумтан Гаутам Адани хөрөнгийн хэмжээгээрээ Илон Маск, Жефф Безосын араас эрэмбэлэгдлээ
“Bloomberg Billionaire Index”-т “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск 246 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр нэгдүгээрт бичигдэж байна.
Харин БНЭУ-ын тэрбумтан Гаутам Адани хөрөнгийн хэмжээгээрээ жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй анхны ази хүн болоод байгаа юм. Зөвхөн 2022 онд л гэхэд түүний хөрөнгө 60.9 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Түүний хөрөнгийн хэмжээ 140.9 тэрбум ам.доллар хүрснээр “Bloomberg Billionaire Index”-т Францын тэрбумтан Бернар Арног гүйцэж Илон Маск, Жефф Безосын араас бичигдэж байна.
7
Тансаг зэрэглэлийн гар цүнх өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтад тооцогдож байна
Тансаг зэрэглэлийн эсвэл алдартай загвар зохион бүтээгчдийн урласан цүнхийг худалдаж авах нь өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтад тооцогдож байна.
АНУ-ын хэрэглэгчдийн 40 хувь нь тансаг зэрэглэлийн брэндийн цүнх, бүтээгдэхүүн худалдаж авсан эсвэл авахаар төлөвлөж буйг “Business of Fashion” тооцоолжээ. Тиймээс тус зах зээлийн үнэлгээ энэ онд 72 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж.
8
Алтны үнэ сүүлийн 6 долоо хоногийн хамгийн доод цэгт хүрлээ
АНУ-ын голлох статистик үзүүлэлт сайн гарснаар ам.долларын ханш болон Засгийн газрын бондын өгөөж өссөн нь алтны үнэ унахад нөлөөлж байна.
Пүрэв гарагийн байдлаар алтны үнэ таван өдөр дараалан уналаа. Харин ам.долларын ханш дээд түвшинд хүрч чангарч 0.9 хувиар өсжээ.
9
“Twitter”-ийн жиргээг засаж болдог болно
Нийгмийн сүлжээний “Twitter” платформ анх удаа төлбөртэй хэрэглэгчдэдээ жиргээгээ засварлах боломж олгох гэж байна.
Хэрэглэгчид сар бүр 4.99 ам.доллар төлснөөр засварлах функцийг ашиглах боломжтой. Хэдий тийм боловч хэрэглэгчид жиргээгээ нийтэлснээс хойш 30 минутын дотор амжиж засварлах ёстой гэнэ.
10
Дэлхийн бондын зах зээл 1980-аад оноос хойш анх удаа “Баавгай” зах зээлд шилжлээ
Дэлхий даяар Төв банкнууд инфляцыг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмэгдүүлснээр дэлхийн бондын зах зээл “Баавгай” буюу уналтын зах зээлд шилжлээ.
Дэлхий даяар засгийн газрын болон хөрөнгө оруулалтын түвшний компанийн бондуудын өгөөжийн индекс 2021 оны дээд түвшнээсээ 20 хувиар буурсан байна. Энэ нь 1990 оноос хойших хамгийн эрчимтэй уналт болж байгаа юм.