Бран цайз нь одоогийн Румын улсын Брашов гэх газарт байрладаг аж. Уг цайзыг Брашовын иргэд цус сорогч гүнгийн тушаалаар бус харин өөрсдийн гараар, өөрсдийн хөрөнгөөр байгуулсан юм.
XIV зууны үед Туркийн халдан түрэмгийлэгчид энэ газар руу удаа дараа довтолж байсан учир Унгарын хаан Брашов нутгийн оршин суугчдын алба гувчуурыг багасгаж, хариуд нь энэхүү газар хамгаалалтын цайз барих санал тавьсан аж. Үүнээс гадна хилийн зурвас байгуулах хэрэгтэй гэж үзжээ.
Ингээд иргэд хааны саналыг зөвшөөрч хадны орой дээр бат бөх хана бүхий сүрлэг цайз барьсан бөгөөд дотор нь олзлогдсон хүмүүсийг байлгах зорилготой байв. Сонирхолтой нь Браны цамхгийг барихаас өмнө буюу 1212 онд Тевтоний тушаалаар Дитрихштейн модон цайз барьсныг монголчууд 1242 онд сүйтгэсэн түүхтэй.
ХХ зууны эхэнд Брашовын иргэд цайзыг Румыний нэгдүгээр Фердинанд хаанд бэлэглэж, харин хаан өөрийн хатан болох Мариад шилжүүлсэн байна. Мариа нь оросын хаан II Александрын ач байсан гэнэ. Хатан хааны тушаалаар цайзыг сэргээн засварлаж, хиймэл нуур, усан оргилуур бүхий гайхалтай цэцэрлэгт хүрээлэнтэй болгосон байна. Ямар ч цус сорогч байхгүй шүү.
Хадан дээр байрладаг учир шатаар дээш өгсөх хэрэгтэй
Хатан хаан Мариа цайзыг охин Илеандаа өвлүүлсэн бөгөөд дайны үеэр Илеана эмнэлгийн журмаар ашигласан аж. Гэвч 1948 онд хатан хааны гэр бүл Румынаас хөөгдөж, цайзад хар бараан өдрүүд нүүрлэв. 1950 оны үед цайзыг феодалын нийгмийг харуулсан музей болгох санаа гаргасан боловч Бран он цагийн эрхэнд элэгдсэн байлаа. Цайзыг сэргээн засварлах ажил бараг 40 жил үргэлжилжээ.
Браны цайз өвлийн улиралд
Харин 2000 онд цайзыг Мариа хатны ач болох Доминик Габсбургт шилжүүлэн өгчээ. Хааны ургийн хүн болох Габсбург АНУ-д удаан хугацааны туршид амьдарсан архитектурч байсан учир цайзыг гайхалтайгаар өөрчилж чадсан юм. Харамсалтай нь дотор байсан хуучны бүх эд зүйлсийг музейд хүлээлгэж өгсөн учир Габсбург хоосон үлдсэн гэнэ.
Үүдэнд байх сахиус
Орчин үеийн дотоод засал чимэглэл.
Цайзын голд орших гадна талбай
Гэхдээ Браны цамхаг алдарт цус сорогч Дракула буюу Влад Цепештэй холбоотой болов уу? Энэ талаар хэд хэдэн тайлбар байдаг боловч аль нь ч бодит үнэн гэсэн баталгаа байдаггүй. Зарим нь Дракула анд гарахынхаа өмнө энэхүү цайзад хэдэн шөнийг өнгөрүүлсэн гэж ярина. Харин зарим нь түүнийг цамхгийн ойролцоо байрлах ойд ан хийдэг байсан гэж ч үздэг.
Түүнчлэн цайзын хонгилын өрөөнд туркууд Дракулаг хорьж байсан гэдэг ч мөн л албан ёсоор батлагдаагүй түүх юм. Ерөнхийдөө Влад Цепеш зүгээр л Бран цайзын "хажуугаар өнгөрч" байсан нэгэн бололтой.
Цамхаг доторх бүх тавилгыг дахин шинээр хийсэн байна
Браны цайзыг ийнхүү цус сорогчдын ордон мэт ойлголтыг төрүүлэхэд хоёр хүн нөлөөлсөн аж.
1897 онд зохиолч Брэм Стокерийн хамгийн анхны зохиол хэвлэгдсэн бөгөөд уг зохиолд Трансильваний аймшигт цус сорогч болох Дракула буюу Влад Цепешийн талаар өгүүлсэн байдаг. Уг ном маш олон уншигчдын анхаарлыг татсанаар Трансильвани бараг л цус сорогчдын орон болсон. Уншигчид Дракулагийн амьдарч байсан цайзын байршлыг тодорхойлох оролдлого хэд хэдэн удаа хийж эцэст нь Браны цайз дээр буусан аж. Учир нь Стокер цамхгийн талаар маш дэлгэрэнгүй бичиж, хажуудаа хоёр бэхлэлттэй болохыг хүртэл дурдсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ Стокер хэзээ ч Румынд очиж байгаагүй бөгөөд Бран цайзыг ч харж байгаагүй гэнэ. Энэ зүгээр л нэг давхцал эсвэл зохиолч цайзыг ямар нэг зураг дээр харсан байх магадлалтай. Эсвэл зохиолчийн бүтээлч чадвар гайхалтай нууцлаг цайзыг зохиоход нөлөөлсөн болов уу.
Харин цайзын шинэхэн эзэн Доминик Габсбург эртний түүхийг нь ашиглаж орлого олохоор шийдсэн байна. Цайз дотор дундад зууны үеийн музей байрлах бөгөөд үүнд бууны цуглуулга, эрүүдэн шүүлтийн багаж зэвсгүүд байгаа аж. Жуулчид Дракулатай холбоотой бэлэг дурсгалын зүйлийг худалдаж авч болно. Үүнээс гадна цамхгийг аймшгийн баяр хийхээр түрээслэх ч боломжтой. Ийнхүү Румыний аймшигт түүх бүхий цайз орчин үеийн түүхийн дурсгалт газар болжээ.