1
Тайландын Ерөнхий сайдын бүрэн эрхийг түдгэлзүүлжээ
Найман жилийн өмнө төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авсан Ерөнхий сайд Прают Чан-Очагийн бүрэн эрхийг Тайландын Үндсэн хуулийн шүүх түдгэлзүүлэв. Түүнийг тус улсын Үндсэн хуульд заасан найман жил Ерөнхий сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацааг хэтрүүлсэн эсэхийг шүүх шийдвэрлэх аж. Засгийн газрынх нь хэвлэлийн төлөөлөгч Ануча Бурапачайсригийн мэдээлснээр Сайд нарын танхимыг 77 настай Шадар сайд Правит Вонгсуван түр удирдах гэнэ.
2
ОХУ Украин улсаас дүрвэн ирсэн иргэдэд тэтгэмж олгох тухай зарлиг гаргав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын хоёр бүгд найрамдах улс болон Украин улсаас ирсэн дүрвэгсдэд тэтгэмж олгох тухай зарлиг гаргалаа. Уг зарлигийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 80-аас дээш ахмад настан болон жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдүүдэд сар бүр болон нэг удаа мөнгөн тэтгэмж олгох тухай заажээ.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 80-аас дээш насны ахмад настанд сар бүр 1000 рубль буюу 165 америк доллар, дэлхийн 2-р дайны үеэр тулалдаж явсан ахмад дайчдад 82 орчим америк долларын тэтгэмжийг энэ оныг дуустал сар бүр олгох юм. Мөн дайнаас дүрвэж ОХУ-д ирсэн жирэмсэн эмэгтэйчүүдэд 165 америк долларын тэтгэмжийг нэг удаа, шинээр төрсөн хүүхдэд 331 америк долларын тэтгэмж олгоно. Үүний зэрэгцээ Украинаас дүрвэсэн хүүхдүүдэд сар бүр 66 америк доллар олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ.
3
БНСУ гадаад өвчтөний тоогоо нэмэгдүүлэх зорилт тавилаа
БНСУ-д “Ковид-19”-ийн халдварын үед эмнэлгийн үйлчилгээ авахаар ирэх гадаад өвчтөний тоо эрс буурсан. Тиймээс БНСУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс цахим үйлчилгээг илүү өргөжүүлж цар хүрээтэйгээр явуулж эхлэв. Өнөөдөр “Ковид-19”-ийн халдвар буурч гадаадаас ирэх өвчтөний тоо нэмэгдэж байгаа аж.
Солонгос улс “Ковид-19”-ийн халдвар гарахаас өмнө 2019 онд 497 мянган гадаад өвчтөн хүлээн авсан. Харин 2020 онд энэ тоо эрс буурч 117 мянган өвчтөн хүлээн авчээ. Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй гадаад өвчтөнийг насны ангиллаар авч үзвэл 20-30 насны иргэд 63 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил БНСУ-д 191 орноос 146 мянган гадаад өвчтөн эмчилгээ хийлгэсэн байна. Ингэснээр “Ковид-19”-ийн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудын зүгээс 2026 он хүртэлх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаад өвчтөний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
4
Япон улс ковидын тохиолдлуудыг тоолох аргачлалаа өөрчилж байна
Японы Засгийн газар коронавирусний тохиолдлыг мэдээлэх одоогийн системдээ өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эмнэлгийн ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор үндэсний тайлангийн тогтолцоог шинэчлэх арга замыг энэ хүрээнд авч үзжээ.
Энэ талаар “Бид эмнэлгийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн захиргааны ачааллыг хэрхэн бууруулах талаар судалж байна” гэж Эрүүл мэндийн сайд Като Кацунобу мэдэгдэв.
5
"Covid-0" бодлогоо умартсан ажилтнуудыг шийтгэв
Төвдийн 100 гаруй албан тушаалтныг "Covid-19"-ийн тархалтыг зогсоож чадаагүйн улмаас энэ сард ажлаас нь халж, шийтгэсэн байна. Гималайн алслагдсан бүс нутагт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу дэлхийн тахлын эхний өдрүүдээс хойш Төвдийн хэд хэдэн хотод халдвар тархжээ. "Covid-19" халдварын 500 орчим нь Төвд нутагт бүртгэгдсэн бол хөрш Шинжаан болон өмнөд хэсгийн Хайнань арал халдварын гол цэгүүд байв.
6
Орос улс Унгарт хоёр цөмийн реактор барина
Будапешт, Москвагийн 2014 онд байгуулсан гэрээний дагуу Оросын “Росатом” корпорацид цөмийн реактор барих лицензийг Унгарын тал олгов. Ингэснээр тус корпораци "Пакс" атомын цахилгаан станцын хоёр шинэ реакторын барилгыг барина. "Росатом"-д тендергүйгээр олгосон уг төслийг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрын найрсаг харилцааны нотолгоо хэмээн дурсдаг.
7
АНУ-ын байлдааны хөлөг онгоц Тайванийн хоолойд хүрэв
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн наймдугаар сарын эхээр Тайваньд айлчилсны дараа Тайвань, Хятадын хоорондын хурцадмал байдал ихэссэн. Үүнээс хойш анх удаа АНУ Тайванийн хоолойд хөлөг онгоцоо илгээв. Хятад улс хариу арга хэмжээ авч тус бүс нутагт томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. "Удирдлагатай пуужингийн хоёр хөлөг онгоц олон улсын усан замаар чөлөөтэй зорчих боломжтойг харуулсан" гэж Вашингтон мэдэгдэв.
8
Япон Африкт 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ
Японы Ерөнхий сайд Кишида Фумио төрийн болон хувийн хэвшлийнхэн ирэх гурван жилд Африкийн өсөлтийг дэмжихийн тулд 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдэв. Токиогийн Африкийн хөгжлийн асуудлаар олон улсын бага хурал буюу TICAD-д онлайнаар оролцохдоо тэрбээр Африк нь залуу итгэл найдвараар дүүрэн эрч хүчтэй тив гэсэн юм.
9
Швед, Финланд улс НАТО-д элсэх талаар Турктэй ярилцаж байна
Нордикийн хоёр орон болох Швед, Финланд НАТО-д элсэх хүсэлтийн асуудлаар Турктэй гурван талт хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Орос Украинд түрэмгийлсний дараа Швед, Финланд улсууд цэргийн төвийг сахих олон жилийн бодлогоо орхиж, НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан. Тэдний өргөдлийг НАТО-гийн 30 гишүүн орон бүгд соёрхон батлах шаардлагатай. "Турк улс Анкарагийн террорист байгууллага гэж үздэг курдын зэвсэгт бүлэглэлүүдийг Нордикийн хоёр орон дэмжихээ зогсоосны дараа л тус холбоонд нэгдэхийг зөвшөөрнө" гэж мэдэгдээд байсан. Энэ нь бусад нөхцөлөөс гадна бүлгийн гишүүдийг хүлээлгэн өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэхийг хоёр улсаас шаардаж байна.
10
Украины Запорожье атомын станц руу халджээ
“Запорожье” АЦС-ын байр руу Оросын хүчин удаа дараа халдсан гэж Украины цөмийн эрчим хүчний “Энергоатом” компани бямба гарагт мэдээлэв. Тус компани “Үе үе буудсаны улмаас цахилгаан станцын дэд бүтэц эвдэрч устөрөгч алдагдах, цацраг идэвхт бодис цацагдах эрсдэлтэй болсон. Мөн гал түймрийн аюул өндөр байна” гэжээ. Одоогоор хохирлыг шалгаж байгаа аж.