1
Хуванцар будаа
Боломжгүй мэт санагдах ч хятадууд хуурамч цагаан будаа үйлдвэрлэж чаджээ. Уг будааг чихэрлэг төмс, синтетик давирхайгаар хийдэг. Хэдийгээр цагаан будаатай маш ижилхэн харагдах ч идэх боломжгүй.
Хуурамч будааг хятадын Тайюань хотын зах дотор зардаг бөгөөд агшаасны дараа ч чулуу мэт хатуу хэвээр байдаг гэнэ. Хуванцар цагаан будааг хүнсэнд хэрэглэж болохгүй. Энэ нь та хүнсэндээ гялгар уут ашигласантай ижил зүйл болно.
Ийнхүү хуурамч будаа үйлдвэрлэхээс гадна хятад худалдаачид энгийн будаанд үнэртүүлэгч нэмж, илүү үнэтэй будаа болох “Учан”-ы нэрийн дор зардаг. Жил бүр 800 мянган тонн “Учан” будааны ургац хураадаг ч 10 сая тонн орчмыг зардаг аж. Өөрөөр хэлбэл 9 сая тонн будаа нь хуурамч будаа гэсэн үг юм.
2
Хархны махаар хонины мах хийх
Хөдөлж байгаа бүхнийг хоол гэж хардаг гэгдэх Хятадууд харх, булга, үнэгний маханд химийн бодис нэмж, уг махаа хонины мах мэтээр зардаг гэнэ. Энэхүү арга худалдаачдын дунд газар аваад байсан учир цагдаагийн байгууллагынхан гурван сарын дотор 900 худалдаа эрхлэгчийг илрүүлж, 200 мянган тонн хуурамч хонины махыг хураажээ.
Энэ төрлийн махны худалдаачдын нэг болох Вэй гэх эр 10 сая юаны орлого олсон аж. Тэрбээр үнэг, харх, булганы махыг нитрат, желатин болон кармин гэх химийн бодис, амтлагчуудтай хольж хонины мах хэмээн худалдаалдаг байжээ.
Хятадын цагдаагийн байгууллагынхан жинхэнэ хонины махыг хуурамч хонины махнаас ялгах зааврыг томоохон сайт дээр нийтэлж, ард иргэддээ анхааруулга өгсөн гэнэ. Махыг гэсгээх эсвэл чанасны дараа махны өөх болон мах хоорондоо тасардаггүй. Харин хуурамч махны хувьд чанасны дараа өөх, мах нь салаад уначихдаг аж.
3
Химийн орцтой дүпү
Дупүг буурцгийн сүү болон өтгөрүүлэгч бодисоос гаргаж авдаг. Хятадын засгийн газраас хуурамч дүпү үйлдвэрлэсэн хэргээр саяхан Ухань хотод байрлах хоёр үйлдвэрийг хаасан байна. Буурцгийн уургийг гурил, глутамат натри, будагч бодис, мөстэй хольж тэр даруу савладаг байсан нь гадна байдлаараа нэр бүхий брэндийн дупүтэй адилхан харагдаж байжээ.
Хуурамч дупүг орон нутгийн захуудад худалдаалж байсан ба хямд үнэтэй байсан учир маш ихээр борлуулагдаж байсан гэнэ. Ингээд "Deanfa Food Company"-ийн дупүний борлуулалт багасаж эхлэх үед тэд судалгаа хийж эхэлсэн бөгөөд эцэст нь хуурамч дупүг олж илрүүлсэн байна. Хуурамч дупү дээр 1,2 сая долларын үнэтэй багажаар брэндийн лазер кодыг бичиж байсан болох нь тогтоогджээ.
Шар буурцгийн уураг ашиглах нь тийм ч муу зүйл биш хэдий ч зарим хууран мэхлэгчид дүпүндээ ронгалит болон хорт хавдар үүсгэгч үйлдвэрийн цайруулагчийг нэмж байсан гэнэ. Цайруулагч бодис нь дүпүг илүү бат бөх болгож байсан бөгөөд нийт 100 тонн орчим хуурамч дупүг илрүүлсэн байна.
Үүнээс гадна цагдаагийн ажилчид үйлдвэрээс үлдэгдэл хуурамч бүтээгдэхүүн болон бараа үйлдвэрлэхэд зориулагдсан бохир тоног төхөөрөмжийг олж хураажээ.
4
Формальдегид болон нугасны цус
Хятад улсад нугасны цустай дүпү хамгийн тансаг хоолны тоонд багтдаг. Цусыг өтгөн болтол чанаж, дараа нь дөрвөлжин хэрчиж болгодог. Ийнхүү тансаг зэрэглэлийн зоогт багтдаг өндөр үнэтэй бүтээгдэхүүн хямд аргаар үйлдвэрлэхийн тулд Хятад худалдаачид эрүүл мэндэд хортой формальдегид гэх бодисыг хямд гахайн эсвэл үхрийн цустай хольж, нугасны цус нэрийн дор зарж байсан аж.
Хятадын цагдаагийн байгууллага хуурамч нугасны цус үйлдвэрлэгчдийг олж илрүүлсэн бөгөөд тэд Цзянсу дүүрэгт амьдрах гэр бүлийн хоёр байжээ. Энэхүү амттаныг бэлдэхийн тулд хосууд тахианы цусыг хүнсэнд зориулагдаагүй будагч бодистой хольж байсан гэнэ.
Цагдаагийн албан хаагчид луйварчдаас нэг тонн орчим хуурамч нугасны цус хураасан байна. Энэ нь Хятадад маш алдартай хууран мэхлэлтийн нэг хэлбэр учир ард иргэд хуурамч болон жинхэнэ бүтээгдэхүүнийг үнэрээр нь таньж мэддэг болжээ.
5
Хуурамч зөгийн бал
Хоёр төрлийн хуурамч зөгийн бал бий. Нэгдүгээрт цэвэр зөгийн бал дээр элсэн чихэр, хүрэн манжин эсвэл будааны сироп нэмсэн, хоёрдугаарт ус, элсэн чихэр, өтгөрүүлэгч болон будагч бодис ашиглаж хийсэн цэвэр зөгийн балтай тун ойролцоо хуурамч зөгийн бал багтана.
Нэг кг хуурамч зөгийн балыг үйлдвэрлэхэд 10 юань шаардагддаг ба бэлэн болсон бүтээгдэхүүнээ 60 юаниар борлуулдаг аж. Хятадын Цзинань дүүрэгт худалдаалагдах зөгийн балын 70% нь хуурамч байдаг гэнэ. Тиймээс Хятадын сонин сэтгүүлд цэвэр зөгийн балыг, хуурамч зөгийн балнаас ялгах талаар мэдээллийг тогтмол өгдөг байна.
Хятадын цагдаагийн байгууллагынхан хуурамч зөгийн бал үйлдвэрлэгчдийг илрүүлж 38 хувин зөгийн бал хурааж авсан аж. Судалгаанаас харахад Франц улсад худалдаалагдаж буй зөгийн балын 10 хувь нь хуурамч зөгийн бал байсан гэнэ.
6
Хуурамч цэвэр ус
Саяхан Хятадын цагдаагийн газрынхан хуванцар саванд гоожуурын цэвэршүүлээгүй ус хийж, тусгай төхөөрөмжөөр лацдаж байсан хуурамч цэвэр ус үйлдвэрлэгчдийг баривчилсан байна. Тэд усны саван дээр алдартай брэндийн шошго нааж, чанарын баталгааны тэмдгийг тавьж байсан гэнэ.
Лабораторийн судалгаа хийхэд энэхүү уснаас гэдэсний савханцар болон хортой мөөгөнцрийг олж илрүүлсэн аж. Жил бүр Хятад улсад 100 сая савтай хуурамч ус зарагддаг бөгөөд энэ нь 120 сая доллар хүрдэг гэнэ. Харьцуулахад Бээжин хотод жил бүр 200 сая хуурамч ус үйлдвэрлэгддэг байна.
Энэхүү хууран мэхлэлт 2002 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд 3 юаниар бүтэж буй усыг 10 юаниар зардаг аж. Харин чанартай цэвэр усыг үйлдвэрлэхэд 6 юань шаардагддаг байна.
7
Хөгцөрсөн үрийн гоймон
Хөгцөрсөн, муудсан, малын тэжээлд ашиглах зориулалттай үрээр будааны гоймон үйлдвэрлэх хэрэг гарчээ. Хөгцийн үнэр, таагүй амтыг дарахын тулд тэд хавдар үүсгэгч бодис нэмдэг аж. Дунгуань хотод 50 гаруй энэ төрлийн үйлдвэр байдаг бөгөөд тэд өдөрт 50 тонн орчим хөгцөрсөн үрээр будааны гоймон үйлдвэрлэж байсан гэнэ.
Бусад 35 үйлдвэрт шалгалт хийж үзэхэд тэдний 30 нь чанаргүй будааны гоймон үйлдвэрлэж байсан болох нь тогтоогдсон. Эдгээр үйлдвэрүүдэд муудсан цагаан будааг цайруулж, нэмэлт бүтээгдэхүүн нэмж гурав дахин их будааны гоймон гаргаж авч байсан гэнэ.
Муудсан цагаан будааг дахин боловсруулахаас гадна гурилд цардуул болон эрдэнэ шишийн нунтаг хийж будааны гоймон гаргаж авдаг аж. Энэ төрлийн гоймон нь уургийн агууламж тун бага буюу 1 хувьтай байдаг гэнэ. Харин цэвэр гоймон нь 7 хувийн уургийн агууламжтай байдаг. Хуурамч будааны гоймонгоор хооллож байсан гахайн хөл, гар сул болж, эрүүл мэндийн асуудалтай болсон байна.
8
Нэмэлт хоол тэжээл болох кленбутеролоор хордсон гахайн мах
Кленбутерол бол амьтдын нэмэлт тэжээл юм. Энэхүү бодис нь амьтны өөхөн давхаргыг хайлуулдаг бол хүн хэрэглэсэн тохиолдолд дотор муухайрах, зүрхний асуудалд хүргэх, хэт их хөлрөх, толгой эргэх гэх мэт эрсдэлүүдийг дагуулдаг байна. Уг бодисыг 1980 оноос амьтны хоолонд нэмэлтээр хэрэглэж эхэлсэн ч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн учир 2002 онд хэрэглэхийг хориглосон аж.
Гэвч зарим махны үйлдвэрүүд тэжээвэр гахайдаа одоог хүртэл энэхүү бүтээгдэхүүнийг өгдөг гэнэ. Хятадын махны худалдааны зах зээлд нэлээд томоохон байр суурь эзэлдэг "Henan Shuanghui" компанийнхан уг бүтээгдэхүүнийг гахайн тэжээлдээ ашиглаж байсан нь тогтоогдож тэд хэрэглэгчдээс уучлалт хүсэж, 2000 тонн гахайн махыг зах зээлээс эргүүлэн татсан байна. Байгууллагын 24 ажилтныг ажлаас нь халсан аж.
1998-2007 оны хооронд кленбутерол хэрэглэсэн 18 тохиолдол бүртгэгдсэнээс 1 хүн нас барж, 1700 хүн хордлого авчээ.
9
Хуурамч дарс
Хуурамч архи, дарсны үйлдвэрлэл Хятадад тулгарч буй томоохон асуудлуудын нэг юм. Хятад улсад худалдаалж буй нийт архи, дарсны 50% нь хуурамч болохыг Хятадын үндэсний телевизээр мэдээлсэн байна.
Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар худалдааны зах зээлд буй дарсны 90 хувь нь фальсификат агуулсан байдаг гэнэ. Тиймээс ч хуурамч архи, дарсны худалдааг зогсоохын тулд Хятадад хуурамч согтууруулах ундааг илрүүлэх шинжилгээний төвийг байгуулсан аж.
Дарсны үйлдвэрлэгчид засгийн газартайгаа нэгдэж, дарсыг бөглөөнийх нь тусламжтайгаар хуурамч эсэхийг тодорхойлох аппликейшн бүтээжээ.
Мэдээж, хуурамч дарс үйлдвэрлэхэд томоохон брэндийн нэрийг ашигладаг бөгөөд дарсны шошго, савлагаа гээд бүхий л зүйл жинхэнэ дарснаас огт ялгарахгүй. Харин зарим үйлдвэрлэгчид үнэтэй дарсны шилэнд хямд дарс савлаж зарах нь ч бий.
Томоохон зочид буудлууд болон дуудлага худалдааны байгууллагууд хоосон дарсны шилийг устгаж, дахиж хэрэглэх боломжийг олгодоггүй. Ийнхүү хуурамч дарс үйлдвэрлэгчидтэй тэмцэж байхдаа Хятадын цагдаагийн байгууллагын ажилчид 32 сая долларын үнэд хүрэх 40 мянган хуурамч дарсыг олж илрүүлжээ.
2012 онд Шанхайд 350 хуурамч дарсыг олж илрүүлсэн бөгөөд нийт үнэ нь 1,6 сая доллар хүрч байсан аж.
10
Үслэг хавч
Янчэн нуурын үслэг хавч нь Хятадын хамгийн үнэтэйд тооцогдох хавч юм. Тиймээс ч худалдаачид энгийн хавчийг үслэг хавч мэт болгож зарахыг хичээдэг. Үүний тулд тэд Янчэн нуурын усанд энгийн хавчийг байрлуулж зардаг байна. Харин зарим нь химийн бодис ашигладаг.
Жил бүр 100 мянган тонн үслэг хавч зарагддаг хэдий ч тэдгээрийн 3000 орчим нь л жинхэнэ үслэг хавч байдаг аж. Ийнхүү хууль бус наймаа эрхлэгчдийн хуурамч үйл ажиллагааг зогсоохын тулд Хавчны Худалдааны Холбооныхон Янчэн нуураас барьсан бүх хавчин дээр тусгай код бүхий бөөрөнхий хуванцар өлгөхийг шаардсан байна.
Гэвч энэхүү төсөл удалгүй хэрэгжих боломжгүй болсон аж. Учир нь Янчэн нуураас хавч олборлох эрхтэй худалдаачид өөрийн кодыг хуурамч үслэг хавчны худалдаа эрхлэгчдэд зарсан гэнэ.
11
Хуурамч өндөг
Хуурамч өндөг хэдэн жилийн өмнөөс худалдаалагдаж эхэлсэн. Эдгээр өндөгнүүд гадаад байдлаараа жинхэнэ өндөгтэй адил учир худалдан авагчид огт ялгаж чадахгүй. Үүнээс гадна хуурамч өндөг жинхэнэ өндөгнөөс хоёр дахин хямд үнэтэй байдаг.
Хуурамч өндөгний дотор өндөгний шар, цагаан байх бөгөөд желатин, бензойн хүчил, өтгөрүүлэгч, кальцийн хлорид, парафин гэх мэт бодисуудыг ашиглаж хийдэг аж.
Цахим сүлжээнд одоог хүртэл гурав хоногийн хуурамч өндөг үйлдвэрлэх сургалт зохион байгуулагддаг бөгөөд нэг сургалт 150-200 долларын үнэтэй. Амтны хувьд ялангуяа шарж идвэл жинхэнэ өндөгтэй ижил амттай. Гэхдээ шарж байх явцад өндөгний цагаан дээр олон тооны бөмбөлөг үүсэх бөгөөд энэ нь хэрэглэгчдийн анхаарлыг татах ёстой юм.
Энэ төрлийн өндгийг хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд сөрөг үр дагавартай болохыг эмч нар анхааруулж байна. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар удаан хугацааны туршид хуурамч өндөг идэх нь ой санамжаа алдах өвчлөлд хүргэх гэнэ.
12
Цаасан нарийн боов
Гахайн махны амттай нарийн боовыг хатуу цаасаар хийх чадварт Хятадууд суралцсан байна. Зурагтын нэгэн нэвтрүүлгийн үеэр ''баоцзы'' нарийн боовыг хатуу цаасаар үйлдвэрлэж байсан худалдаачны талаар гарчээ. Тэр эхлээд картон цаасыг саван болон цаас үйлдвэрлэхэд ашигладаг каустик содатай хольж, харин дараа нь цаасан гурилдаа амтлагч, гахайн мах хийж байсан гэнэ.
Энэхүү бичлэг гэрлийн хурдаар дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүс уг бичлэгийг хуурамч мэтээр хүлээн авч байсан аж. Уг бичлэгийг хийсэн найруулагчийг баривчилсан гэнэ. Найруулагч энэ арга замаар өөрийн сувгийн рейтингийг нэмэгдүүлэх зорилготой байсан гэжээ.