1
Лиз Трасс: Шаардлагатай нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Их Британийн одоогийн Ерөнхий сайд Борис Жонсоныг огцорсны дараа Эрх баригч Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албанд очихоор горилж байгаа Гадаад Хэргийн сайд Лиз Трасс "Шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн" гэж өчигдөр мэдэгджээ.
Тодруулбал, Нэгдсэн Вант улсад аюултай нөхцөл байдал үүсэх нөхцөлд цөмийн зэвсэг ашиглах боломжтой эсэх тухай асуултад тэрбээр “Би үүнийг Ерөнхий сайдын чухал үүрэг хариуцлага гэж бодож байна. Би үүнийг хийхэд бэлэн” гэж хариулжээ. Лиз Трасс өчигдөр Бирмингемд Консерватив намын гишүүдтэй уулзах үедээ ингэж ярьсныг тухайн арга хэмжээг зохион байгуулсан “Таймс радио” радиостанцаар дамжуулжээ.
2
В.Зеленский: Украины үр тариа тээвэрлэлт үр дүнгээ өгч эхэллээ
"НҮБ-ын санаачилгаар өнгөрөгч долоодугаар сард байгуулагдсан тэнгисийн коридор үр дүнгээ өгч эхэлсэн" гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский францын “Л Экспресс” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
3
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Самарканд хотноо болно
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 оноос хойших анхны гадаад айлчлалаа Узбекистан улсад хийхээр төлөвлөж байна. Энэ айлчлалын хүрээнд Хятадын дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж магадгүй талаар өрнөдийн хэвлэлүүд онцолжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпины хувьд энэ нь цар тахал дэлхий нийтэд тархсан цагаас хойш буюу 2020 оноос хойш хийж буй анхны гадаад айлчлал юм. Ирэх 9 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно. Энэ хүрээнд Орос, Хятадын эрх баригчид уулзалт хийж магадгүй тухай олон улсын хэвлэлүүд эх сурвалждаа үндэслэн мэдээлж байна.
4
Япон улс вакцины III тунд хамрагдсан гадаадын иргэдээс шинжилгээний хариу шаардахгүй
"Есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн вакцины гурван тунд хамрагдсан зорчигчдоос хилээр нэвтрэхэд COVID-19-ийн сөрөг шинжилгээний хариу шаардахгүй" гэж Япон улсын Ерөнхий сайд мэдээллээ.
Түүнчлэн өдөрт хүлээн авах жуулчдын тоог 20 мянгаас 50 мянга болгож нэмэгдүүлэх эсэх нь удахгүй тодорхой болох юм. Шинжилгээний хариу шаардахаа больж байгаа ч визийн асуудал хүндрэлтэй хэвээр байгаа аж.
5
БНХАУ 2 жилийн дараа гадаадын оюутнуудыг хүлээн авахаар болов
Хоёр жил гаруйн дараа БНХАУ гадаадын оюутнуудыг хүлээн авахаар боллоо. Цар тахал эхлэхээс өмнө буюу 2019 онд гадаадын 492 мянга гаруй оюутан тус улсад суралцаж байжээ.
БНХАУ гадаадын оюутнуудыг хүлээн авахаар болсон ч COVID-19-ийг үл тэвчих бодлогоо сулруулаагүй гэдгийг “Global Times” онцолж байна. Тус улсад хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийг долоо хоног тусгаарлах журам мөрдөгдсөн хэвээр байгаа аж. Ойрын хугацаанд тусгаарлалтын хугацааг богиносгох төлөвгүй байгааг Бээжин хотын Ардын эмнэлгийн захирал мэдээлсэн байна.
6
“Toyota Motors” АНУ-ын Калифорни мужийн хүлэмжийн хийн ялгарлын стандартыг хүлээн зөвшөөрлөө
“Toyota Motors” компани АНУ-ын Калифорни мужийн автомашины хүлэмжийн хийн ялгарлын стандартыг хүлээн зөвшөөрлөө.
2019 онд “Toyota Motors”, “General Motors” зэрэг автомашин үйлдвэрлэгчид Калифорни мужийг Засгийн газрын стандартыг давсан хатуу журам гаргасан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн юм.
7
Финландын Ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Финландын хамгийн залуу Ерөнхий сайд гэртээ үдэшлэг зохион байгуулж дуулж, бүжиглэж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж дуулиан шуугиан дэгдээгээд байсан. Тус бичлэг задарсан даруйд тэрээр олны шүүмжлэлд хурцаар өртөж сөрөг хүчний намын дарга түүнийг мансууруулах бодисын шинжилгээ өгөхийг шаардсан юм.
Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний улс төрчид 36 настай Ерөнхий сайд Санна Маринийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг үгүйсгэхээр шинжилгээнд хамрагдсан юм. Түүний шинжилгээнээс ямар ч мансууруулах бодис илрээгүй гэдгийг тус улсын Засгийн газраас мэдэгдлээ. Тэрээр өөрийгөө хэзээ ч хууль зөрчиж байгаагүй өсвөр насандаа ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэдгээ онцолжээ. "Шинжилгээгээр кокайн, амфетамин, каннабис, унтуулагч бодис, дектропропоксифен гэх зэрэг мансууруулах бодисыг шалгасан" гэж Залуу Ерөнхий сайдын тусгай зөвлөх Лида Валлин AFP агентлагт мэдээлжээ.
8
АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж 10.6 тэрбум ам.доллар болжээ
АНУ-аас Украинд ээлжит 800 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж нийт тусламжийн хэмжээ 10.6 тэрбум ам.доллар болов.
Украинд байлдаж буй оросын 200 орчим цэрэг хоолны хордлого болж Крымын хойгийн эмнэлэгт хүргэгдэв.
9
Дэлхийн хүнсний асуудал хурцадмал хэвээр байна
Украины экспортоор хямралыг намжааж байгаа ч олон бүс нутагт хэт халж байгаагийн улмаас хүнсний нөхцөл байдал хурцадмал хэвээр байгааг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам наймдугаар сарын урьдчилсан мэдээндээ тэмдэглэжээ. Ган гачгийн улмаас Европын Холбоо эрдэнэ шишийн ургацын зургааны нэг хэсгийг алдах аюултай байгаа бол дэлхий даяар бараг 40 сая тонн алдагдал хүлээж болзошгүй. Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн гурваас илүү хувь юм.
10
Оросын гран при дахин болохгүй
Украин руу ОХУ халдан довтолсны дараа тус улсад болдог “Формула-1”-ийн Оросын гран при тэмцээн болон хоёр талын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан билээ. Тус тэмцээнийг Сочи хотын “Sochi аutodrom”-д зохион байгуулдаг байсан агаад ирэх жилээс Санкт-Петербург хот руу шилжүүлэхээр төлөвлөж байжээ. Тэгвэл “Формула-1”-ийн гүйцэтгэх захирал С.Доменикали “Sports bild”-д өгсөн ярилцлагадаа “Хэзээ ч үгүй гэж хэзээ ч хэлж болохгүй гэдэгт би итгэсээр ирсэн. Гэхдээ энэ тэмцээний тухайд би дахин хэзээ ч оросуудтай хэлэлцээ хийхгүй гэж итгэлтэй амлаж байна" гэж ярьжээ.