Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.24

2022-08-24, 08:58
1,562

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Трамп АНУ-ын Хууль зүйн яамыг шүүхэд өгчээ, Конго улсад эбола вирус илрэв, Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт 12 жилийн хорих ял оноолоо зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.24

1 Олаф Шольц үг хэлэх үеэр цээж нүцгэн жагсагчид эсэргүүцэл илэрхийлэв

Германы канцлер Олаф Шольц Берлинд болсон Засгийн газрын  нээлттэй хаалганы өдөрлөгт үг хэлэхээр бэлтгэж байх үед цээж нүцгэн жагсагчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсагчид хамгаалалтын албаныхан орж ирэхээс өмнө арьсан дээрээ "Хийн хориг одоо!" гэж бичин, тайзан дээр дайрч гарч ирсэн байна. Тухайн үед Шольц Канцлерийн танхимд болсон Холбооны засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үг хэлэхээр зогсож байжээ.

Олаф Шольц үг хэлэх үеэр цээж нүцгэн жагсагчид эсэргүүцэл илэрхийлэв

2 Газрын тос олборлолтоо бууруулна гэж Саудын Араб анхааруулав

Газрын тосны гол үйлдвэрлэгч Саудын Араб улс үнийн уналтын эсрэг арга хэмжээ болгож олборлолтоо бууруулж магадгүй гэж анхааруулсан. Ингэснээр өнөөдрөөс газрын тосны үнэ өссөн байна. Тухайлбал, брент маркийн нефтийн фьючерс нэг хувиар өсөж 97.41 ам.долларт хүрэв. АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн фьючерс мөн нэг хувиар өсөж баррель нь 91.26 ам.доллар болжээ. Энэ сард жишиг үзүүлэлтүүд ойролцоогоор 12 ба найман хувиар тус тус буураад байсан.

Газрын тос олборлолтоо бууруулна гэж Саудын Араб анхааруулав

3 Хөх мөрөн доороос 600 жилийн настай буддын шашны хөшөө олдов

Хятадын Хөх мөрний усны түвшин буурснаар 600 жилийн настай буддын шашны гурван хөшөөтэй живсэн жижиг арлыг  илрүүлжээ.

Дэлхийн гурав дахь хамгийн урт гол болох Янцзыгийн зарим хэсэг нь хэт халалтын улмаас ширгэж байгаа. Иймд улс орон даяар ган гачгийн аюулаас сэрэмжлүүлж эхлэв. Буддын шашны гурван хөшөөг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын гадна урсах мөрний хэсгээс олсон байна. Ус ширгэж, жижиг арал үзэгдэх болсноор тус гурван хөшөөг олжээ.

Хөх мөрөн доороос 600 жилийн настай буддын шашны хөшөө олдов

4 Энэтхэгийн тариачид эсэргүүцлийн жагсаал хийв

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод даваа гарагт олон мянган тариаланчид Засгийн газрын биелээгүй амлалтуудыг эсэргүүцэн цугларав. Жагсагчид хаалтуудыг эвдэж, Ерөнхий сайд Нарендра Модигийн эсрэг уриа лоозон барьжээ.

Энэтхэгийн тариачид эсэргүүцлийн жагсаал хийв

5 Ган гачигт нэрвэгдсэний улмаас Шанхай харанхуйлж байна

Хятадын Шанхай хотын "The Bund" хэмээх гайхамшигт гэрлийг эрчим хүч хэмнэх үүднээс хоёр шөнийн турш асаахгүй гэж албаныхан мэдэгдлээ. Шанхай дахь түүхэн болон орчин үеийн барилгуудаараа алдартай далайн эргийн бүс нь жуулчдын очих дуртай газар юм. Хятадын Сычуань мужийн томоохон үйлдвэрлэгчид ч мөн адил цахилгааны хязгаарлалтад өртсөн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны ихэнх хэсэг нь түүхэнд байгаагүй хэт халалтын улмаас ган гачигтай нүүр тулаад байна.

Ган гачигт нэрвэгдсэний улмаас Шанхай харанхуйлж байна

6 Трамп АНУ-ын Хууль зүйн яамыг шүүхэд өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гэрт нь хийсэн  нэгжлэгийн үеэр олдсон файлуудын мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоохыг шүүгчээс хүссэн байна. Трампын хуулийн баг тус баримт бичгүүдэд хяналт тавих бие даасан хуульч томилохыг хүссэн.  Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр наймдугаар сарын 8-нд Трампын эдлэн газраас 11 багц нууц файлыг хураан авчээ. Трампыг бичиг баримттай буруу харьцсан байж болзошгүй хэргээр шалгаж байна.

Трамп АНУ-ын Хууль зүйн яамыг шүүхэд өгчээ

7 Конго улсад эбола вирус илрэв

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсгийн Бени хотод эбола вирусний халдварын шинэ тохиолдол батлагдсаныг тус улсын Био анагаахын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Бени хотод өвчний шинж тэмдэг илэрсэн 46 настай эмэгтэй нас барсны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэжигтэй тохиолдлыг шалгаж эхэлсэн.

Конго улсад эбола вирус илрэв

8 Унгар улс Европын Холбооны санхүүжилтийг зогсоохгүйн тулд авах арга хэмжээндээ "итгэлтэй" байна

Унгар улс Европын Холбооны санхүүжилтийг үргэлжлүүлэн авахын тулд цогц арга хэмжээ авахыг санал болголоо.

"Энэ хүрээнд 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг аравдугаар сарын эцэс гэхэд өргөн барина" гэж Унгар улсын Ерөнхий сайдын Тамгын газрын дарга Гергели Гуляс мэдэгдсэн байна.

Унгар улс Европын Холбооны санхүүжилтийг зогсоохгүйн тулд авах арга хэмжээндээ "итгэлтэй" байна

9 Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт 12 жилийн хорих ял оноолоо

“1MDB” сангийн авлигын хэрэгтэй холбоотой эцсийн давж заалдах шатны шүүхээс Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт 12 жилийн хорих ял оноолоо.

Өдгөө 69 настай Нажиб Разак хорих ял авсан Малайзын анхны Ерөнхий сайд болж байна. Ийнхүү тэрбээр 2023 онд болох Парламентын сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байгаа юм.

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт 12 жилийн хорих ял оноолоо

10 Япон улс хилээрээ нэвтрүүлэх жуулчдын тоог 2 дахин нэмэгдүүлнэ

Япон улс хилээрээ нэвтрүүлэх жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо. Ирэх сараас өдөрт хүлээн авах жуулчдын тоог 20 мянгаас 50 мянга болгож нэмэгдүүлэхээр болсон байна.

Түүнчлэн хилээр нэвтрэхэд COVID-19-ийн “Сөрөг” шинжилгээний хариутай байхыг шаардахаа больж магадгүй байгаа аж. Эхний ээлжид дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан зорчигчдод тавих шаардлагыг бууруулж эхлэхээр байна.

Япон улс хилээрээ нэвтрүүлэх жуулчдын тоог 2 дахин нэмэгдүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()